Б.ДОЛЖИНЖАВ
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг нурааж, шинээр барих тухай Ерөнхий сайдын мэдэгдэл маргаан дагуулж, нийгэм хоёр хуваагдаад байна. Нэг хэсэг нь Монголын урлагийн салбарын дурсамж шингэсэн түүхийн үнэ цэнэтэй барилгуудыг нурааж болохгүй хэмээн эсэргүүцэж байгаа бол нөгөө хэсэг нь хуучин барилгыг нурааж, шинээр барихыг зөв хэмээн үзэж байгаа юм. Үнэхээр театруудыг буулгаж, шинээр барих шаардлага байгаа эсэхийг мэдэхийн тулд бодит байдалтай нь биечлэн танилцаж, сурвалжлага бэлтгэхээр УДЭТ-ыг зорьсон юм. Газар хөдлөлтийн долоон баллын бүсэд хамаардаг энэ байшинд УДЭТ, Үндэсний урлагийн их театр, Улсын хүүхэлдэйн театр гэсэн мэргэжлийн урлагийн гурван байгууллага 1963 оноос хойш өнөөдрийг хүртэл байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймдээ ч өрөө, танхимын хүрэлцээ муу тул Драмын театрынхан жүжгийн хувцас хэрэглэл, шаардлагатай эд зүйлсээ хонгилынхоо агуулахад хадгалдаг. Гэтэл үер буувал цонхоор ус орж ирж, хонгил усанд автах агаад ус зайлуулах хоолой байхгүй учир усыг гаргах ямар ч боломжгүй аж. Энэ талаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг “Подвольд агуулахын хажууханд гэрэл, дуу, техник тайзны албаныхан болон үйлчлүүлэгчдийн өрөө бий. Гэхдээ тэр нь ямар ч цонхгүй. Гурван байгууллага байгаа болохоор өрөө хүрэлцдэггүй. Эмчийн үзлэгт орсон нийт ажилчдын 80 хувь нь ямар нэгэн өвчтэй гэж гарсан. Хараа муудах,толгой эргэх, зүрх дэлсэх, даралт ихсэх нь түгээмэл тохиолдож байгаа. Хэрэв их хэмжээний бороо орж, үер буувал агуулахад хадгалж байгаа жүжгийн үнэт зүйлсээ бид хамгаалж чадахгүйд хүрнэ” гэж ярилаа.
[caption id="attachment_72619" align="aligncenter" width="850"] Агуулах гэж бохир, дулааны шугам нь ил, харанхуй, хүйтэн өрөө байх аж. Агааржуулалт, салхивчийн инженерийн шийдэл анхнаасаа хийгдээгүй байна.[/caption]
Энэ барилгын түүхийг сөхвөөс Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүдийн санаачилсан Залуучуудын ордны зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны аравдугаар сард ашиглалтад оруулжээ.
УДЭТ-ын барилга нь бүтэц, хийц, зохион байгуулалтын хувьд 200 орчим өрөө тасалгаатай, 200-500 гаруй хүний суудалтай их, бага хоёр танхимтай, 500 хүний багтаамжтай бүжгийн заалтай, модон карказ бүхий тоосгон өрөлттэй нийт 12.3 мянган метр квадрат байгууламж юм.
Ашиглалтад орсноос хойш их засвар огт хийгээгүй тул олон жилийн ашиглалтын явцад их барилгын суурийн хэсэгт суулт өгч цөмөрсөн. Дотор тайзны хэсгийн болон үзвэр, бэлтгэлийн танхимын хана болон гадна ханын орчмоор ан цав үүссэн дүр зураг биднийг угтсан юм. Ийн гадна болон дотор талд ан цав гарч гажсан, цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэдэг нь 2009,2015,2017 онд хийсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Реконстракшн” оношилгоо, зураг, төсөл, судалгааны төвийн дүгнэлт, “Эс Эс Ай Эм Эн” компанийн хийсэн “Гамшгийн эрсдлийн үнэлгээ”-гээр тогтоогджээ.Цонхны орчимд дээврийн ус байнга гоождогоос тоосгон өрлөг дэвтэн хэврэгшиж, ялуу тулаасгүй болж унах эрсдэлтэй болсон байв.
[caption id="attachment_72620" align="aligncenter" width="850"] Тайз, үзвэр, бэлтгэлийн танхимын хана болон гадна ханын орчмоор ан цав үүссэн дүр зураг биднийг угтсан юм.[/caption]
Театрын үндсэн нэг чухал хэрэглэгдэхүүн нь тайз болон үзэгчдийн заалны акустик буюу цуурай байдаг. Харин уг барилга нь анх төлөвлөгдөхдөө дээр дурдсанчлан Залуучуудын Соёлын ордны зориулалтаар баригдсан тул акустикийн хувьд театрын зохих стандартад нийцдэггүй. Жүжигчид нь тайзныхаа наад талын ирмэг дээр зогсож ярихгүй бол хамгийн арын суудалд сууж буй үзэгчдэд сонсогддоггүй тул орчин үеийн дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмжөөр тоноглон дэлхийн стандартад нийцсэн хагас дугуй буюу Амфи театртай болох шаардлагатайг ерөнхий зураач Т.Ганхуяг хэлсэн юм.
[caption id="attachment_72621" align="aligncenter" width="850"] Гурван байгууллага байгаа болохоор өрөө хүрэлцдэггүй. Подвольд агуулахын хажууханд байх гэрэл, дуу, техник тайзны албаныхан болон үйлчлүүлэгчдийн өрөө ямар ч цонхгүй.[/caption]
Тэрээр “Зарим нэг өрөөнд засвар хийж янзлах гэхээр ханаа цоолж, таазнаас ямар нэгэн зүйл дүүжлэх боломжгүй. Манай театр сонгодог театрын стандартын 20 хувийг хангадаг. Дэлхийд алдартай мюзикл, жүжгийг авчирч тоглуулахаар шаардлагад нийцсэн театр байхгүй. Алдартай дуучид, жүжигчдийг урьж авчрах гэхээр стандартын шаардлага хангаагүй театраасаа санаа зовдог” гэсэн юм. Энэ болон ирэх сард монгол жүжгийн өдрүүд тохиож Драмын театр хуучны жүжгүүдээ сэргээн тоглох гэж буй. Биднийг очиход энэ сард тоглох жүжгийнхээ хувцас, хэрэглэлийг засч сэлбэхээр агуулахаасаа гаргаж тавьжээ. Агуулах гэж бохир, дулааны шугам нь ил, харанхуй, хүйтэн өрөө байх аж. Мөн галын аюул тохиолдоход байгууламжийн 60 хувь нь өртөх эрсдэлтэй, аюулгүй ажиллагааны гарц муутай. Агааржуулалт, салхивчийн инженерийн шийдэл анхнаасаа хийгээгүй. Их байр, үзэгчийн танхимын халаалтын систем муу. Дээвэр нь онгорхой бүтэцтэй төдийгүй дулаалга муутай, цонхоороо сийгдэг гээд дурдаад байвал дуусашгүй олон асуудал тус театрт байна. Тиймээс театрын удирдлага болон ажилчид хуучин театрыг буулгаж, шинэ театртай болох шийдвэрийг дэмжиж байгаа юм. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний номын сангийн бүтээн байгуулалтад төсөвлөсөн 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоож буйгаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 8-нд мэдээлсэн. Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцсэн “Соёлын шинэчлэлийг дэмжье” уриатай хэвлэлийн бага хурлын үеэр УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Театр ямар байдалтай байгааг зөвхөн дотор нь ажиллаж байгаа бид мэднэ. Газар хөдлөлтийн дөрвөн баллад тэнцвэргүй гэсэн дүгнэлт гарчихаад байхад шийдвэрээ буцаасан нь урлагийг хог гэж үзээд байгаатай адил. Агааржуулалт байхгүй, тоосжилт ихтэй, чийгтэй, хөгцөрсөн орчинд ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндийг бодох хэрэгтэй. Хувцас угаах газар, жүжгийн хувцас хэрэглэлээ хадгалах агуулах байхгүй, шал нь цөмөрдөг, нэг өрөөнд хоёр жүжигчин байх байтал 10-уулаа байдаг гээд олон асуудал байна. Үзэгчид, уран бүтээлчид амь эрсдэхээс сэргийлэхийн тулд шийдвэрээ буцаахыг шаардаж байна” гэж ярьсан юм. Драмын театрын ягаан байшингийн дотор талын бодит байдал нэг иймэрхүү байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.14 №203 (6170)
Драмын театрын ягаан байшингийн дотор талын бодит байдал
2019-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин