Б.ДОЛЖИНЖАВ
Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд АНУ-ын Зэвсэгт хүчин Японы Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний 75 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошима, 9-нд Нагасаки хот атомын бөмбөгөнд өртсөн. Энэ үеэр Хирошимагийн 350 мянган иргэнээс 140 мянга нь дэлбэрэлтэд өртөж, Нагасакид 74 мянган хүн нас барсан гашуун түүхтэй. Энэ бөмбөгдөлтийн улмаас Япон холбоотнуудад бууж өгч, 1945 оны наймдугаар сарын 14-нд Ази тивд дайн дууссан юм. Энэхүү аймшигт үйл явдлын гэрч болох дэлбэрэлтээс амьд үлдсэн хүмүүс хэрхэн аж төрж байгаа талаарх мэдээллийг “BBC” сайтаас орчуулан хүргэж байна.
Теруко Уено: Миний туулсан зовлон тамтай ижил
Энэ дэлбэрэлтээс амьд үлдсэн хүмүүсийг Япон улсад “хибакуша” хэмээн нэрлэдэг. Амьд үлдэгсэд цацрагийн хордлогонд орж, сэтгэл зүйн гүн хямрал зэрэг аймшигт үзэгдлүүдтэй нүүр тулсан юм. Их Британийн гэрэл зургийн сурвалжлагч Карен Ли Стөү энэ түүхэн үйл явдлыг гэрчлэх эмэгтэйчүүдийн тухай гайхширмаар түүхийг ярилаа. 75 жилийн өмнөх дэлбэрэлтийн үеэр тэрээр гурван эмэгтэйтэй хамт зургаа даруулж, ярилцлага авчээ. Энэ гурван эмэгтэйн эхнийх нь Теруко Уено. 1945 оны наймдугаар сарын 6-ны бөмбөгдөлтийн үед Теруко сувилагчийн сургуулийн хоёрдугаар курст суралцдаг, 15 настай охин байлаа. Тэрээр Хирошимагийн Улаан загалмайн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан юм. Дэлбэрэлтийн дараа эмнэлгийн дотуур байр шатаж сурагчдыг галаас зөөжээ. Теруко дүрэлзсэн галаас сурагчдыг аврахад тусалсан ч галд түүний ангийн олон оюутан өртөж нас барсан юм. Тэрээр юу ч идэхгүй балга ус уучихаад л дэлбэрэлтийн улмаас маш их гэмтсэн хохирогчдыг эмчилж байснаа одоо ч санадаг гэжээ. Сургуулиа төгссөнийхөө дараа Теруко эмнэлэгтээ арьс нөхөх мэс заслын эмчээр үргэлжлүүлэн ажиллажээ. Тэр өвчтөнүүдийн ташаа, гуяны арьснаас нь авч түлэгдсэн хэсэгт нь нөхөж байсан аж. Тэрээр “Би тамд очиж үзээгүй, ямар байдгийг нь ч мэдэхгүй. Гэхдээ там бидний амссан зовлонтой төстэй байх. Ийм зүйл ахин тохиолдохыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хүмүүс цөмийн зэвсгийг устгахыг маш хүчтэй дэмжиж байна. Миний бодлоор үүний эсрэг орон нутгийн удирдлагууд арга хэмжээ авах нь эхний үе шат юм. Дараа нь бид энэ үйлдэлдээ дэлхийн бүх удирдагчдыг уриална” гэж ярьжээ.
Теруко мөн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн Тацуяукитай гэрлэж, анхны хүүхдээ төрүүлэхдээ эрүүл байх болов уу, амьд үлдэх болов уу хэмээн санаа зовниж байв. Гэвч түүний охин Томоко эсэн мэнд төрсөн нь Терукод маш их урам зориг өгчээ. “Хүмүүс 75 жилийн турш энд өвс ногоо, мод ургахгүй гэж хэлсэн. Гэхдээ Хирошима үзэсгэлэнт ногоон тал, голоор хүрээлэгдсэн хот болсон. Ирээдүй бидний гарт байна. Бид өөрсдийн төсөөлөл дэх амар амгалан ертөнцийг бүтээхийн төлөө чадах бүхнээ хийх ёстой” гэж Терукогийн охин Томоко ярьжээ. Харин Терукогийн зээ охин Кунико “Бөмбөгдөлтийн үеийн хотыг төсөөлж чадахгүй байна. Учир нь би зөвхөн дахин бүтээн байгуулалт хийгдсэн Хирошимаг л мэднэ. Гэхдээ бөмбөгдөлтийн улмаас хотын бүх зүйл хүмүүс, шувуу, өвс ногоо хүртэл шатсаныг “хибакуша” болох эмээгээсээ нотлох баримттайгаар сонссон. Дэлбэрэлтийн улмаас нас барсан хүмүүсийн гэр бүл найз нөхөд нь бөмбөгдөлтийн дараа дотны хүмүүсээ олохоор хот руу ирсэн. Тэд болсон үйл явдлыг хараад маш их зовж шаналсан гэсэн. Гэхдээ энэ дэлбэрэлтээс амьд үлдсэн хүмүүс болох “хибакуша” нар цацрагт бодисын хор нөлөөнөөс одоо ч зовж шаналсаар байна ” гэсэн юм.
Эмики Окада: Одоо хүртэл нар жаргаж байгаа нь хот шатаж буй юм шиг санагддаг
Хирошимад дэлбэрэлт болох үед Эмико найман настай байлаа. Түүний эгч Миекогоос гадна дөрвөн хамаатан нь бөмбөгдөлтөд өртөж нас барсан юм. “Эгч маань тэр өглөө гэрээсээ гарч явахдаа удахгүй уулзъя гэж хэлсэн боловч буцаж ирээгүй. Тэр дөнгөж 12 настай амьдрах хүслээр дүүрэн охин байсан юм. Түүнд юу тохиолдсоныг хэн ч мэдээгүй. Цогцос нь олдоогүй тул хаа нэгтээ амьд байх ёстой гээд эцэг эх маань цөхрөнгөө бартал хайсан. Ээж маань тэр үед жирэмсэн байсан ч зулбачихсан. Цацраг туяа биед хор нөлөөтэйг бид мэдээгүй. Ер нь мэддэг хүн нэг ч байгаагүй. Дэлбэрэлтийн дараагаас үс маань унаж, буйлнаас минь цус гарч эхэлсэн. Би үнэхээр их туйлдсан учраас үргэлж хэвтэж амарч байлаа. 12 жилийн дараа цус багадалттай гэж оношлогдсон. Дэлбэрэлтийн дараагаас нар гүн улаанаар жаргаж, хүмүүсийн царай ч мөн тийм улаан болсон байв. Гурван өдөр, гурван шөнийн турш хот шатсан. Одоо ч би нар жаргахыг үзэн яддаг. Яг л хот шатаж байгаа мэт санагдаад байдаг юм. Тэр үед хоол олж идэх хамгийн том асуудал байлаа. Хүмүүс нэг нэгнийхээ хүнсийг хулгайлж байсан. Ус үнэхээр сайхан амттайг мэдэрсэн” хэмээн Эмики дурсжээ. Мөн тэрээр “Олон хүн дэлхийн энх тайвны тухай ярьдаг ч үйлдэл хийдэггүй. Хүн бүр хичээвэл амар амгалан дэлхийг бүтээж чадна. Би миний үр, ач зээ нар тайван дэлхийд өдөр бүр инээмсэглэж амьдраасай гэж хүсдэг ” гэсэн юм.
Рейко Хада: Конпира уул миний амийг аварсан
Нагасаки хотыг 1945 оны наймдугаар сарын 9-нд бөмбөгдөхөд Рейко Хада есөн настай байв. Өглөө нь анхааруулах дохио өгсөн тул Рейко гэртээ үлдсэн юм. Дохиоллын дараа тэр ойролцоох сүм рүүгээ очиход хөршийнх нь хүүхдүүд сургуульдаа явахын оронд тэнд хичээллэж байв. Сүмд 40 минут хичээллэсний дараа багш нар сурагчдаа тараасан тул тэр гэр лүүгээ буцжээ. “Дотор юу болж байгааг мэдэлгүй би шууд гэр лүүгээ орчихсон. Гэтэл гэнэт миний нүдний өмнө гал дүрэлзэж эхэлсэн. Шар, улбар шар, ногоон өнгө холилдон нүд эрээлжилж байсан. Юу болж байгааг гайхсаар байтал бүх зүйл болоод өнгөрсөн. Ганцаар үлдсэн мэт мэдрэмж төрсөн. Дараах нь маш чанга нүргэлсэн дуу сонсогдож бүх зүйл харанхуйлсан. Гэнэт би гэр дотроо ээжийгээ хайсан ч олоогүй. Конпира уул миний амийг аварсан. Олон хүн уул руу зугтаж амьд гарсан. Хүмүүсийн нүд нь бүлтийчихсэн, үс нь арзайчихсан, арьс нь түлэгдчихсэн бараг л нүцгэн шахуу явж байсан. Зугтсан хүмүүс хувийн коллежийн танхимд хоргодсон юм. Тэд ус гуйсан. Би ойролцоох гол руу гүйж хагархай аяга, шанагаар ус авчирсан. Гэвч ус балгачихаад тэд нэг нэгээрээ үхчихсэн. Зун учраас хүүрнийх нь аймшигт үнэр хамар сэтлэх шахаж байсан тул чандарласан.
Коллежийн усан санд бөөнөөрөө овооролдчихсон цогцоснуудыг модны хэлтэрхий дээр оршуулсан. Нас барсан хүн хэн гэдгийг нь мэдэхэд маш хэцүү байсан” хэмээн дурссан байна. Тэрээр “Бид өөр улсад амьдарч, өөр хэлээр ярьдаг ч амар тайван амьдрах цор ганцхан хүсэлтэй. Тиймээс ирээдүйд ийм зүйл дахин болохгүй гэж би итгэдэг. Бид цөмийн зэвсэг хэрэглэхийг хэзээ ч зөвшөөрч болохгүй” гэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.6 ПҮРЭВ № 150 (6375)