Б.ДОЛЖИНЖАВ
АНУ-ын Модерна компанийн туршиж буй COVID-19-ийн эсрэг вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлснийг өчигдөр орой зарлалаа. Энэ нь коронавирусын эсрэг хамгийн өндөр үр нөлөө үзүүлсэн АНУ-ын хоёр дахь вакцин юм. “Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм үр дүн гэдэг нь тодорхой. Вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай” гэж АНУ-ын халдварт өвчний хамгийн шилдэг эмч, доктор Энтони Фаучи ярьжээ. Харин “Энэ бол миний амьдрал, ажлын минь хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байлаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцин туршсан нь хамгийн өндөр нөлөө үзүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай” хэмээн Модерна компанийн ерөнхий эмч Тал Закс ярьжээ. Энэ вакцинд арванхоёрдугаар сарын дунд үеэс эрсдэлт бүлгийнхнийг, ирэх хавраас бүх хүн амыг хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Модерна компани туршилтдаа 15 мянган хүн хамруулснаас цөөнхөд нь толгой өвдөх шинж тэмдэг илэрснээс өөр гаж нөлөө үзүүлсэнгүй. Тиймээс тус компани энэ сарын сүүлээр вакцин үйлдвэрлэх зөвшөөрөл авах юм. Гэхдээ хүн бүрт хүрэлцэх хэмжээнд үйлдвэрлэхгүй. Эхний ээлжинд эрүүл мэндийн ажилтнууд, ахмад настан гэсэн хамгийн эрсдэлтэй бүлгийг хамруулах аж. Энэ талаар “Миний бодлоор дөрөвдүгээр сарын сүүлээр бүх хүн энэ вакцинд хамрагдана. Гэхдээ тав, зургаа, долдугаар сар хүртэл хойшилж магадгүй. Вакциныг үйлдвэрлэхэд хоёр сар шаарддаг” гэж Энтони Фаучи ярив.
Үүний өмнө өнгөрсөн долоо хоногт “Pfizer” компанийн туршиж буй вакцин 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлснийг зарласан билээ. “Pfizer” болон “Moderna” компанийн вакцин ижил үр дүн үзүүлсэн нь хүний дархлааны систем дээр үндэслэн ижилхэн технологи ашигласантай холбоотой аж. Ингэснээр вакцин тариулсан хүний биед вирус эсэргүүцэх эсрэг биет үүсдэг байна.
Эх сурвалж:CNN