Б.ДОЛЖИНЖАВ
Бүхэл бүтэн дэлхийг айлгаад буюу цар тахлыг зогсоох вакциныг гаргаж авахын төлөө дэлхийн олон орон өрсөлдөж байна. Тэгвэл Германы “BioNTech” болон АНУ-ын “Pfizer” компанийн үйлдвэрлэсэн вакцин 90 хувийн үр нөлөө үзүүлсэн гэсэн урьдчилсан дүнг даваа гаригт зарласан нь олны айдсыг багасгасан үйл явдал байв. Хамгийн сонирхолтой нь энэ вакциныг Турк гаралтай Германы эрдэмтэн хос Угур Сахин, Озлем Туречи нар бүтээжээ. 55 настай Сахин, 53 настай Туречи нар “BioNTech” компаниа 2008 онд Германы Майнц хотод байгуулсан. Өдгөө Сахин “BioNTech” компанийн гүйцэтгэх захирлаар, эхнэр нь компанийнхаа судалгаа хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэд амьдралынхаа ихэнх хугацааг халдварт өвчний салбарт зориулж яваа судлаачид юм.
Сахин Туркт төрсөн ч дөрвөн настай байхдаа Герман руу шилжсэн юм. Хосууд эрдмийн гараагаа эхэлж байхдаа Германд танилцжээ. Түүний эхнэр Туречи мөн Турк эмчийн охин юм. Хамтран ажиллагсад нь Сахиныг даруухан хэмээн тодорхойлдог аж. “Тэр ямар ч нээлт хийсэн даруухан зан нь өөрчлөгдөхгүй” гэж багийн гишүүн нь Ройтерст ярьжээ.
Вакцин хийлгэсэн хүнд дархлаа тогтоодог РНХ, mRNA гэсэн урьд өмнө ашиглаж байгаагүй технологийг тэд ашиглажээ. Энэ тухай Сахин “Вакцин COVID-19-өөс урьдчилан сэргийлдэг болохыг бид ойлгосон нь сайхан мэдээ гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ. Харин “Pfizer”-ийн гүйцэтгэх захирал Алберт Боула “Сүүлийн 100 жилд тохиогоогүй анагаах ухааны гайхалтай нээлт” гэж ярьсан байна. Тус компани АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгохыг хүсч, энэ хүсэлт ирэх долоо хоногийн эхээр гарч магадгүй гэв. Хэрэв хүсэлтийг нь зөвшөөрвөл ирэх он гарахад 1.3 тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж мэдэгдэв.
Үүнээс өмнө хосууд хорт хавдартай тэмцэх эсрэг биет боловсруулах зорилготой байгуулсан “Ganymed” компаниа 2016 онд 1.4 тэрбум ам.доллараар зарж байв. Түүнчлэн тэд Германы хамгийн баян 100 хүний жагсаалтад багтжээ. Тодруулбал тэдний компанийн зах зээлийн үнэ 4.6 тэрбум ам доллараас мягмар гаригт 25.7 тэрбум болж огцом өссөн байна.
Эх сурвалж:CNN