Б.ТУУЛ
Дэлхийн аялал жуулчлалын салбарын үзүүлэлт жил бүр өсөн нэмэгдсээр, сүүлийн 50 жил 30 дахин өссөн гэсэн таатай мэдээлэл дуулгаад байсан бол 2020 онд “COVID-19” халдварт цар тахлын тархалтын нөлөөгөөр огцом уналтад ороод буй юм. Цар тахлын дэгдэлтээс үүдэн бизнесийн салбарт хийсэн судалгаа мэдээллээс харахад аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол, худалдаа үйлчилгээний салбар хамгийн их хохирол амсаад байна. Манай улсын хувьд ч жуулчдын тоо цөөрч, аялал жуулчлалын салбарын орлого энэ оны эхний улиралд эрс хумигдаж байгааг статистикийн үзүүлэлтүүд харуулж байна. Он гарсаар Монголд аялах зорилгоор 36 мянга гаруй зорчигч хилээр нэвтэрсэн бөгөөд гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 51.6 хувиар буурчээ. Мөн манай оронд энэ онд ирэх захиалгат аяллын ихэнх нь цуцлагдсан гэдгийг аялал жуулчлалын компаниуд хэлж байна. Цаашид ч хөл хорионоос үүдэн энэ байдал багагүй хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Аялал жуулчлалын салбар илүү хүнд нөхцөлд орж болзошгүй байна гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байгаа. Тиймээс дэлхийн аялал жуулчлалын салбарт халдварт цар тахлыг сөрсөн ямар ажлууд хийж, ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байгааг сонирхсон юм.
Дэлхийн олон орны аялал жуулчлалын салбар жуулчид хамгийн ихээр ирдэг оргил үеэ зуны улирал гэж тодорхойлсон байдаг. Тиймээс зарим улс орон амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих эрүүл ахуйн дүрмээ сайн баримталбал жуулчид хүлээж авахаа мэдэгдээд байна. Харин халдварт өвчин голомтлон гарч буй зарим улс орон он дуустал жуулчин хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, болгоомжилсон хэвээр байна. Үүнээс зарим мэдээллийг онцлон хүргэе.
2021 оны аялахыг хүссэн газруудыг нэрлэжээ
Хэдийгээр шинэ коронавирусын халдвар дэлхийн 260 гаруй орныг айлгаж байгаа ч зарим хүн үүнийг байгалийн шалгарал хэмээн хүлээн авч аялж зугаалах, амрах газраа цахим ертөнцөөс хайсаар байна. Сошиал ертөнцөд идэвхтэй суугаа хүмүүсийн судалгаа, хайлтын үзүүлэлтээс харахад ирэх онд хүмүүсийн хамгийн ихээр аялах орноор Арабын нэгдсэн Эмират улсыг нэрлэжээ. “Lonely Planet” сэтгүүлд мэдээлснээр Швейцарийн томоохон аялал жуулчлалын компани интернэтийн хайлтын сүлжээг ашиглан 2021 онд жуулчдын аялахыг хамгийн хүсэж буй газруудыг нэрлэсэн байна. Ингэхдээ нийт 131 орны хэрэглэгчдийн хайлтад дүн шинжилгээ хийжээ. Тухайлбал, америкчууд болон канадууд Японд очих сонирхолтой байна. Харин оросууд Мексикт аялахыг хүсчээ. Европчууд Мальдив руу аялахаар хүлээж байгаа бол өмнөд америкчуудын аялах дуртай газар нь Перу аж. Австраличуудын сонирхлыг Фижи татжээ. Япончууд Филиппинд амрахыг хүсдэг бол монголчууд Норвеги улсыг хамгийн ихээр сонирхжээ. Хамгийн сонирхолтой аяллын чиглэлд Катар, Канад, АНУ, Египет зэрэг багтсан байна. Харин энд нэг зүйлийг анхааруулахад ОХУ нь 2020 оны долдугаар сарын 20-ноос агаарын хилээ нээх гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж байгаа боловч эцсийн шийдвэр гараагүй. Иймд иргэдийг албан ёсны шийдвэр гартал тус улсын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцах аялал төлөвлөхгүй байхыг Гадаад харилцааны яам, Консулын газраас анхааруулж байна
Япон улс дотоодын аялал жуулчлалаа дэмжинэ
“COVID-19” цар тахал, эдийн засгийн хямрал аялал жуулчлалын салбарынхныг ажилгүй, орлогогүй болгож мэдэхээр байгаа учраас эрүүл ахуйн дүрмийг сайн мөрдсөн жуулчдад үүдээ нээж болно гэдгийг зарим орны удирдагчид хэлэлцээд байна. Тухайлбал, жуулчдын очих дуртай газруудын нэг Арабын нэгдсэн Эмират улсын Засгийн газраас долдугаар сарын 7-ноос эхлэн гадаадын жуулчид Дубайд зочилж болно гэдгээ мэдэгдээд байна. Харин ирэхдээ анхаарах зүйлс нь, жуулчид коронавирусын шинжилгээ өгснөө батлах баримттай байх эсвэл нисэх буудалд “COVID-19”-ийн халдварыг оношлуулахад бэлэн байх ёстой гэжээ. Дубайд өнгөрсөн сарын эхээр кино театр, спорт заал, худалдааны төвүүдийг нээсэн ч амны хаалт, зай барих дэглэм мөрдөж байгаа аж.
Азийн орнуудаас онцолж дуулгах өөр мэдээлэл нь Японд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Засгийн газраас боловсруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. "Go to travel" нэртэй энэ хөтөлбөрт аялал жуулчлалтай холбоотой зардлуудад хөнгөлөлт зарлаж, жуулчид ихээр очдог дурсгалт газрууд, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд ашиглах тусгай купоныг олгохоор тусгажээ. Мөн цар тахлын уршгаар ихээхэн хохирол амссан зочид буудлууд, аяллын компаниудад нөхөн төлбөр олгох юм байна. Гэхдээ энэ хөтөлбөрт коронавирусын халдвар их тархсан Токио хотын оршин суугчид одоогоор хамрагдах боломжгүй юм байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.24 БААСАН № 141 (6366)