-ОХУ-д олныг хамарсан хуулиуд бүс нутагт хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв. Ярославль хотын оршин суугчид байрныхаа өмнөх талбайн асфальтын засварт төлбөр төлнө. Магаданд өсвөр насны хүүхдэд асаагуур худалдахгүй. Харин Тверьт 18 нас хүртэлх ахлах насны хүүхдэд нөхөн олговор олгоно-
Д.ЭНХЭЭ
Асфальтын төлбөр төлнө
Ярославль хотод олон айл бүхий байрны өмнөх талбайн асфальтан хучилтын засварыг мэргэжлийн компани оршин суугчдын мөнгөөр хийнэ. Энэ тухай долдугаар сараас эхлэн орон сууцны талбайн төлбөрийн хэмжээ тогтоох тухай Ярославль хотын захирагчийн албаны тогтоолын тодорхой заалтад тусгажээ. Гэхдээ асфальтын засварын мөнгийг оршин суугчид тогтмол төлөхгүй болохыг захирагчийн албанаас хэвлэлд тайлбарлажээ.
Шаардлага гарвал зөвхөн ажлын гүйцэтгэлээр төлбөр төлнө. Захирагчийн албаны өөр нэгэн тогтоолоор батлан мөрдөж байгаа засварын ажлын үнэлгээгээр нэг хавтгай дөрвөлжин метр талбайн асфальтын үнэ 600 гаруй рубль байх ажээ.
Хүүхдэд хийг “хориглов”
Магадан мужид шингэрүүлсэн нүүрс устөрөгчтэй хувийн болон ахуйн хэрэглээний барааг хүүхдэд худалдаалахыг хоригложээ. Энэ бол хийн асаагуур, асаагуурын болон плитканы цэнэглэгч баллонууд юм. Энэ хуулийг Магадан мужийн прокурорын санаачилгаар баталжээ. Колымд шингэрүүлсэн хий хэрэглэснээс 2018 онд өсвөр насны нэг, 2019 онд хоёр, энэ онд нэг хүүхэд амь насаа алдсаныг хяналт шалгалтын байгууллага мэдээлжээ. "Нүүрс устөрөгчийн хийг чөлөөтэй худалдаалдаг. Эцэг эх, төрөл төрөгсөд, ойр дотных нь хүмүүс үр хүүхдээ шингэрүүлсэн хийг үнэрлэдгийг мэддэггүйгээс тэд мансуурагчид болцгоосон” хэмээн Магадан мужийн насанд хүрээгүй хүмүүсийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих прокурорын туслах Елена Груздева тэмдэглэв.
Ийм бараа бүтээгдэхүүнийг хүүхдэд чөлөөтэй худалдаалах ёсгүй. Мансууруулах хор уршгийн талаар ярьдаггүй юм гэхэд хий бол угаасаа хүүхдэд аюултай. Борлуулалтыг хязгаарлаж байгаа нь сниффинг дэлгэрэхээс сэргийлж байгаа арга хэмжээний нэг юм. Энэ бүхэн ядахдаа ганц ч болов хүүхдийн амь насыг аварч чадвал хууль гаргасан нь буруутаагүй гэж үзэх үндэстэй гэдэгт Магадан мужийн думын даргын нэгдүгээр орлогч Андрей Зыков итгэлтэй байна. Шингэрүүлсэн нүүрс устөрөгчийн хийг насанд хүрээгүй хүүхдэд худалдан борлуулсан иргэнийг 3-5 мянган рубль, албан тушаалтныг 10-20 мянга, хуулийн этгээдийг 30-50 мянга хүртэл рублиэр торгож захиргааны шийтгэл ногдуулна. Насанд хүрээгүй хүүхдийг нүүрс устөрөгчийн хий хэрэглэхэд уруу татан оролцуулбал 3-5 мянган рублийн торгуультай.
Ахлах насныханд мөнгө, нялхсад живх
Тверь мужид 16-18 насны хүүхдэд нэг удаагийн нөхөн олговор олгох бүс нутгийн дэмжлэгийн шинэ арга хэмжээ энэ сараас хэрэгжиж эхлэв. “COVID-19”-ийн цар тахлын нөхцөлд олон хүүхэдтэй гэр бүлд дэмжлэг үзүүлэх энэ арга хэмжээ мужийн амбан захирагч Игорь Руденигийн санаачилгаар хэрэгжиж эхэлжээ. Нөхөн олговрыг 2002 оны нэгдүгээр сарын 1-нээс 2004 оны тавдугаар сарын 10-ны хооронд төрсөн хүүхэд, залууст олгоно. Ингэхдээ нөхөн олговор авах хүүхэд ОХУ-ын иргэншилтэй, Тверь мужийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, таваас доошгүй жил оршин суусан байх ёстой. Нэг эсвэл хоёр хүүхэд өсгөн хүмүүжүүлж байгаа гэр бүлийн (асран хамгаалагч гэр бүл) хүүхэд нэг бүр мөн 18 нас хүрсэн иргэнд 3000 рублийн нөхөн олговор олгоно. Олон хүүхэдтэй гэр бүлийн хүүхэд нэг бүр мөн 18 нас хүрсэн иргэнд тус бүр 5000 рубль олгоно.
Кострома мужид мөн шинэ хөнгөлөлт тогтоов. Энэ нь шинээр хүүхэд төрсөн гэр бүлд хамаарна. Шинэ төрсөн хүүхдэд зориулсан инжийг эцэг эхэд нь олгоно. "Бэлгийн багцад хүүхдийн зориулалттай эд зүйл орно. Хоёр болон түүнээс дээш тооны хүүхдэд хүүхэд нэг бүрт багц олгоно” хэмээн мужийн захиргааныхан тайлбарлав. Шинэ төрсөн хүүхдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ орон нутгийн бүртгэлийн хэлтсээс эцэг эх нь уг бэлгийг гардаж авна. Хөнгөлөлт үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Бэлгийг наймдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ. Бэлтгэл ажилд нэг сарын хугацаа зарцуулна. Энэ зорилгоор 2020-2021 оны бүсийн төсвөөс ойролцоогоор 25 сая рубль олгох ажээ.
Эмч нар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх хөнгөлөлт
Приморийн эмч нарт олгох орон сууцны түрээсийн нөхөн олговрыг нэмэгдүүлжээ. “Владивосток хотын тойрогт ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн, эмнэлгийн дунд тушаалын ажилтанд олгох орон сууцны түрээсийн нөхөн олговорт зарцуулах хэмжээг сарын 30 мянган рубль болгож нэмэгдүүлсэн. Хуулийн хугацааг ухраан хэрэглэх хүчин чадалтай, энэ арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн Приморийн хязгаарын хууль тогтоох хурлын Нийгмийн бодлого, иргэдийн эрхийг хамгаалах хорооны дарга Татьяна Косьяненко мэдээлжээ. Эмч нар Приморийн хязгаарт ийм хөнгөлөлтийг 2019 оноос эдэлж байгаа. Хэрэв албаны эсвэл тусгай орон байр олгоогүй бол эмнэлгийн ажилтны орон сууцны түрээсийн төлбөрт сар бүр 20 мянган рублийн нөхөн олговор олгож байхаар хуульд тусгасан байжээ. Владивостокийн хувьд энэ хэмжээ хангалтгүй болох нь тогтоогдсон. Энэ арга хэмжээг 2024 он хүртэл дагаж мөрдөхөөр төлөвлөжээ.
Астрахань мужид хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэлэг, хөнгөлөлтийн бүртгэл хийлгэхдээ өвчлөлийн тухай тодорхойлолтыг байгууллагад гаргаж өгөх шаардлагагүй болсон тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв. Холбооны нэгдсэн цэс бүртгэлд энэ тухай мэдээлэл байдаг учраас эдгээр мэдээллийг тухайн албаныхан өөрсдөө цуглуулах юм байна. Мөн газар үнэгүй эзэмших эрх олж авах дараалалд орохын тулд тодорхойлолт гаргах шаардлагагүй болжээ. “Нийгмийн дэмжлэгийн энэ арга хэмжээ I, II бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өсгөн хүмүүжүүлж байгаа фермерийн аж ахуйн гишүүдэд хамаарна” гэж мужийн думаас “Российская газета”-д мэдээлсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.24 БААСАН № 141 (6366)