Ж.МИШЭЭЛ
“Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын санаачлагаар ЮНЕСКО-той хамтран бүтээсэн “Зууны 100 эмэгтэй” нэгдүгээр боть ном “Аз хур” номын дэлгүүрт /6.19-нд/ нээлтээ хийлээ. Бид XIII зуун, дундад зууны үеийн хатдын түүхийг мэддэг ч 100 жилийн өмнө шинэ Монгол Улсыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эмэгтэйчүүдээ мэддэггүй. Тэгвэл 1921-2021 он хүртэл Монголын нийгмийн хөгжилд салбар салбарын эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг олонд таниулах зорилгоор “Зууны 100 эмэгтэй” төслийг санаачилснаар энэ ном бүтжээ. Нээлтийн үйл ажиллагаанд номыг бүтээхэд оролцсон хүмүүс болон номын баатар болох БНМАУ-ын алдарт нэхмэлчин, Хөдөлмөрийн баатар Б.Гүнжилхам, уран нугараач, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу нар хүрэлцэн ирсэн байлаа. Тэд XXI зууны залуустаа XX зууны манлайлагчдын түүхийг хүргэх энэ номын хуудаснаа өөрийн түүхийг үлдээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Төслийг дэмжигч, Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Зууны 100 эмэгтэй” нэгдүгээр боть номонд орсон 50 эмэгтэйг тодруулахдаа 100 woman.mn цахим хуудсыг нээж, салбар бүрийн тэргүүлэх 700 эмэгтэйн нэрийг олон нийтийн зүгээс дэвшүүлэн, санал асуулга авсан гэлээ. Энэ эмэгтэйчүүдийн намтар, мэдээллийг архиваас болон үр ач нараас нь авчээ. “Зууны 100 эмэгтэй” номонд орсон Эрүүлийг хамгаалахын сайд асан Д.Түмэндэлгэрийн дунд охин Ж.Сувдаа “Анх энэ төслийг баяртайгаар хүлээн авч ээжийнхээ материалыг өгсөн. Мэдээлэл цуглуулах явцдаа XX зууны эмэгтэйчүүд нийгмийн сайн сайхны төлөө их завгүй ажилладаг байсныг ухаарч өнөөгийн бидний хөдөлмөр тэдний дэргэд зүйрлэгдэхгүйг ойлгож авсан. Тиймээс залуу үеийнхэн энэ номыг уншиж, XX зууны дайчин эмэгтэйчүүдээс үлгэр дуурайл аваасай гэж хүсч байна” гэж ярилаа.
“Зууны 100 эмэгтэй” номын зөвлөх “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө “Их аяны эхлэл” хэмээн онцоллоо. Учир нь манай улс википедиа дахь монгол эмэгтэйчүүдийн намтрыг нэмэгдүүлэх, тэднийг алдаршуулах зорилгоор энэ номонд орсон 20 эмэгтэйн мэдээллийг википедиад байршуулаад байгаа юм. Харин төслийн удирдагч Жаргалмаа “Зууны 100 эмэгтэй” номын баатруудын талаар баримтат цуврал нэвтрүүлэг хийж байна. Одоогоор 10-аад нэвтрүүлэг бэлтгэгдэж олон нийтийн сүлжээгээр цацагдсан гэв. “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын тэргүүн Д.Энхжаргал “XXI зууны эмэгтэйчүүд маань илүүг бүтээнэ гэдэгт итгэж байна” хэмээгээд дараагийн боть номыг гаргахаар ажиллаж байгаагаа дурдлаа. Төгсгөлд нь номын нээлтийн үйл ажиллагаанд ирсэн бүх хүнд номын дээжээс бэлэглэсэн юм.
Эх сурвалж www.polit.mn