Р.ОЮУН
Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-ын тэргүүн Ж.Хорлоотой ярилцлаа.
-Сургуулийн өмнөх насныханд зориулсан цэгээр наадъя хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ талаар?
-Бага насны хүүхдийг цэг холбох энгийн аргаар зурлага, бичвэр хийлгээд тухайн цэг, зураасыг нь ашиглан хүссэн зурагаа дүрслэн зурж, будах боломжтой технологийг 2010 оноос хойш судалж, боловсруулж гаргаж ирсэн. Анх цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зурлага, бичвэр хийлгэх ном, гарын авлага хомс байлаа. Багш нарын хувьд дөрвөлжин нүдэнд багтсан жижигхэн янз бүрийн зураасыг хүүхдүүдээр хийлгэдэг байсан. Гэтэл ихэнх хүүхэд жижигхэн зурлага хийх дургүй байсан. Үүнийг судалж үзэхэд гарын жижиг булчин нь гүйцэт хөгжөөгүй учраас чимхлүүр ажлыг хийхэд гар нь амархан цуцаж, ядардаг юм байна. Тиймээс хүүхдийн онцлогт тохирсон том зурлагыг хийлгэх нь зөв юм байна гэсэн санаа төрсөн. Мөн хараа, орон зайг баримжаалах чадвар нь сул хөгжсөн учраас хүүхдэд зурлага бичихэд нь ойлгомжтойгоор мөр баганын дагуу эмх цэгцтэй бичүүлэх зорилгоор аливаа нэг зурлагын ард цэгүүдийг тавьж өгсөн. Ингэснээр хүүхдүүд маш сонирхолтой, энгийн ойлгомжтой болж ирсэн. Бичиж байгаа зурлага нь мөр баганын дагуу эмх цэгцтэй болсон. 2012 онд анх удаа “Цэгээр наадъя” дэвтрийг боловсруулан гаргасан. 2012 оноос хойш тодорхой хэмжээний судалгааны ажил хийж байгаад тухайн цэг, зураасыг зүгээр нэг зурлага болгож орхихоос илүүтэй янз бүрийн дүрс үүсгээд юу ч хийж болохыг олж харсан.
-Мэдээж энэ технологийг туршиж үзсэн байх?
-Анх Чингэлтэй дүүргийн 19 цэцэрлэгийн 2010 хүүхдэд цэг холбох аргаар зурлага хийлгээд тухайн зурлагыг нь ашиглаад зураг зурах технологийг нэвтрүүлж туршиж үзээд хавар нь “1000 бүтээл, 1000 санаа” нэртэй үзэсгэлэнг 23 дугаар сургуулийн зааланд гаргаж байсан. Хүүхдүүд цэг, зураасанд баригдахгүй чөлөөтэй сэтгэж хүссэн дүрсээ байгаа нь бахархмаар санагдсан. Тиймээс нийслэл, орон нутагт түгээн дэлгэрүүлэх санаа төрсөн.
-Сургуулийн өмнөх гэхээр хэдэн насныхан хамрагдсан юм бэ?
-Анх бэлтгэл бүлгийн таван настай хүүхдүүд хамрагдаж байсан ч дөрвөн жилийн хугацаанд туршилт судалгаа, багш нарынхаа саналыг үндэслээд гурван наснаас эхлүүлэн ажиллаж байна. Гурван настай хүүхдүүдийн хувьд цэгээр наадъя дэвтэр дээр ажилласнаар харандаагаа зөв барихаас гадна цэг, зураасыг амжилттай холбож сурдаг. Энэ насанд суурийг нь зөв тавьбал дөрвөн насандаа тухайн цэг, зураасыг амилуулаад бүтээл болгодог бол таван насандаа тухайн цэг, зураасаар орон зайн баримжаа авч хүссэн үлгэрийнхээ баатруудыг амилуулдаг. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс захиалгат сургалтыг баталдаг. 2017 оноос хойш 500 гаруй багшид нэг кердитийн гэрчилгээтэй сургалтыг хүргээд байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийслэл, орон нутгийн хэмжээнд давхардсан тоогоор 5000 гаруй цэцэрлэгийн багшийг арга зүйн сургалт, үзүүлэх ажил, зөвлөн туслах цогц ажлыг хийж үзүүлсэн байгаа. Мөн энэ хугацаанд 80 мянган хүүхэд хамрагдсан байна. Бид 2-3 насныханд зориулсан “Ном инээнэ” гэдэг ярилцаж буддаг номыг гаргасан байгаа. Хүүхдийн 2-3 нас гэдэг хүний сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрдэг хамгийн торгон мэдрэмжтэй үе нь. Энэ үедээ хүн баярлаж, гомддог, уйлдаг, уурладаг гэсэн сэтгэлийн хөдөлгөөнийг таньчихвал насанд хүрсэн хойноо өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зөв жолоодохоос гадна төлөвших суурь нь тавигдах учиртай. Бага насны хүүхэд нэг ойлгосон юмаа хэзээ ч мартдаггүй. Тиймээс 2-5 насанд нь зөв зүйлийг дадуулахыг зорьж байна.
-Хүүхдүүдэд ямар ахиц дэвшил гарсан бол?
-Энэ технологи улам хөгжиж байна. Энэ оны нэгдүгээр сард бид хоёр гарын зэрэг бичилтээр хүүхдийн баруун, зүүн тархийг хөгжүүлэх дэвтрээ гаргасан. Өнгөрсөн жил таван настныхаа дэвтрийг дуусгасан хүүхдүүд маань хоёр гараар зэрэг ажилладаг дэвтэр дээр ажиллаж үзсэн. Тэгэхэд нэг гараараа бичихээсээ илүү хоёр гараараа бичдэг дэвтэр дээр илүү сонирхолтой, хөгжилтэй хийж байна гэж багш нар нь хэлсэн. Хүний хоёр тархины хөгжлийг жигд дэмжиж ажилласнаар санах, сэтгэн бодох хурд нэмэгдэхээс гадна ой тогтоолт сайжирч, бүтээлч байдал нь хөгждөгөөрөө давуу талтай. Бүтээлч, санаачлагатай, хариуцлагатай байхад сургуулийн өмнөх насанд суурь нь тавигддаг. Тэр байтугай хүний зан, төлөвшил, хандлага, дадлын 70-90 хувь нь тав хүртэлх насанд тавигддаг гэдгийг эрдэмтэд баталсан. Тиймээс энэ дэвтрээрээ дамжуулаад хүүхдүүдийг илүү хариуцлагатай, санаачлагатай, бүтээлч байх чанарыг нь төлөвшүүлэхээр эрмэлзэж байна.
-Баруун, зүүн тархийг хөгжүүлэх дэвтрийг ганцхан таван насныхан гэлтгүй насанд хүрсэн хүмүүс хэрэглэж болно гэсэн байна?
-Тийм ээ. 5-50 насныхан хэрэглэж болно. Насанд хүрсэн хүмүүс ч хоёр гараараа зэрэг бичдэг энэ дасгалыг хийж болно. Ингэснээр бидний оюун ухаан илүү залуугаараа байна. Хоёр гараараа зэрэг ажиллах аргыг тархины фитнесс гэж үздэг. Үүнээс гадна бид дүрсээр наадъя гэсэн технологийг мөн нэвтрүүлж байгаа. Өнөөдөр ямар асуудал, бэрхшээл тулгараад байна. Хүүхэд, багш хөгжихөд юу хэрэгтэй байна вэ гэдгийг тоочихоос илүүтэй түүнийг яаж хялбар аргаар шийдэж болох вэ гэдэг гарц, гаргалгааг хайж явдаг учраас дүрсээр наадъя буюу бага насны хүүхдүүдэд зурах аргачлалтай зургийн дэвтрийг гаргасан. Энэ дэвтрийн хувьд хүүхэд бүрийн бүтээл дахин давтагдахгүй, хүүхэд бүр ажиллахад энгийн ойлгомжтой гэдгээрээ онцлог. Тухайлбал, цэгүүдийг ашиглаад жаазтай зураг болон дугтуй хийсэн байх жишээтэй. Хүүхдүүдийн хийж байгаа зүйл нь ойлгомжтой, энгийн тодорхой байх тусам бие дааж ажиллах чадварыг бүрдүүлдэг. Үүгээр дамжуулаад аав ээжүүд хүүхэдтэйгээ ном уншиж харилцан ярилцдаг байгаасай. Хүүхдэдээ сайн муу, болох болохгүй зүйлийг багаас нь таниулаасай гэж хүсч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.10.30 ЛХАГВА №215 (6182 )
Хоёр гараараа зэрэг ажиллах нь тархины фитнесс
2019-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин