Б.ДОЛЖИНЖАВ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 3-нд болж Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялснаар, Камала Харрис анхны эмэгтэй, өнгөт арьст дэд ерөнхийлөгч болсон билээ. Түүнийг Байдены ялалтад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэмээн ажиглагчдын үзэж байна. Харрисын ялалтынхаа дараа тавьсан илтгэл өнгөт арьстан төдийгүй дэлхийн мянга мянган охид, эмэгтэйчүүдэд манлайлах боломж байгааг мэдрүүлж, асар их урам зориг хайрласан юм. Мөн түүний өмссөн цагаан хослол, цагаан алчууртай цамц хэлсэн үгнээс нь ч илүү эв нэгдэл, сайн сайхныг илэрхийлсэн гүн утгатай байлаа. Учир нь цагаан өнгө бол дээр үеэс эхлэн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөний өнгө байсаар ирсэн билээ.Ийн түүний талаарх мэдээллийг хүргэж байна.
Өдгөө 56 настай Камала Харрис Ямайка аав, Энэтхэг ээж буюу цагаач гэр бүлийн охин юм. Тиймээс тэрээр өөрийн өссөн хотоосоо хамгийн дээд албан тушаалд очиж байгаа анхны эмэгтэй боллоо. Тэрээр хүүхэд байхаасаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг мэдэрч өссөн. Тиймээс АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нэмэгдэж, үймээн самуун дэгдсэн эгзэгтэй үед Камала Харрис анхны өнгөт арьст, эмэгтэй дэд ерөнхийлөгч болсон нь цаг үеэ олсон явдал юм. Жо Байдентай хамтран өнгөт арьстан хүмүүсийн эрхийг хамгаална гэсэн нь өнгөт арьстан болон эмэгтэйчүүдийн анхаарлыг татсан юм. Мөн Харрис цагаачийн хүүхэд ямар байдаг, тэр дундаа өнгөт арьстнуудын ялгаварлан гадуурхалтын талаар сайн мэднэ.
Ялалтынхаа дараа тавьсан илтгэлдээ тэрээр өөрийн ээж болон нэг үеийн эмэгтэйчүүдийнхээ талаар яриад “Энэ албан тушаалд томилогдож байгаа анхны эмэгтэй нь би боллоо. Гэхдээ сүүлийнх нь баймааргүй байна. Учир нь энэ илтгэлийг сонсч байгаа бяцхан охин бүрт ийм боломж байгаа. Өмнөд Азиас гаралтай Африк-Америк эмэгтэй мянга мянган өнгөт арьстан эмэгтэйчүүд, Ширли Чишолм болон өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх гайхалтай цаг мөчид ирлээ. Бид үүнийг их удаан хүлээсэн. Энэ мөч тийм амар хялбар ирсэнгүй” гэхэд үзэгчид бүгд алга ташин баяр хүргэсэн билээ. “Эхнийх нь боловч сүүлийн эмэгтэй дэд ерөнхийлөгч баймааргүй байна” гэсэн энэ үг охид, эмэгтэйчүүд улс төрд манлайлах боломж байгааг ойлгуулсан, тэдний сэтгэл зүрхэнд оч бадраасан гайхалтай үг байсан юм. Учир нь дөрвөн жилийн өмнө Хиллари Клинтон ялагдахад тус улс эмэгтэй удирдагчийг сонгоход бэлэн биш байгаа гэсэн үзлийг төрүүлсэн юм.
Камала Харрис улс төрийн нэр хүндийн хувьд яахын аргагүй бусад эмэгтэйчүүдээ манлайлж байгаа билээ. Сан Франциско хотын дүүргийн өмгөөлөгч байсан тэрээр Калифорниагийн анхны өнгөт арьст ерөнхий прокуророор сонгогдож байв. Үүний дараагаар 2016 онд танхимын түүхэн дэх АНУ-ын хоёр дахь өнгөт арьст эмэгтэй сенатч болсон юм. Мөн түүний илтгэлдээ дурдсан Ширли Чишолм 1968 онд Конгресст сонгогдсон анхны Африк гаралтай эмэгтэй болохдоо цагаан хувцастай байсан аж. Бас 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахдаа Хилари Клинтон цагаан хувцас өмсч байв.
Түүнчлэн Ховардын их сургуульд сурч гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн бэлгийн мөлжлөгийн хэрэгт прокуророор ажиллаж байв. АНУ-д улс төрийн дээд албан тушаалд ажиллаж байсан өнгөт арьстан эмэгтэй олон байгаагүй. Харрис 2008 онд конгресст сонгогдсон хамгийн залуу өнгөт арьстан эмэгтэй болж байлаа. Сонирхуулахад, түүний нөхөр Доуглас Эмхофф цагаан арьстан, Еврей гаралтай хүн юм. Түүний дагавар хоёр хүүхэд нь Харрисыг Момала хэмээн дууддаг аж.
Эх сурвалж:New York Times