Б.ДАМДИН-ОЧИР
Монголын парламентын хуруу дарам цөөхөн амьд архивуудын нэг, туршлагатай парламентч, 1992 оны Үндсэн хуулийн эцэг болсон Б.Чимид агсны гарын шавь, Монгол Улсын гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцан гэдэг хүнийг мэдэхгүй хүн ховор доо.
Тэртээ 1980 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгсөөд, 1980-1985 онд МУИС-д багш, 1985-1989 онд Улсын прокурорт хэлтсийн прокурор, Улсын прокурорын туслах, хэлтсийн дарга, 1989-1990 онд ШУА-ийн Төр, эрх зүйн хүрээлэнд секторийн эрхлэгч, 1990-1991 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны нарийн бичгийн дарга, 1990-1992 онд АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн, 1992 оноос хойш УИХ-ын долоон удаагийн сонгуульд нэр дэвшиж долоон удаа сонгогдсон. 2007-2008 онд УИХ-ын дарга, 2004-2007 онд УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Мөн энэ хугацаанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар гурав, Аюулгүй байдлын байнгын хорооны даргаар хоёр, Ёс зүйн дэд хорооны даргаар нэг удаа сонгогдон ажиллаж байв.
Намтар түүхээрээ бол яалт ч үгүй Монгол Төрийн эгэл боргил хар хүн билээ. Тэгж ч харагддаг юм.
Иймээс лав энэ цаг үед Үндсэн хуулиар дуугарах эрхтэй ганц хүн бол Лүндээ гишүүнийг гэдэг. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн УИХ-аас Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг байгуулж байлаа. Нэг, хоёрхоноос бусдад нь Лүндээ гишүүн л тэрхүү ажлын хэсгийг ахалж байв. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт хэзээ ч энэ удаагийнх шиг ажил хэрэг болж явж байсангүй. “...Чимид багшийн эх барьсан Үндсэн хуулийг би байгаа цагтаа хөндүүлэхгүй” гэж хэлдэг гэх яриа улстөрчдийн дунд явдаг юм. Гэхдээ энэ худлаа цуу байсан бололтой.
Учир юу гэвэл Лүндээ гишүүн 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болсон намынхаа бүлгийн хуралдаан дээр тун эвгүй үг хэлжээ. Эвгүй гэдэг нь маш ноцтой гэсэн үг.
Тэрээр “…Яаж 2020 оны зургадугаар сарыг үзэх вэ. Хийж бүтээх ажилд маш богинохон хугацаа үлдэж байна. Хэрүүл тэмцлийн хувьд маш зүдгүүртэй урт хугацаа туулж чадах юм уу. Наана нь сөхрөөд унацгаах юм уу, мэдэхгүй. Яаж 2020 оны зургадугаар сарыг хүргэх вэ гэхээр ерөөсөө хаяа харагдахгүй байна. Үүнтэй холбогдуулаад гурван том субъектийн асуудал гарч ирээд байна. Нэгдүгээрт, УИХ тэсэх эсэх асуудал. Хоёрдугаарт, намаа шороотой хутгачихмааргүй байх юм. Гуравдугаарт нь, Засгийн газрын тогтвортой байдал гэсэн гурван асуудал дээр ямар гарц гаргалгаа байж болох вэ. Ингээд бодохоор их л зовлонтой болчихоод байгаа юм. 1990-1992 онд АИХ, УБХ хоёр таван жилийн хугацаатай байгуулагдаад АИХ нь УБХ, Засгийн газраа авч хаячих гэж зовоогоод болохоо байсан. Тэгэхэд УБХ дээр нь 20 дугаар тогтоолд 13 гишүүн холбогдчихоод, бас л их хүнд үеийг туулсан. Тэгээд хоёр жил болоод шинэ Үндсэн хуулиа баталсан. Тэгээд таван жилийнхээ хугацаанаас татгалзаад шинэ УИХ-д эрхээ шилжүүлж байсан. Бүр аргаа барахаар бол гарцаагүй хэдэн өөрчлөлтийг хийхгүй бол бид цөмөөрөө шороотой хутгалдана” гэж ярьсан байх юм. Ингэхээр яг одоо хаашаа нь мэдэгдэхээ больчихоод нам зогсоод байгаа Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудал Лүндээ гишүүний хэлдгээр ердөө л “...аргаа бараад хийж байгаа гарцаагүй хэдэн өөрчлөлт” л юм байна.
Угтаа Лүндээ гишүүний дээрх үгэнд ямар ч орчуулга хэрэггүй. Шууд ойлгогдож байгаа юм. Тэрээр ЖДҮ-гийн хэргээс, өөр бусад асуудлаас эвтэйхэн мултрахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлт хийх ёстой гэж намынхандаа зөвлөжээ. Тиймээс Лүндээ гишүүний энэ үг тун удалгүй биеллээ олж, өнгөрсөн хавраас эхлээд Монголын улс төрийн гол үйл явдал болж өнжсөн байх юм.
Лүндээ гишүүнийг ийм зүйл сэдсэн гэхээр хүн итгэхийн аргагүй. Хамгийн харамсалтай нь түүний энэ үгийг УИХ дахь МАН-ын бүлгийг гишүүд хоёр чихээрээ сонссон. Тэгээд нийлж байгаад хэрэгжүүлсэн болж таарч байгаа юм. Бүр шулуухан хэлбэл, төрийн эрхийг Үндсэн хууль өөрчлөх замаар гартаа авч үлдэхээр ярьж, тэр нь ажил хэрэг болоод явж байгаа гэсэн үг.
Тэгэхээр Үндсэн хуульд оруулах гээд байгаа өөрчлөлтүүд дунд өнөөдөр засгийн эрхийг дангаар барьж буй МАН буцаад эрх мэдэлтэй хэвээр үлдэх зүйл, заалтыг оруулж өгсөн магадлал өндөр байна.
Ер нь бол Лүндээгийн санаачлаад, бусад нь дэмжээд хийж байгаа Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийн агуулга, санаа зорилгыг ухаж үзвээс өнөөдөр “60 тэрбум”-ын хэргээр шүүгдэх гээд хүлээж байгаа Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрынхоос илүү ноцтой юу гэхээс дутах юм алга. Тэдэнд төлөвлөөд байгаа 16-20 жилийн ялтай зүйл ангид хамаарч мэдэх хэрэг болохоор байна.
“60 тэрбум”-ын гэх 90 минутын бичлэг дээр тухайн үед Нийслэлийн МАН-ын даргын албыг хашиж байсан Ц.Сандуй “...2012 онд та бүхний итгэлээр Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон. Өнөөдөр 2014 он хүртэлх буюу эхний үе шат. Анх энэ ажлыг авахдаа би 2016, 2017 оны сонгуулиар ялалт байгуулна гэсэн зорилго тавьсан. Намын дарга бага алдах ёстой. Байнга урагшлах ёстой гэсэн стратегийг сонгож, зөв бодлого, зөв менежмент, эв нэгдэл гэсэн агуулгаар ажлаа зохион байгуулж байгаа. Өнөөдрийг хүртэл таны хэлдэг үг байдаг шүү дээ. Ил гарахгүй. Манай багийн надад тавьсан шаардлага бол далд хамгаалалтад байх. Тэр нь 2014 он хүртэл байна. Шатраар бол “Ашигтай байрлалыг эзлэх үе” буюу 2016 оны нэгдүгээр сар хүртэлх үечлэл гэж үзэж байгаа. 2016 оны сонгуулийн сурталчилгааны өмнө явагдана. Есдүгээр сарын 15-ныг сонгосон. Энэ үеэр Намын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн болно. Сонгуулийн албан ёсны бэлтгэлийн ажил эхэлж байна гэдгийг тэрхүү хурал, зөвлөгөөнөөрөө зарлаж бүх хүмүүсийн бэлтгэлийг хангах ажилдаа орно. Сонгуулийн албан бус сурталчилгааг 90 жилийн ойгоороо хийе. Дөрөвдүгээр сарын 27-нд Нийслэлийн МАН-ын 90 жилийн ой болно. Энэ ойгоор бид улс орон даяар нэлээн том акц хийнэ. Ер нь бол сонгуулийнхаа сурталчилгааг албан бусаар эхэлчихье. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс сонгуулийн сурталчилгаа эхлэхээр хуулийн хугацаанд хийх ёстой зүйлээ хийгээд, сурталчилгаагаа явуулъя. 2016 онд ялчихвал 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг авна” гэж ярьсан. Дараа нь тэрхүү төлөвлөгөөгөө задалж яриад 60 тэрбумын бичлэгийг “бий болгосон” байдаг юм.
Яг нарийн дээрээ Ц.Сандуй, А.Ганбаатар, Г.Доржзодов нарын МАН-ын дарга М.Энхболдтой ярьсан “60 тэрбум” яриа нь “Шинэ Монгол хаад групп” гэдэг компанийн байранд л болсон байдаг. Г.Доржзодов матаагүй бол хэн ч мэдэхгүй өнгөрөх байсан.
Харин Лүндээ даргын яриа бол ноцтой. Монгол төрийн ордонд, УИХ-ын нэг субъект болох МАН-ын бүлгийн хурал дээр болсон явдал юм.
Тэгэхээр Ц.Сандуйгаас өмнө Лүндээ гишүүний яриад, хэрэгжүүлсэн маш ноцтой үйлдлийн гэмт хэрэг мөн, бишийн алин болохыг тодорхойлох шаардлагатай боллоо.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.23
№ 210 (6177)