С.САРУУЛ
Япон улсын нийслэл Токио хотод нэг өдөрт илэрдэг коронавирусын халдварын шинэ тохиолдлын тоо дээд хэмжээндээ хүрсэнтэй холбогдуулан хатуу арга хэмжээг авахаар болжээ. Лхагва гарагт Токио хотод халдварын 367 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ. Тиймээс ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн наймдугаар сарыг дуустал согтууруулах ундаагаар үйлчилдэг бүх байгууллагуудын хаах цагийг 22:00 цаг болгох уриалга гаргаж байгаагаа танилцуулжээ.
Токио хотын бүх баар, ресторан, караоке клубүүд хотын захирагчийн уриалгыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх юм байна. Эрт хаагаагүй үйлчилгээний байгууллагуудад ямар нэг шийтгэл оноохгүй хэмээн AFP мэдээлэв.
Нийтдээ Токио хотод 12000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Япон улсын хэмжээнд халдварын 32500 орчим тохиолдол бүртгэгдэж, 1000 гаруй хүн нас барсан нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад гайгүй үзүүлэлтэд тооцогдож байгаа.
Эх сурвалж: www.polit.mn