Грета Танберг хийгээд түүний адил өсвөр залуу таван тэмцэгч идэвхтэн

2019-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Өөрийнхөө эрхийн төлөө болон гариг дэлхийгээ авран хамгаалахын төлөө тэмцэхэд нас, бие багадахгүйг нотлон харуулсан үлгэр жишээнүүдийг tattler.ru толилуулсныг уншигчдадаа орчуулан хүргэж байна. Д.ЭНХЭЭ Грета Танберг Экологийн асуудлын талаар Грета найман настайдаа олж мэдсэн. Биднээс өөрсдөөс маань шалтгаалж манай гариг дэлхий дээр болж байгаа өөрчлөлтүүд, мөн насанд хүрэгчид юу ч хийхгүй нүдэн балай, чихэн дүлий байгаа явдалд Танберг аргаа барж, зүрх сэтгэл нь хямарчээ. Нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд зөв сайн охидын хийх ёстой ажлыг Грета өөрөөсөө эхэлж, махтай хоол хүнс, онгоцоор нисэх, ухаалаг бус хэрэглээ зэргээс татгалзжээ. Дараа нь тэр эко идэвхтний эгнээнд эцэг эхээ уруу татан оруулсан. Тэгээд Танбергүүд одоо байшиндаа нарны зай суурилуулж, дугуй унаж, хотын гаднахь ногооны талбайдаа хүнсний ногоо тарьдаг болсон. Охины ээж, шведийн дуурийн нэртэй дуучин Малена Эрман ажил албанд саад төвөгтэй ч гэсэн онгоцоор нисэхээс татгалзаж, экологид арай бага хор учруулдаг галт тэргээр зорчдог болжээ. Шведийн экологийн асуудал руу улстөрчдийн анхаарлыг татахын тулд Грета парламентын сонгууль болохоос гурван долоо хоногийн өмнө, 2018 оны наймдугаар сард сургуульдаа явахын оронд риксдагийн (шведийн парламент) ордны ойролцоо болдог жагсаал цуглаанд “Цаг уурын өөрчлөлтийн төлөө сургуулийн хичээл хаялт” гэсэн зурагт хуудас барин оролцож эхлэв. Үүнээс гадна тэр бүгдийг уудлан илчилсэн “Швед улс бол даган дуурайх үлгэр жишээ биш” хэмээх эсээ бичив. Тэр үед сургуулийн сурагч охины эсэргүүцлийг дэмжиж түүний тэмцэлд хэдэн арван хүн нэгдсэн бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өсвөр залуу идэвхтэн тэмцэгч рүү анхаарлаа хандуулсан юм. Сонгууль болж өнгөрсний дараа Грета сургуульдаа явдаг болсон ч долоо хоногийн дөрвөн өдөр нь хичээлдээ сууж, тав дахь өдөр буюу баасан гаригт парламентын ордны дэргэдэх жагсаал цуглаанд оролцсон хэвээр, гариг дэлхийн хувь заяаны төлөө сэтгэл зовдог бусад хүмүүсийг өөрийнхөө хийж байгаа тэмцэлд нэгдэхийг уриалсаар байв. Түүний үлгэр дуурайл гайхалтай үр дүнд хүрч, одоо инстаграм дахь Гретагийн санаачилгын албан ёсны #fridaysforfuture хэштегийн дор 468 мянган санал сэтгэгдэл нийтлэгджээ. 2019 оны нэгдүгээр сард сурагч охин Давосын олон улсын эдийн засгийн форумд оролцон үг хэлж, гуравдугаар сард Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж, хэд хоногийн өмнө НҮБ-ын цаг уурын чуулга уулзалтад үг хэлэхдээ “хий хоосон чалчаа үгээр хүүхэд нас, хүсэл мөрөөдөл хулгайлагдаж” байгаад дэлхийн лидерүүдийг буруутгасан. Түүний хэлсэн энэ үгийн талаарх маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Гэхдээ Грета өөрийг нь буруутгасан бүхий л зэмлэл шүүмжлэлийг үл харгалзан экологийн асуудалд улам илүү өргөн олны анхаарлыг хандуулах зорилгоо хэрэгжүүлсээр байгаа бөгөөд хүний үйл ажиллагаанаас хамааралтай хүрээлэн буй ертөнцийн өөрчлөлт манай гаригийн сая сая оршин суугчдын оюун бодлыг урьд хожид хэзээ ч ингэж эзэмдэж байгаагүй билээ. Малала Юсуфзай Афганистантай хил залгаа Пакистаны Сват тойрогт Малала төрсөн. Орон нутгийн сургуулийн захирлаар ажилладаг эцэг нь охиныхоо сурах хүсэл тэмүүллийг байнга дэмжин урамшуулж, охид бол хөвгүүдийн нэгэн адил боловсрол олж авах ёстой хэмээн үздэг байсан нь нутгийнхны хэмжүүрээр бол яггүй эрс тэс итгэл үнэмшил байжээ. 11 насандаа Малала ВВС-д зориулан Гюль Махай (урду хэлнээс хөрвүүлбэл “хонгорзул” цэцэг) хэмээх нууц нэрээр блог хөтөлж, түүндээ талибуудын удирддаг бүс нутаг дахь тогтворгүй нөхцөл байдлын талаар өгүүлж, эмэгтэйчүүдийн боловсролын талаар санаа бодлоо хуваалцаж байв. Исламабад болон Сватын хөдөлгөөний лидерүүдийн хооронд гэрээнд гарын зурсны дараа шариатын хууль үйлчилж эхэлжээ. Тэрхүү хуульд “Дорнын эмэгтэйчүүдийг чөлөөлөх”-ийг, түүний дотор боловсролоос чөлөөлөхийг тунхагласан бөгөөд Малала болон бусад охидыг сургуульд явахыг хоригложээ. Бүс нутгаас талибуудыг шахан зайлуулах ажиллагааны дараа шариатын хуулиар хэрэг шүүхийг өөрчилжээ. Охид хичээл сургуульдаа дахин явж эхлэв. Боловсрол олж авах хүүхдийн эрхийг хамгаалах кампанит ажлыг Малала болон түүний эцэг зохион байгуулав. Тэмцэгч идэвхтэн охин “Гюль Махай” хэмээх баримтат кинонд зураг авахуулснаар олны танил болсон блогийн ард хэн байснаа нийтэд дэлгэн харуулжээ. 2012 оны аравдугаар сарын 9-ний өдөр талибын зэвсэгт этгээд Малалагийн сууж явсан сургуулийн автобусыг зогсоож түүн рүү хэд хэдэн удаа бууджээ. Охиныг яаралтай нислэгийн онгоцоор Их Британид хүргэв. Сум түүний толгой, хүзүүг нэвтлэн гарсан боловч эмч нарын хүчин чармайлтын ачаар Малалаг аварч чадсан. Хожим нь Forbes-т өгсөн яриандаа тэмцэгч охин “Тэр өдөр миний сул дорой байдал, айдас хүйдэс нэгмөсөн арилж, хүч чадал шинээр төрсөн” хэмээн мэдэгджээ. Малала боловсрол олж авах эрхийн төлөө дэлхий даяарх эмэгтэйчүүдийн тэмцлийн бэлэг тэмдэг болсон. Амь насанд нь налдсанаас хойш 16 насныхаа төрсөн өдрөөр тэр анх удаа нийтийн өмнө, тэгэхдээ шууд НҮБ-ын чуулганд үг хэлсэн. Үүний дараа тэр улс орнуудын тэргүүнүүдтэй уулзаж, “Би Малала” хэмээх ном бичиж, 2014 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж, дэлхийн энхийн элч цол хүртсэн. Малала 2017 онд Оксфордын их сургуульд элсэж, гүн ухаан, улс төр, эдийн засаг судалсан. Амь насанд нь халдлага үйлдсэнээс хойш зургаан жилийн дараа 2018 онд бүсгүй Ерөнхий сайдтай уулзахаар төрөлх эх орон Пакистандаа буцаж ирсэн. Одоогоор түүний төлөвлөгөөнд оюутны амьдрал болон Малала сангийн хүрээнд явуулах үйл ажиллагааны хооронд тэнцвэр олох явдал оршиж байна хэмээн Малала ярьж байна. Софи Круз Америкт байнга оршин сууж амьдрах эрхгүй мексикийн цагаач эцэг эхийгээ бодвол Софи Круз АНУ-д төрсөн, энэ улс орны бүрэн эрхт иргэн нь. Хүнд суртлын улмаас эцэг эхийг нь албадан гаргах вий гэхээс охин маш их айж түгшдэг байв. Тэрээр таван настайдаа санаачилгыг гартаа авч, зүв зүгээр суухгүй байхаар шийджээ. 2015 онд Ромын пап лам Францискийг Вашингтонд айлчлах үеэр Софи Лос-Анжелесийн идэвхтнүүдийн бүлэгтэй нэгдэн өөрийн зурсан зураг, мөн хууль бус цагаачдын асуудлыг дэвшүүлэн гаргаж тавихыг хүссэн захидлыг католик шашны тэргүүнд дамжуулж өгчээ. Католик шашны тэргүүн болон мексикийн үндэсний хувцастай охины зураг дэлхий даяар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч, пап лам Франциск ч үнэхээр цагаачдын асуудлыг Конгрессд дэвшүүлэн тавьсан. Софи охин үүгээр санаа амарсангүй, тэрээр Барак Обамад захидал бичсэний хариуд Цагаан ордонд уригджээ. 2016 онд Трайбект болсон их наадмын үеэр Софи Крузын тухай Паола Мендосын бүтээсэн баримтат киног үзүүлсэн. Тэр үед охин “Америкийн цагаачлалын шинэтгэлийн нүүр царай” хэмээх цолыг нэгэнт хүртсэн байлаа. Хиллари Клинтон, Дональд Трамп нарын улс төрийн мэтгэлцээний үеэр тэмцэгч идэвхтэн маань ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд хандаж цагаачдын талаар асуулт тавьсан. Вашингтонд болсон эмэгтэйчүүдийн жагсаал (марш)-ын үеэр Софи Круз “Бидний гэр бүлийг тарааж бусниулахгүй байхын тулд сэтгэл зүрхнээсээ, итгэл үнэмшилтэйгээр, чин зориг гарган тэмцэцгээе”  хэмээн эсэргүүцлийн уриа дэвшүүлсэн хамгийн идэр залуу оролцогч болсон билээ. Шуткезат Мартинес  18 настай энэ залуу бараг өлгийтэй байхаасаа гариг дэлхийнхээ экологийн төлөө тэмцэж байгаа билээ. Зургаахан настайдаа тэрээр байгалиа хамгаалахыг уриалж хоёр зуу гаруй хүний өмнө анх удаа үг хэлж байжээ. “Би бүр бага байхдаа ахтайгаа хамт бүх заводыг хаах юмсан гэж хүсдэг байсан. Зургаан нас хүрмэгцээ би бид өөрсдөө тэднийг дэмжиж байгаагаа ухаарч ойлгосон. Бид бол өөрсдийнхөө мөнгөөр гариг дэлхийгээ сүйтгэн хөнөөх явдлыг тэжээн тэтгэж байна”  хэмээн тухайн үед зургаан настай хүү мэдэгджээ. Он жил улиран өнгөрөхийн хэрээр Шуткезат хэлж ярихаас хийж үйлдэхэд шилжсэн. Есөн настайдаа тэр үзэл бодол нэгтнүүдийн бүлгийн хамт Боулдерийн нийтийн цэцэрлэгт хүрээлэнг химийн бодисоор шүршиж цацахын эсрэг тэмцэж үг хэлсэн. Тэр үед хотын зөвлөл хүүхдүүдийн дуу хоолойг сонсон хүлээж авч, хортон шавжтай тэмцэх хөтөлбөрийг дахин боловсруулахад зориулж 50 мянган доллар гаргаж байсан. Энэ бол том ялалт байсан хэмээн Шуткезат үздэг. 2013 онд хөвгүүнийг сайн дураар тэмцэж, ерөнхийлөгч Обамагийн залуучуудын зөвлөлийн гишүүн болсны төлөө АНУ-ын ерөнхийлөгчийн шагнал хүртээсэн. Шуткезат 2015 онд НҮБ-д үг хэлж байсан бол 2016 онд холбооны Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргаж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд арга хэмжээ авахыг шаардсан хорь гаруй идэр залуу идэвхтэн тэмцэгчдийн нэг нь байсан. Шуткезат Мартинес одоо экологийн төлөө тэмцэгч зураач, идэвхтнүүдийг нэгтгэж өөрийн үүсгэн байгуулсан даян дэлхийн байгал хамгаалах Earth Guardians байгууллагын захирлаар ажиллаж байна. Саяхан тэр We Rise номоо гаргаж, мөн эко идэвхтэн Жейден Смитийн хамт дуу бичүүлж, NOW платформыг эхлүүлэх анонсыг гаргасан. NOW хэрхэн ажиллах нь одоогоор тодорхойгүй, цаг уурын хямралтай тэмцэхийн тулд Netflix-тэй адил төстэй зүйл байх болов уу гэсэн хүлээлт бий. 5-100 долларын хооронд захиалга өгснөөр гариг дэлхийг ногооруулах үйлсэд гар бие оролцож болох бөгөөд үүсгэн байгуулагчид нь дроны тусламжтайгаар минутад 150 мод тарьж суулгадаг компанитай хамтран ажилладаг. Сонита Ализаде  Сонита Ализаде улс орныг нь талибууд засаглаж байх үед Афганистанд төрсөн. Түүний гэр бүл Иран руу дүрвэн гарч, охин тэнд цэвэрлэгчээр ажиллаж байв. Сонитаг 10 нас хүрэхэд нь лалын олон улс оронд дэлгэрсэн практикийн дагуу анх удаа мөнгөөр нөхөрт хүчээр гаргах гэж оролдсон боловч бүтээгүй. Гэр бүл нь Иранд хууль бусаар оршин амьдарч байсан болохоор охин сургуульд явж чаддаггүй байсан хэдий ч афганы дүрвэгсдэд бага боловсрол олгодог байгууллагыг эрж олох боломж түүнд олджээ. Тэр үед Сонита өөрийгөө хөгжим, дүрслэх урлагт маш их дур сонирхолтой болохоо илрүүлж мэдсэн аж. Эхэндээ түүний сонирхлыг поп дуучид татдаг байсан бол Eminem, Yas зэрэг жүжигчдийг сонсоод рэп уншихыг хүсч байгаагаа ухаарчээ. Иранд энэ төрлөөр бүсгүй хүн ганцаар ажиллахыг хууль бус гэж үзэх боловч Сонита хүүхдийн хөдөлмөр, дүрвэгсэд, Афганистан дахь дайны тухай өөрийнхөө анхны трекүүдийг бичүүлсэн байна. 16 нас хүрээд Сонита эцэг, эх нь юутай ч түүнийг нөхөрт гаргахаар зарсаныг олж мэдлээ. Сонитагийн ах эхнэр авахын тулд түүний гэр бүлд мөнгө хэрэгтэй байжээ. Тэр үед тэрээр Daughters for Sale хэмээх дуугаа бичиж, танил найруулагчийн тусламжтайгаар клипийн зураг авахуулж түүнийгээ YouTube дээр тавьжээ. “Торонд хашигдаж зовж зүдэрсэн бие, түүнд өлгөсөн зарагдах үнийн хаягаас болж хэмхэрч яйрсан биеийн тухай би арга барагдан туйлдан бахирч байна” гэсэн утга бүхий дууны шүлгийн мөрүүд охиноо зарах эцэг эхийнх нь санаа бодлыг эрс өөрчилжээ. (Сонитагийн охин дүү ч мөн зарагдах аюулаас ийнхүү аврагджээ). Харин Daughters for Sale хэмээх дуу Афганистан болон бусад улс оронд албадан нөхөрт гарах явдалтай нүүр тулсан бүсгүйчүүдийн сүлд дуу нь болсон байна. Daughters for Sale дууны клип олон улсын амжилтад хүрсний дараа Сонита АНУ-д дотуур байртай сургуульд суралцах грант хүртжээ. Одоо түүний хүсэл мөрөөдөл бол “рэпийг уншиж чаддаг хуульч болох”, мөн албадан нөхөрт гаргах зан үйлийн эсрэг шинээр хууль тогтоомж боловруулах явдал болсон байна. Десмонд Наполес Десмонд Наполес 12 настай бөгөөд түүнийг хамгийн нэр цуутай дрэг хүүхэд (охидын загвараар хувцасладаг хүү) хэмээн үзэж байна. Тэрээр хоёр настайдаа ээжийнхээ хамт “World of Wonder” компаниас зохион байгуулсан америкийн реалити шоуг үзээд дрэг соёлыг анх эхлэн сонирхох болжээ. Эцэг эх эхэндээ нийгмийн зүгээс шүүмжилнэ хэмээн хүүгийнхээ сонирхлын талаар санаа зовж, түүгээр ч барахгүй сэтгэл зүйчид хандахад өөрийгөө илэрхийлэхэд нь хүүдээ саад болохгүй байхыг мэргэжилтэн зөвлөжээ. Тийнхүү Агуу Десмонд (хүүгийн тайзны нэр) орны даавуу, нүүр гарын алчуур, ээжийнхээ шаахай зэргээр орлуулдаг байснаа өөрийн гэсэн хурц тод өнгийн даашинз (платье), банзал (юбка), хиймэл үс (парик) хэрэглэдэг болжээ. 2015 онд болсон Нью-йоркийн гей жагсаалд оролцсоны дараа Десмонд олны танил болсон. Тэр үед түүнийг дэмжигч анхны шүтэн бишрэгчид бий болж эхэлсэн. Одоо дрэг хүүгийн инстаграм дахь хуудас 182 мянган дагагчтай болсон. Сүүлийн дөрвөн жилийн дотор тэрээр шоунд зураг авахуулж, Нью-Йоркт болдог загварын долоо хоногийн үеэр Gypsy Sport-ын тавцангаар алхаж, тэр ч бүү хэл “хүүхдэд зориулсан анхны дрэг клуб” хүртэл нээж амжсан. Десмонд бол ЛГБТ нийгэмлэгийн идэвхтэй гишүүн, эрхийн төлөө тэмцэгч юм. Out сэтгүүл 2018 онд хүүг ЛГБТ- ийн нөлөө бүхий 100 гишүүний нэгээр нэрлэсэн бол РуПолын нэрд гарсан дрэг-квин түүнийг “Америкийн ирээдүй” хэмээн ярьж байна. Хүү, түүний гэр бүлийн нэр дээр маш олон тооны шүүмжлэл гардаг хэдий ч Десмон “Ямагт өөрийнхөөрөө бай” хэмээх уриан дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Эх сурвалж: polit.mn
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

7 цаг 35 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

9 цаг 14 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

13 цаг 33 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

13 цаг 38 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

13 цаг 47 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

13 цаг 52 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

14 цаг 4 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

14 цаг 6 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

14 цаг 27 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

14 цаг 29 мин