Цайны замаар аялах нь

2020-06-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

О.ЭНХЖИН

 

Монголын түүхэн газраар аялах аялалд Цайны замыг дурьдахгүй өнгөрөөх аргагүй. Хөх мөрнөөс Бельги хүртэлх нийт 12500 километр тус замын 1100 гаруй километр нь манай улсын нутагт 20 өртөө газраар дамжиж өнгөрдөг бөгөөд Монгол Улсын хөгжил, түүхэнд чухал ач холбогдолтой гэдгээрээ түүхэн аяллын хүндтэй хэсэгт зүй ёсоор багтдаг байна. 1689 онд Орос болон Хятад улс хоорондоо хилээ тогтоож, харилцан худалдаа арилжаа хийх “Нэрчүүгийн гэрээ” байгуулан, хожмоо нэмж засварласнаар оросууд Хиагт, хятадууд хилийн нөгөө талд Маймаачин гэх худалдааны боомт байгуулж, тус боомтуудаар хоорондоо 300 орчим жил худалдаа хийсэн юм. Хятадын талаас зөөдөг гол бараа нь цай байснаас худалдааны тус замыг “Цайны зам” гэж нэрлэх болжээ. Хоёр улсын хооронд бараа тээж буй жинчид Богд уулын ар, хатан Туулын эрэгт заавал буудалладаг байсан бөгөөд тус хэсэгт Нийслэл хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хот өргөжин хөгжихөд чамгүй нөлөө үзүүлсэн юм. Цайны зам дээр байрлаж буй тул Манжийн амбан, Оросын консулын газар Нийслэл хүрээнд байгуулагдсан нь олон улсад зөвшөөрөгдсөн хот суурин газар гэдгийг нотлож өгсөн . Харин одоо Орос, Монгол, Хятад гурван улс цайны зам гэх сэдвээр эрдэмтдийн уулзалт зөвөлгөөн хийдэг болж, энэ худалдааны зам нь аялал жуулчлалын салбарын чухал хэсэг болоод байгаа юм.

Цайны замын гол үндсэн шугам нь Хятадын Ү-И Шань уулын цайны тариалан хөгжсөн нутгаас гарч, олон хот, суурин тосгодыг дайран Хөх хот орчмын нутаг, Эрээн нуур Сайр Ус, Их Хүрээ, Хиагтаар дамжин Сибирийн уудам нутгаар гарч Оросын нутгаар дамжуулан Их Британийн арал хүртэл үргэлжилдэг. Харин манай орныг дайран өнгөрдөг Улаанбаатараас урагшаа ес, хойшоо 11 өртөөнд очиж, үзэж судлах аялал жуулчлалын компаниудын хэд хэдэн маршрут байдаг юм байна. Жишээ болгож “Улаанбаатар трэйвэл экспо” аялал жуулчлалын үзэсгэлэнд танилцуулсан “Монголиа Күэст” компанийн 10 өдрийн маршрутыг сонирхуулья.

Эхний өдөр: Улаанбаатар хотоос Хамарын хийд /520 км явна/.

Хоёр дахь өдөр: Хамарын хийдээс Хуучин Замын-Үүд өртөө. Дорноговь аймгийн Эрдэнэ суманд орших шинэ Замын Үүд хот, Эрдэнэ сумын нутгаар яван Үүдийн ус өртөөг үзнэ.

Гурав дахь өдөр: Хуучин Замын-Үүд өртөөнөөс Чойрын Богд уул. Алтан ширээ сумын нутаг дахь Сэнж өртөөг үзээд цааш үргэлжилж Айраг сумын нутагт байх Үйзэн Өртөөнд хононо. Ингэхдээ зүүн Чойрын хийдийн туурь, Чойрын богд уул, Хүүхдийн овоо, Цагаан дарь эх, Давгасүндэл бурханг үзнэ.

Дөрөв дэх өдөр: Чойрын Богд уулнаас Хангай өртөө. Өглөө Ивцэг өртөөгөөр дайрч Төв аймаг Говьсүмбэр аймгийн заагт байх Шилийн худаг өртөөг үзнэ. Замдаа Өгөөмөрийн хүн чулуу, түүхэн дурсгалт газраар дайрч Хангай өртөөнд очиж хононо.

Тав дахь өдөр: Хангай өртөөнөөс Улаанбаатар хот. Зуунмод хотоор дайраад Сонсголон орно. Энэ өртөөнөөс цааш Богд уулын баруун талаар Бурхантын давааг давж Туул голын сонсголонт талбайд буудаллана. Замдаа Төв аймгийн музей, Манзуширын хийд, Зуун мод хоттой танилцаад Улаанбаатар хот орно.

Зургаа дахь өдөр: Улаанбаатар хотоос Зүүн Хараа хот. Шижирийн даваагаар давж Хүйн голын өртөө, Бургалтай өртөө, Хунцалын өртөө дайраад Хуримтын өртөөгөөр орж Ноён уулыг үзнэ. Төв аймгийн Ноён ууланд байх Хүннүгийн үеийн булш нь ХХ зууны археологийн томоохон нээлтэд тооцогддог. Дараагийн өртөө бол  Хараагийн өртөө буюу Зүүн хараа хот юм.

Долоо дахь өдөр: Зүүн Хараа хотоос Дэрст булан. Хүрээ Хиагтын зургаа дахь өртөө байсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Шанд Дов өртөөнөөс гараад Дархан Уул аймаг дахь Өрмөгтэй өртөөтэй танилцан Зулзагын голоор дайраад Дархан Сэлэнгэ аймгийн заагт байрлах Дэрст булангийн өртөөнд очиж хоноглоно. Энэхүү өртөөний суурин дээр өнөөгийн Дархан хотын төв суурьшсан байна.

Найм дахь өдөр: Дэрст булангаас Алтанбулаг. Монгол Оросын хил рүү явах бөгөөд Дэрст булангаас Ерөөгийн өртөө, Ивцэг өртөө, Гялаан нуурын өртөөгөөр дайраад Алтанбулаг орно. Аяллын гол үзэх газрууд бол Дааган дэлийн хөшөө, Хилийн боомт Хиагт хот, Сэлэнгэ аймгийн музей буюу хувьсгалын музей юм.

Ес дэх өдөр: Алтанбулагаас Дархан хот. Улаанбаатар руу буцах замдаа Буурын голын Бөртэ Үжиний хөшөө үзээд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот дахь Хулан хатны хөшөө, Сайхны Хөтөлөөр аялна. Гурван Мэргэд аймаг нь Орхон, Сэлэнгэ мөрний бэлчирээр нутаглаж байсан учир эзэн Чингисийн түүхтэй салшгүй холбоотой байдаг билээ. Ингээд Дархан хотод очиж хононо.

Арав дахь өдөр: Дархан хотоос Улаанбаатар хот. Дархан хотын музей үзээд Улаанбаатар хот руу буцаж ирэн аяллаа өндөрлөнө.

Дээрх маршрутаар мэргэжлийн судлаачийн хамт түүх соёлоо судлан, аялах боломж байна. Фуданий их сургуулийн биет бус өв, соёл судлалын профессор Ду Шаофан “Цайны зам дагуух соёлын үнэт өвөө тодруулж Юнескод бүртгүүлэх нь нэн чухал. Цайны замын дагуух соёлын үнэт өвийн хоёр хувь нь л Юнескод бүртгэлтэй байдаг. Дэлхий дахинд энэ зам дагуух соёлын өвөө таниулах ажлыг хамтран хийх хэрэгтэй” гэсэн байдаг. Харин аялал жуулчлалын компаниудаар үйлчлүүлэн тодорхой маршрутаар энэхүү гайхалтай соёлын өвийг нарийн үзэж судлах боломж та бидэнд байгаа юм. Мөн бие даан аялагчдад мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч, Монголын судлаачдын бичсэн “Цайн зам” номыг уншин аялахад энэхүү газар маш тохиромжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.12 БААСАН № 115 (6340)

 

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

1 цаг 6 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

2 цаг 5 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

2 цаг 37 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

2 цаг 58 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

3 цаг 46 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

6 цаг 32 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

7 цаг 28 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

9 цаг 35 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин