Х.ОЮУНБОЛД
АНУ болон ОХУ-ын төлөөлөгчид хэрэглээг нь стратегийн хувьд хязгаарлах гэрээг сунгах зорилгоор цөмийн зэвсгийн хяналтын тухай хэлэлцээрийг дахин эхлүүлэхээр Хельсинки хотод уулзсан байна. Вашингтоныг төлөөлж Маршалл Биллингслеа, Москвагийн зүгээс ОХУ-ын Гадаад яамны дэд сайд Сергей Рябаков нар уулзсан гэж Финлянд улсын ерөнхийлөгчийн захиргаанаас мэдээлжээ. Финлянд улс энхтайван болон аюулгүй байдлыг хөгжүүлэхийн тулд уулзалт хийх газрыг санал болгоход үргэлж бэлэн байсан гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна. Тиймээс хэлэлцээрт оролцсон талуудын хүссэнээр хэлэлцээр хийхэд тохиромжтой орчинг бүрдүүлсэн гэв. Мөн хоёр орны төлөөлөгчид Финляндын ерөнхийлөгч Саули Нинистотой уулзсаны дараа ч талууд одоогоор уулзалтаар ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна. Түүнээс гадна дахин хэлэлцээр хийх талаар ч тохиролцоонд хүрээгүй аж. Ерөнхийлөгч Саули Нинисто “Дэлхийн одоогийн нөхцөл байдалд бүх хэлэлцээр чухал. Тиймээс энэ хоёр орны хооронд хийж байгаа хэлэлцээр үргэлжилж байгааг сайшааж байна. Мөн цөмийн зэвсгийн хэрэглээг хянах гэрээнд цаашид ахиц гаргахыг хүсч байна гэв.
Эх сурвалж: www.polit.mn