Зохиол бүтсэн түүх: Сэтгэлийн цэнхэр алчуураа сэмлээгүй итгэлийн хань минь хилчин хүн

2019-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Цахим мэдээллийн www.polit.mn сайт бямба гариг бүр Уран зохиол булангаа уншигчдадаа хүргэдэг. Шүлэг найраг, зохиол бүтээлээс гадна уран бүтээл төрсөн түүхийг бас толилуулдаг. Энэ удаагийн “Зохиол бүтсэн түүх”-ээ өгүүлсэн зочин маань Булган аймгийн Могод сумын уугуул, яруу найрагч, зохиолч Сүрэнгийн Оюунчимэг.  Уран бүтээлийн Цайны дээж /1999/, Шүлгүүд /2000/, Талын монгол айл /2003/, Талын монгол аялгуу /2003/, Нарны зүг /2007/, Бурхдад өргөх дуун зул /2008/, Замбативийн наран дор /2008/, Алтан хааны нутгаар /2010/, Оюун сэтгэлгээний цоморлиг /2013/, Хүсэл дүүрэн хүүхэд нас /2015/, Хан жаргалант /2014/ зэрэг номоо уншигчдад хүргэжээ.   Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны шагналт, найрагч С.Оюунчимэгийн тухайд олон сайхан дууны үг бичсэн хүн.  Яруу найрагч  С.Оюунчимэг, хөгжмийн зохиолч М.Булган нарын хамтын бүтээл  “Хан жаргалант” дууг Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай нэгэнтээ “Баритон хоолойтон бол Хан жаргалантыг дуулахгүйгээр явахгүй, хүч сорьсон дуу” хэмээн үнэлсэн гэдэг. Удахгүй тоглолтоо хийх гэж байгаа гавьяат жүжигчин Т.Ариунаагийн нэрийн хуудас болсон дуунуудын нэг “Талын монгол айл”-ын шүлэг нь С.Оюунчимэг найрагчийнх гээд олныг дурдаж болох билээ. Сүрэнгийн Оюунчимэг найрагч Хилчин хүн гэдэг дууныхаа түүхийг ийн өгүүлснийг толилуулж байна. Авга эгчдээ зориулан бичсэн шүлэг нь  дуу болж, гавьяат  жүжигчин Эрдэнэцэцэг дуулж олны хүртээл болжээ. Өөрөө энэ тухайгаа “Авга эгчдээ зориулсан дуу хэтийн замын уртыг ээ, бас их хөөрхөн намтартай” хэмээн тодотгосон юм.   ***                                ***                                *** “Багын явдал санаанаас ер гардаггүй” гээд багш минь ярьж суудагсан. Хөдөөгийн багш манайхыг зуун хорин мянгат буюу Намын дээд сургуулийн оюутны байранд байхад үе, үе ойр, ойрхон ирнэ. Угтаа 1970-иад оны сүүл, 1980-иад оны   эхээр гэсэн үг л дээ. Залуугийн алмай гэнэнээсээ болоод зарим зүйлийг тодруулж асуугаагүй минь харамсалтай. Намайг Удвалын шавь гээд тоож ярихаасаа илүүтэй ганц хатуу  юмны бөглөө авах эрх авах гэж магтана. Үүнийг багш ч мэднэ, би ч андахгүй ээ.  Пэрлээ багшийн орж ирэх нь ч сүртэй. Таягаа тог, тог хийлгээд алсаас чимээ өгнө. Хүүгээ угаагаад удаагүй байтал багш нэг удаа ороод  ирлээ: -Цай ууж сууснаа хэн гэж нэр хайрлав, хэн нэр хайрлав гээд сониучирхаж, хөхүүл хөхтэй хүүхнүүд горьдомтгой гэж жигтэйхэн, энэ ер нь монгол хүүхэнд байдаг нүүдэлчдийн араншин байх даа, хөдөө нутагт бол шинэ хүнд хундан цагаан хонь амлах ах дүүс захаас аван байх, хотын бид яахав гайгүй сайхан үг хэдийг хэлж, цайны сүү л өгөх юм гээд, хүүгийн өлгийний  бүсэнд   сүү авч уугаарай гээд хэдэн төгрөг хавчуулав. Тэгсэнээ Гүнбилэг гэнэ ээ, Гүнээ гэж хүүхдүүд дуудах байхдаа, угтаа Билгүүн гэсэн уг юм даа. Билгээ гэж байна биз гэж сургааль айлтгав. Танай Цоохор Цогтын Гүенбаатар гэж байв. Гүнбилиг жонон  Монголын төрийг хэсэгхэн хугацаанд барьсан юм шүү гэнэ. Амссан жаахан нясуундаа багш төдхөн хална, би түүнийг олон удаа ажигласан болохоор : -Багш халуун цай уу гээд аяганд нь дүүргээд өгөхөөр анхандаа ганц нэг оочилсоноо, -Энэ их зальтай хүүхэн, халуун цай өгч байж уусан жаахан архийг минь гаргачих гэж байгаа юм. Бяцхан халангитаад суух хөгшин хүнд их зүгээр,  дотроос халуу төөнөж бие дулаацаад гэхэд нь гоморхон, -Та саяхан орж ирэнгүүтээ л хөөрхөн хүүхэн, сайхан хүүхэн гээд байсан, одоо яасан гэж цай уулгах санаатай айлгамар болохуйд, -Авгай хүүхнүүдийг магтаж байхгүй бол амны хишиг харьчихна гэж мэдэх үү, Манай Болдоо халзан шар юм байж, аятайхан хөдөө орон нутаг мэдэх бүсгүй авсан байна. Хөгшин хүнд сүүтэй цай, энэ ээзгийтэй цагаан тос чухам сайхан хоол… хотын охид дан ногоотой хуурга хийх юм зэргээр элдвийг ярина. Ийн би Д.Пэрлээ багшаас авга эгч Лхамынхаа тухай асуугаад үлдэх ухаан сэхээгүй л явсан байгаа юм. Х./Д/Пэрлээ багшийн олон сайхан дууг бид бүгдээрээ л мэднэ. Харин  1942 онд зохиосон “Амрагийн дуулал” дуу нь өнөө хир дуулагдсаар Хилийн цэргийнхний сүлд дуу болсон талаар УГЖ дуучин Төмөр гуайн хэвлэлд өгсөн ярилцлагыг уншиж суугаад, нагац эгч маань хамгийн анх энэ дууг олон түмэнд хүргэсэн байжээ гэж үнэмшив. Тэр үед НДС-ийн  У.Нямжав, П.Дорж    багш нар Дэвээ, Лхам гэж сайхан бүсгүйчүүд явлаа гэж ярихыг олонтаа сонссон ч ахмадуудын ярианд оролцож  сураагүй цаг байсан болохоор сонсохоос цаашгүй. Тэр чинь миний авга эгч, аавын минь хамгийн том эгч нь байхгүй юу гэж хэлж зүрхэлдэггүй байлаа. Хүний хорин таван нас гэдэг цэл залуухан, аливааг наанатай, цаанатай бодох талаар туршлагагүй л үе шүү дээ. Харин Пэрлээ багш элдэв сонин яриан дундаас 1930 оны хавар “Уран үгсийн чуулган” сэтгүүлд өөрийн нь шүлэг, мөн хотынхноос ялгахын тулд Хөдөө хочтой Дамдины Пэрлээ гэсэн С.Буяннэмэхийн тайлбартай хэвлэгдсэнийг уншаад, “тэр цагт яаж хөхин баярласнаа сайн санадаггүй юм. Юун боловч нөхдөөсөө ичингүйрэн, нүүр чинэрч, чих дүнгэнэж, дэмий л тулгамдаж байсан даа” гэж эхлэн бичигч надад сургамжтай гэж санасан уу хууч дэлгэж суусан. Энэ тухай нь би У багшид яривал, чиний бичих сэдэв энэ шүү дээ, хөгшдийг сайн анхаарч, ямар эрдэнэ амнаасаа унагах нь бэ сайн тэмдэглэл хөтөлж бай. Хожим дурсгалтай сайхан гэсэн сэн. Хөдөөгийн багш Болдоо хоёр ихэвчлэн элдэв хэлмэгдэл, гадуур нэг их яригддаггүй сэдвээр баахан санал солилцож  байгаа юм шиг. Хэн хэндээ нэмэр нөөлөг болж ч байгаа  юм шиг нилээд хуучилна. Гэндэн- Дэмидийн талын эсэргүүд тооцогдон гадаадын тагнуулд гадаад хэлээр морзоор нууц мэдээ дамжуулсан гэх хэрэгт шийтгүүлж, дөрвөн жил барилга, оёдол, гуталчнаар ажиллаад “Ударник ажилчин”  цол хүргэж, ажлын бус цагаар хоригдлуудад монгол, латин бичиг, тоо зааж  байснаа ярихдаа мэдлэгтэй боловсон хүчин тун цөөхөн байлаа шүү дээ гээд шүүрс алдахад нь би ч бас дэндүү бага залуу насыг нь хэтэрхий хэлмэгдүүлжээ гэж харамсаж суусансан. 1941 онд суллагдсан юм билээ. Хайран залуу нас гэж… -Лхам эгч минь одтой, онгодтой орчлонгийн өнгөтэй бүхнийг өөртөө шингээсэн дуучин байсан тухай гавьяат жүжигчин Төмөр гуайн дурсамжаас өөр баримт ховорхон. Харин хүний төрсөн нутаг иргэнээ мартдаггүй юм байна. 2008 оны нэгдүгээр сарын дундуур Булган аймгийн Засаг даргын захиалгаар Ж.Болдбаатарын бичиж байгаа  “Булган аймгийн Бага нэвтэрхий толь” номны хэлэлцүүлгийн үеэр Гурванбулаг сумын удирдлагаас Монгол Улсад гавьяат дуучин цол олгохоос өмнө  Улсын нэгдүгээр зэргийн дуучин цол авсан Лхам гэдэг дуучинг оруулах санал гаргасан байна. Энэ тухай сонсож суухад таатай байлаа. Тийм ээ, Авзагахайрханд төрсөн алдарт дуучин нагац эгчээ дурсан хилийн цэрэгт тийм нэгэн “Цэнхэр дурдан алчуур”-ын үргэлжлэл болгож, “Хилчин“ гэдэг дууны шүлэг бичиж, хөгжмийг  Б.Ганхуягаар хийлгэж, гоцлол дуучин Ганчимэг дуулж олны хүртээл болгов. Ингэж Булганы гурвын нийлж бүтээсэн “Сэтгэлийн цэнхэр алчуураа сэмлээгүй    Итгэлийн хань минь цэргийн хүн“ гэсэн дахилтыг бичихдээ эрхэм багшаа, хайрт эгчээ бодолдоо  дурсан, дуу гэдэг дахилттай нь адил дундрашгүй үргэлжлэлтэй байг гэж санасан юм даа. Лхам эгч маань Булган аймгийн Авзага сумын нутаг Авзагахайрхан-Уртын голд /одоогийн Могод сумын нутаг /  1920 онд Тэгчингийнд ууган  охин  болж төржээ. 1935 онд Нийслэл хүрээнд ирж, анхны Арьс ширний үйлдвэр байгуулагдаж байх үед ажилчнаар оржээ. Үйлдвэрийн ажилчдын уран сайхны дугуйланд хамрагдаж, олон нийтийн ажилд идэвх зүтгэлтэй оролцож явсаар тэр үеийн соёлын гол төв болж байсан Цэргийн клубт  шалгуулан гоцлол дуучнаар ажилласан байна. Төрөлхийн уран нарийн цээл хоолойтой түүний ур чадвар урын сан мэргэжлийн байгууллагад орсноор улам сайжирч, тун удалгүй олны хүрээллийг олжээ. Түүний дуулж, алдаршуулсан  Лха Доржийн хөгжим, Х.Пэрлээгийн / хөдөөгийн/ шүлэг “Амрагийн дуулал” өнөө ч урлагийн тайзнаа дуурсаар үе үеийн дуучид хүч чадвараа сорьдог бүтээл нэг байсаар байна. Цэрэг, дайчдын эх оронч үзлийг хүндэтгэх, сэтгэлийн хөгийг улам ирлэж ирсэн бүтээлийн дотор  алдарт хөгжмийн зохиолч Гончигсумлаагийн  хөгжим “Чамайг үдье”, Гомбын хөгжим “Хонгор морь” , “Хар нүдэн” зэрэг олон дуу өнөө ч тайзнаа дуурссаар байгаа нь уран бүтээлч, дуучин Г.Лхамын  уран  чадварыг  энэ цаг үед ч илтгэж байгаа нь сайшаалтай. Дурсамж дүүрэн олон сайхан дууг амилуулж, цэрэг эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлж явсан Г.Лхамын хөдөлмөр, бүтээлийг Монгол Улсаас өндрөөр үнэлж 1948 онд “Улсын нэгдүгээр зэргийн дуучин” цолын 3 тоот үнэмлэх олгосон байна. "Амрагийн дуу" хэмээх уран тансаг дуу мэндлээд хагас зуун жилийн нүүр үзжээ. Энэ дууны 50 жилийн ойг тэмдэглэх үеэр соёлын тэргүүний ажилтан, ахмад дуучин Б.Төмөрийн уран бүтээлийн тайлан тоглолт болж тэрээр “Цэргийн чуулгад хоёр сод уран бүтээл бий. Нэг нь "Амрагийн дуу", нөгөө нь "Цэрэг бүжгийн чуулбар". Үзэгчид тэр хоёроос хэзээ ч уйддаггүй. Миний багш  Лхам  “Амрагийн дууг”  их хийморлог сайхан, уран гоё дуулдаг дуучин  байсан”  гэж “ Засгийн газрын мэдээ “  сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн юм. Мөн үүнээс 10 жилийн дараа,Г.Лхамын анхны шавь нарын нэг гоцлол дуучин Төмөр “Амрагийн дуу”-г багшаасаа өвлөн авч суралцан, тайзнаа 60 жил дуулсанаа Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдсаныхаа дараа “Улаанбаатар” телевизээр дурсан ярьж байхыг сонслоо.   Уран бүтээл эзнээсээ урт настай нь учир утга үүнд л оршдог байх даа. Одоо Хилийн цэргийн ансамбелийн гоцлол дуучин Б.Ганчимэг дуулж явна. Дуунаас дуу төрж, бүтээлээс бүтээл шигшигдэж, алтан үеийн эрдэмтэн зохиолч, өвгөн багшийнхаа дурсамжийг өнөө би олон нийтэд дэлгэн ярих эрхтэй болсон маань  чухамдаа дууны шид, чанар, хойч үеийн бидний  биелүүлэх ёстой үүрэг гэж санасаных юм аа. Ийм эрхийг дуу надад олгожээ гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Хэтэрхий том хүний тухай, алтан үеийн төлөөлөл болсон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүн, түүхийн ухааны доктор, төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч, орчуулагч Д./Хө/Пэрлээ багшийнхаа тухай ихэд зүрх гарган, цухас өчиж суугаадаа уншигчаасаа хүлцэл өчье. “Сайхан цай чанах айлын авгай олон байх л даа, сайн дуу зохиох, жаран дамжуулан амьдруулах бүтээл гаргах амаргүй шүү” гэсэн багшийн яриагаар энэ сэдвээ өндөрлөе.   Хөгжмийг Б.Ганхуяг Шүлгийг С.Оюунчимэг                                                 Хилчин хүн Дуучин Улсын гавьяат жүжигчин Б.Ганчимэг, ХЦБДЧ-ын гоцлол дуучин Ц.Мөнгөнчимэг  Цэмбэн нөмрөгөө хил дээр гандаагаад Цэнгэл, гунигийн ухааныг задалсан Морин хуурын шингэн аялгуунд Монгол эрийн хийморио сэргээсэн Сэтгэлийн цэнхэр алчуураа  сэмлээгүй … гээд  Ганчимэг маань нүдээ ирэмчин, нүүрнээ баясгалан бадраан дуулахад алга нижигнүүлэн таших олны уухай танхимыг эзлэн авдаг. Ийм гайхалтай нүүрний баясгаланг олж үзэхийг хүсэхгүй хэн байхсан билээ. Би түүгээр “Бодохгүй байж чадахгүй”, “ Эх орны хүү”  дуугаа дуулуулсан азтай найрагч гэж Ганаагаараа бахархаж явдаг.  2016 онд Москва хотод болсон дархан хил, хилчдын тухай дууны олон улсын уралдаанд ХЦДБЧ-ын гоцлол дуучин Ц.Мөнгөнчимэг “Хилчин хүн” дууг монгол хэл дээр дуулж амжилттай оролцжээ. Дуучин Б.Ганчимэгийн дуулснаар хилийн цэргийн түүхт ойгоор хилийн бахархалт дуугаар шалгарсан байна. Эх сурвалж: www.polit.mn 
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

18 цаг 26 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

18 цаг 26 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

18 цаг 26 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

18 цаг 26 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

18 цаг 26 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

18 цаг 26 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

18 цаг 26 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

18 цаг 26 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

18 цаг 26 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

18 цаг 26 мин