Б.БАРС
Монголын их нутгаас баруун зүг нүүдэллэсэн хүннү нарын нэгэн хэсэг эхлээд Ижил мөрөнд хүрч очоод багагүй хүчтэй гүрэн улс төвхнүүлээд цааш амжилттай урагшилсаар Төв Европын Дунай мөрөнд ойр хавийн улс орныг номхруулан өөрийн захиргаанд оруулсан билээ. Тэрхүү их гүрэнд монгол, түрэг, перс, угор, герман, кельт, франк, слав, алан зэрэг олон үндэстэн нэгдсэн гэдэг.
Үүгээр зогсохгүй тухайн үеийн дэлхийн хамгийн хүчирхэг Ромын эзэнт гүрэнд хүртэл заналхийлж эхэлсэн түүхтэй. Өрнөд, дорнод гэж хоёр хуваагдаад байсан Ромын эзэнт гүрэнтэй хүннү нар амжилттай тулалдан байлдан дагуулж, аль алинаар алба бариулдаг болсон үе бол манай эриний тавдугаар зуун ажээ.
Олон зууны турш ялагдашгүй байсан, өөрсдийгөө дэлхийн шилдгүүд хэмээсэн Ромын цэргүүдийг бут цохиход гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол баруун хүннү нарын хаан Атилла билээ. Түүхийн зарим эх сурвалжид тэмдэглэснээр 406 онд төрсөн тэрээр одоо хэр нууц нь тайлагдаагүй учир битүүлэг байдалд 453 онд өөд болжээ.
Ромынхон түүнийг ”Тэнгэрийн ташуур” гэдэг байлаа. Түүний захиргаанд хатуу чанд сахилга баттай 70 мянган цэрэг учирсан бүх дайснаа ялан дийлсэн түүхтэй. Тэрээр анх 443 онд Дорнод Ромыг довтолжээ. Улмаар Өрнөд Ромыг ч дайлаар мордон алба гувчуур авдаг болсон юм.
Түүнийг цэргийн гарамгай жанжин төдийгүй алсын хараатай дипломатч байсан тухай Ромын түүхийн бичгүүдэд тэмдэглэсэн нь элбэг тохиолддог ажээ. Чухам түүний аян дайны дараа Ромын эзэнт гүрний сүр хүч дахин сэргэхгүйгээр доройотож, Европын ард түмнүүд тэдний эрхшээлээс гаран тус тусын тусгаар улсаа байгуулж эхэлсэн гэдэг. Атилла хааны Европ дахь бодлогын үрээр л “буурал” тивд христийн шашин манлайлсан дундад зууны түүх эхэлсэн гэж өрнөдийн түүхчид цохон тэмдэглэсэн нь бий.
Харамсалтай нь түүнийг өөд болсны дараа хөвгүүд нь хоорондоо хаан ширээ булаалдаж, хүннү нар омог хоорондын дайнд идэгдэн нөлөөгөө аажмаар алдан эзлэн түрэмгийлсэн нутгийн ард түмнүүдэд уусахад хүрчээ. Атилла хааныг их эрдэнэсийнх нь хамт нэгэн мөрний хөвөөнд оршуулсан гэдэг. Асар их баялаг бүхий их хааны булш одоо хэр олдоогүй билээ.