Р.Оюун
Энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч О.Эрдэнэбатыг урилаа.
-Таныг уран бүтээлийнхээ тоглолтоо хийнэ гэж сонссон. Энэ талаар яриагаа эхэлье?
-“Хувиршгүй сэтгэл” нэртэй шинэ уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр бэлтгэл ажилдаа орсон байгаа. Энэ дуу маань миний анх зохиосон дуу. “Хувиршгүй сэтгэл” дууг гавьяат жүжигчин Д.Болормаа дуулна. Анх 2003 онд дуулж байсан болохоор анхны дуугаараа нэрлэсэн гурав дахь тоглолт маань байгаа.
-Анхны дуугаараа тоглолтоо нэрлэсэн шалтгаан тань?
-Тухайн үед VIII ангиа төгсөөд Багшийн сургуулийн хөгжмийн ангийн III курсын, 17 настай оюутан байхдаа анхны “Хувиршгүй сэтгэл” дууныхаа үг, аяыг зохиож байлаа. Дуугаа хийснээс хойш 30 жил болсон байна. Тиймээс ойдоо зориулж тоглолтоо “Хувиршгүй сэтгэл” гэсэн дээ.
-Та багын ая зохиох авьяастай байв уу. Танайд урлагийн хүн байгаад ингэж нөлөөлөв үү?
-Авьяас байгаа, дээрээс нь сонирхолтой. Хөвсгөл аймгийн хоёрдугаар 10 жилийн дуу, хөгжмийн багш Мянган, дуучин Галхүү багш их нөлөөлсөн. Би 12 настай, VI ангид байхдаа баян хуур хөгжмөөр тоглодог, пионерийн урлагийн наадмаар “Жалам хар”-ыг тоглоод алтан медаль авч байсан. Ингээд хоёр жил хөгжим тоглоод VIII ангиа төгсөөд Багшийн сургуулийн хөгжмийн ангид шалгалт өгөөд ороход Галхүү багш манай дуу хөгжмийн багш байсан. Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж болон мундаг хөгжмийн зохиолчид Багшийн сургуульд хичээл заадаг хүмүүсийн дунд орчихоор дуу зохиомоор санагдаад анхны дуугаа хийж байлаа. Миний баян хуурын багш гэвэл “Хүн хүндээ хайртай байдаг юм” дууг зохиосон Ё.Сүхбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэцэрлэг, Магсаржав байна. Миний аав аймагтаа нэртэй зураач Очирбат гэж хүн байсан. Өндөр Гонгор, Гэлэнхүү, Чингүнжав, хөрөг болон байгалийн зураг зурдаг байсан. Ардын зураач О.Чүлтэм, Одон гуайн шавь нь байлаа.
-Та тэгвэл давхар зураг зурах авьяастай юм байна даа?
-Багаасаа зураг зурж байгаад хөгжим рүү орсон. 1983 онд “Хүүхдийн ертөнц-83” улсын уралдаанд зургаар оролцож II байр эзэлсэн. Түүнээс хойш VI ангид ороод баян хуур хөгжимд дурлаж хүүхдийн номын сангаас баян хуурын сурах бичиг худалдан авч өөрөө бие даан сурснаар хөгжмийн зам руу орсон доо.
-Хэрэв өнөөдөр хөгжмийн зохиолч болоогүй бол зураач болох магадлал өндөр байжээ?
-Тийм ээ. Миний төрсөн ах зураач, аймгийн нэгдүгээр 10 жилд зургийн багшаар ажиллаж байна. Аавын маань өвөө бурхан бүтээдэг зураач байсан юм билээ. Тэгэхээр манайд гурван үеийн зураач байгаа биз. Тиймээс би хөгжим рүү орсон.
-Хүүхэд байхдаа ямар зураг зурдаг байсан бэ. Чөлөөт цагаараа зурдаг уу?
-Аавыгаа дагаад байгаль их зурдаг байсан. Аав маань натурт явахдаа ихэвчлэн байгалийн болон хөрөг зураг зурна. Одоо ч зурахаа байсан. “Инжир” гэсэн дуу, хөгжмийн студи ажиллуулдаг болохоор зураг зурах зав гардаггүй. 500-600 дууны найруулга хийсэн байгаа. Сүүлийн үеийн залуу дуучидтай ажиллаад зав гарахгүй байна.
-Хэзээ нь хөгжмийн зохиолч болсон юм бэ?
-Баян хуур тоглож эхлээд ая оролдож эхэлсэн. Дараа нь Багшийн сургуулийн хөгжмийн ангийг төгсөөд хоёр жил нутагтаа багшилж байгаад Төрийн соёрхолт С.Соронзонболд багшийн удирдлага дор 1994-1998 онд СУИС-ийн хөгжмийн зохиолчийн ангийг төгссөн.
-Та хөгжим бичихийн хажуугаар дууныхаа үгийг өөрөө зохиодог уу?
-Би ганцхан “Хувиршгүй сэтгэл” дууныхаа үг, аяыг хүүхэд насандаа сэтгэлд хөөрөөд бичсэн. Түүнээс хойш дахин бичээгүй. Яруу найрагчидтайгаа хамтраад шүлгээ харж байгаад дууныхаа аяыг хийнэ. Зарим үед дуучдын хоолойд тааруулж бичдэг. Эсвэл өөрөө хөгжмөө биччихээд хэнд таарах вэ, ямар дуучин дуулбал энэ дуу зохицох вэ гэдгийг харж байгаад дуугаа өгдөг. Ихэвчлэн уянгын, хайрын дуу их хийсэн байдаг. Мэргэжлийн дуучдаар дуугаа дуулуулах дуртай.
-Мэргэжлийн, зохиолын дуучид юугаараа ялгаатай юм бэ?
-Ялгаатай. Дуурийн дуучин бол бэлтгэгдэж гарсан мэргэжлийн хүн. Хоолойны тавилт, дээд доод өнгөө яаж авах, амьсгалын дасгалаа хийчихсэн, амьсгаагаа аваад сурчихсан, нот, нюансыг мэддэг хүмүүс чинь дуурийн дуучид юм. Тухайлбал, ЦДБЧ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Батбаатар “Хөх Монголын далай” шинэ уран бүтээлийг дуулна. Мөн ХЦДБЧ-ын дуучин, “Авьяаслаг монголчууд” шоуны II байрны шагналт Хишигбат “Халхын өндөр хайрхан” гэсэн дууг маань мэргэжлийн дуучид дуулах юм. Харин зохиолын дуучид яг унаган байгалийн хоолойгоороо дуулдаг. СУИС-ийн уртын дууны ангийн дуучид миний дуунуудыг их дуулдаг. Багш нараар заалгаж байгаа болохоор амьсгаа сайтай, уртын дуугаар амьсгаагаа аваад сурчихсан байгаа. Ялангуяа, уртын дуучид нийтийн дууг сайн дуулдаг. Яагаад гэхээр тавил байхгүй яг унаган хоолойгоороо дуулдаг учраас хүний сэтгэлд ойрхон очно. Нийтийн дуу хоолойны багтаамж, дээд доод өнгөний харьцааны хувьд дундаж байдаг болохоор дуучид болон иргэд дуулах боломжтой. Тиймээс ард түмэн ийм дуунд дуртай байдаг.
-Захиалгаар дуу хийдэг үү?
-Захиалгаар нутаг усны олон дуу хийсэн шүү. Иймэрхүү дуу дуулмаар байна гэж дуучид над дээр шүлгээ барьж ирдэг. Шүлгээ харж байгаад ая хийнэ. Болохгүйг нь болохгүй байна эсвэл янзал, өөр шүлэг авчир гэдэг. Өөрт таарсан, таалагдсан шүлэгт ая хийнэ. Нийтийн дууны шүлэг өөр, яруу найраг биш. Нийтийн дууны шүлгийн үг нь нэгдүгээр сувгаар хүнд очих ёстой учраас энгийн, ойлгомжтой, уран байна.
-Тэгвэл ямар найрагчийн шүлэг дуу хийхэд их дөхөм байдаг вэ?
-Эмэгтэй яруу найрагчдын шүлэг их дөхөм байдаг. Сүүлийн үед Г.Бөртэ-Үжинтэй нэлээд хэдэн дуу хийсэн. Бид хоёрын “Гүнжхэн хайр” дуу хайрын дууны наадмаас шилдэг дуучны төрөлд шалгарч байсан. Мөн “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” дууны шүлгийг бичсэн Н.Пүрэвтэй 10-аад дуу хийсэн. Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн залуу яруу найрагч Минжинсайханыг оюутан байхаас нь хамтарч нэлээд хэдэн дуу хийсэн байдаг. Ер нь залуу яруу найрагчдыг дэмжиж ажилладаг. Миний “Аав, Алтай хоёр” гэсэн дуугаар Батхуяг гарч ирсэн. Араас нь “Чамгүй болохоор”, “Хайрын шувууд”, “Нүдэн гоо” дуугаар залуу дуучид гарч ирсэн. Одоо ч гэсэн миний тоглолт дээр анхныхаа уран бүтээлийг хүргэх гэж байгаа залуу дуучид бий.
-“Хувиршгүй сэтгэл” тоглолтод ямар ямар дуучинд оролцох вэ?
-Мэдээж, миний тоглолтод гавьяат жүжигчин Д.Болормаа “Хувиршгүй сэтгэл” дуугаараа оролцоно. Мөн гавьяат жүжигчин Б.Батбаатар, гавьяат жүжигчин М.Бямбажав, Соёлын тэргүүний ажилтан, баруун Монголын дуучин Ж.Эрдэнэдалай, Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах, Я.Гэрэлчулуун гээд 20 гаруй дуучин ая дуугаа өргөнө.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
2019.10.11 №202 (6169)
О.Эрдэнэбат: 17 настайдаа “Хувиршгүй сэтгэл” дуугаа зохиосон
2019-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин