Б.ДОЛЖИНЖАВ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайн коронавирусын халдвар авсныг албаны хүн мэдэгджээ. Гэхдээ О’Брайн энэ сарын 10-ны Маяами дахь айлчлалаас хойш сүүлд Трамптай хэзээ уулзсан нь тодорхойгүй байна. Цагаан ордны нэрээ нууцалсан хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр О’Брайнд шинж тэмдэг илэрч, өөрийгөө тусгаарласан гэжээ. Трампын топ туслахын нэг О’Брайн саяхан Их Британи, Франц, Герман, Итали гэсэн Европын орнуудын төлөөлөгчтэй уулзаад ирсэн юм. “О’Брайн аяллаас буцаж ирээд халдвар авах эрсдэл өндөр учраас амралтаа авааад гэр бүлийнхэнтэйгээ явсан. Өнгөрсөн долоо хоногоос хойш гэрээсээ ажиллаж байгаа” гэж засаг захиргааны удирдах албан тушаалтан CNN-д ярьжээ. Гэхдээ түүнийг пүрэв гаригт Цагаан ордонд ирсэн ч энэ үеэрээ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчтэй уулзаагүй гэж ордны төлөөлөгч үзэж байна. Цагаан ордны эдийн засгийн ахлах зөвлөх Ларри Кудлов “О’Брайны нэг охин халдвар авсан байсан учраас тэр халдвар авсан гэдэгт итгэж байна” гэжээ. Брайныг Европоор аялах үед нууц албаны ажилтнууд, хэвлэл мэдээллийн олон сурвалжлагч дагаж явсан. Аяллын үеэр тэр маск зүүгээгүй байсан юм. Брайн бол Трампын дөрөв дэх үндэсний аюулгүй байдлын зөвлөх. Жонн Болтоныг ажлаас нь халсны дараа өнгөрсөн оны есдүгээр сард хуульч Брайныг энэ албан тушаалд шилжүүлсэн.
Эх сурвалж: CNN