Дотооддоо тав тухтай, зөв аялцгаая

2020-06-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

О.ЭНХЖИН

 

Аялал жуулчлалын салбарын бүх бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломж олгодог “Улаанбаатар трэйвэл экспо” үзэсгэлэнг энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулахдаа анх удаа цахим хэлбэрээр хийлээ. Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос зохион байгуулсан уг үйл ажиллагааг БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Тourism marketing agency” зэрэг байгууллагууд дэмжин ажилласан байна. Харин үзэсгэлэнд энэ салбарт хамаарах 78 байгууллага, холбоо оролцож үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулжээ.

Энэ жилийн тухайд дэлхий нийтээр халдварт өвчин тархсан онцгой нөхцөл үүссэн. Тиймээс дотоодын аялал жуулчлалд гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд   “Төлөвлөе, аялая, суралцъя” гэсэн уриа дэвшүүлснийг зохион байгуулагчид онцолж байлаа.

 “Дэлхий дахины жишгийг харахад гадаад жуулчдаас илүү дотоодын жуулчдаас олох орлого тухайн газар, орон нутгийн хувьд хамаагүй илүү байдаг. Ялангуяа энэ жил цар тахалтай холбоотойгоор дотоодын жуулчиддаа илүү анхаарсан үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах болсныг бид том боломж гэж харж байна. Монголчууд ч гэсэн улсынхаа дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахдаа утга учрыг нь сайн ойлгож, тав тухтай аялахад аялал жуулчлалын байгууллагуудыг сонгон үйлчлүүлэхийн ач холбогдол их бий. Бидний аялахдаа байнга очдог газрууд  баялаг түүх, өвөрмөц үзвэр ихтэй байдаг ч зүгээр нэг үзээд өнгөрөх биш үнэт зүйлсийг нь мэдэж авах нь чухал юм” гэж Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрал хэллээ. Түүний хэлсэн үгнээс анхаарал татсан зүйл бол бид дотооддоо аялахдаа ч мэргэжлийн компаниудад хандаж үйлчилгээ авахын давуу талыг онцолсон явдал юм. Монгол дотроо аялах замаа мэддэг, өөрсдөө явчихаж чадах байтал яагаад заавал аялал жуулчлалын компаниудад мөнгө төлөх ёстой гэж. Тэгвэл энэ бол гэртээ хоолоо хийгээд идчихэж болох байтал ресторанаар үйлчлүүлдэгтэй ижил ойлголт гэдгээр тэрээр тайлбарлалаа. Гэрээс илүү тансаг орчинд мэргэжлийн тогоочийн хоолыг амтлахыг хүсдэгтэй адил маршрутаа гаргуулж тухайн аяллаас илүү их зүйл мэдрэх боломжийг аялал жуулчлалын компаниуд олгож байгаагаараа онцлогтой гэлээ. 

Монголдоо аялана гэхээр бид Хөвсгөл нуур, Хамарын хийд зэргээр л төсөөлдөг шүү дээ. Харин манай дотоодын аялал жуулчлалын салбар хэр хэмжээнд хөгжсөнийг энэхүү цахим үзэсгэлэн дэлгэрэнгүй харуулсан юм. Түүхэн болон байгалийн дурсгалт газруудын аялалыг тайлбарлагч, судлаачидтай хамт хийх, эх орноороо бүтэн тойрох, гэр бүлээрээ тухтай аялах амралт, эмчилгээ сувилгааны, шашинтай холбоотой буяны зэрэг аяллын олон хөтөлбөрийг компаниуд санал болгож байгаа юм байна. 

Тухайлж онцлоход час хийсэн “халуун ногоотой хоол”-нд дурлагсдад зориулсан экстрим төрлийн аяллууд ч цөөнгүй байсан юм. Монгол Улсад одоогоор хамгийн хамгийнд тооцогдох 110 метр урт,  20-25 метр өндөрт байрлах хөдөлгөөнт дүүжин гүүрээр явж үзэх, зориулалтын гүний шумбалтын хэрэгсэл ашиглан шумбах, 420 метр урт 30 метр өндөрт байрлах троссон замаар “нисэх”, хамгийн өндөрт тооцогдох 25 метр туулах зам бүхий байгалийн ханан хадан дээр авирах зэрэг хийж үзэх сонирхолтой зүйлс олон байна. Ингэхдээ та заавал туршлагатай байх албагүй, мэргэжлийн зааварлагчийн заавраар аюулгүй байдлыг бүрэн хангасан хэрэгслүүдийг ашиглах тул санаа зовох зүйлгүй аж.

Хэрэв аялалд олон хоног зарцуулж, хол явах боломжгүй бол заавал хотоос  гарах ч шаардлага байхгүй. Тэрэлж, Гачуурт зэрэг нийслэлийн ногоон бүсэд “Зугаатай зун” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа компаниуд Туул голын хөндийгөөр дугуй, завиар аялах гэх мэт төрөл бүрийн арга хэмжээг санал болгож байсан юм. 

Улсынхаа үзэсгэлэнт байгальд морьтой болон тэмээтэй аялах олон маршрут мөн үзэсгэлэнд багтжээ. Амралт зугаалгаар явах нэрээр улам ядраад ирдэг гэсэн хөгжилтэй шог яриа байдаг шүү дээ. Тэгвэл амралтаа “амралт” гэдэг утгаар нь өнгөрөөхийг хүсч байвал  иог, бясалгалын хичээл, халуун рашаан, эмчилгээ сувиллын төрлийн аяллаас сонгож болж байна.

Сонирхол татсан бас нэгэн аялал бол түүхэн газрын маршрут байлаа. “Цайны зам” гэдэг үг их танил байгаа биз. Энэ бол олон орон, төрөл бүрийн соёлыг холбож байсан эртний худалдааны томоохон замуудыг хэлдэг. 13 мянган километр урт тус замын 1150 километр нь манай улсын нутагт 20 өртөөгөөр дамжин өнгөрдөг аж. Тэгвэл бид энэ замаар аялах боломж ч байна.  Мэргэжлийн судлаачтай хамт аялахаараа бас онцлогтой аж.

“Улаанбаатар трэйвэл экспо” үзэсгэлэнгийн онцлох бүтээгдэхүүний төрлүүдээс та бүхэнд хүргэхийг зорилоо. Хэдийгээр халдварт өвчин дэгдсэн хүнд цаг үе болж байгаа ч аяллын байгууллагууд дотоодын жуулчиддаа илүүтэй анхаарч, тус үзэсгэлэнгээр дамжуулан монголчууд улс дотроо сонирхолтойгоор аялах олон санааг шинээр харах боломжтойг ийнхүү харуулсан юм. Мөн байгальдаа ээлтэй,  зөв аялахыг жуулчдад дахин дахин сануулж байлаа. 

Аяллаар дамжуулан ирээдүй хойчдоо байгаль орчин, ёс заншил, үндэсний соёл ахуйгаа хайрлан хамгаалах талаар сурталчилах нь бас нэг том зорилго. Тиймээс “Аваад ирсэн юм чинь аваад буцах” зуршлыг хэвшүүлчихвэл хог, бохирдлын асуудал гарахгүй гэж Ё.Бадрал дарга мөн онцолсон. Хогноос гадна хөдөө хээр гал алдах эрсдэл өндөр байгааг Төв аймгийн аялал жуулчлалын холбооны тэргүүн Л.Оюунбилэг хэллээ. Аялал жуулчлалын компаниуд эдгээр эрсдлээс сэргийлэхээс гадна жуулчид ч бас өөрсдөө хичээх хэрэгтэй юм. Мөн дотоодын жуулчдад гардаг түгээмэл асуудал бол очих гэж буй газрынхаа талаар хангалттай мэдээлэл цуглуулдаггүй. Тухайн газрынхаа учир утга, нарийн зүйлсийг мэдэхгүй аялахаар аялалын зорилго тодорхойгүй болчихдог. Тэгвэл тав тухтай, зөв аялахад аялалын хөтөчтэй явах, аялал жуулчлалын компаниудаар үйлчлүүлэх нь ач холбогдолтойг тус үзэсгэлэнгээс харуулахыг зорьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.3  ЛХАГВА № 109 (6334)

 

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

55 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

1 цаг 54 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

2 цаг 26 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

2 цаг 47 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

3 цаг 35 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

6 цаг 21 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

7 цаг 17 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

9 цаг 24 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин