Б.ТУУЛ
Энэ хичээлийн жилд их, дээд сургууль, МСҮТ гэлтгүй элсэгчдийн тоо цөөн, боловсролын байгууллагуудад төсөв төлөвлөгөө, чанарын шаардлага, өрсөлдөөн өрнөсөн онцлогтой жил. Мөн МСҮТ, политехник коллежид элсэгчдэд 100 мянган төгрөгийн тэтгэлэгт урамшууллыг олгож эхлээд байгаа билээ. Тиймээс МСҮТ-үүдийн сургалтын чанар, багшийн ур чадвар, элсэлтийн талаар БМИҮЗ-ийн Ажлын албаны мэргэжилтэн, доктор Б.Оюунцэцэгтэй ярилцлаа.
МСҮТ, политехник коллежийн есөн хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн
- Улсын хэмжээнд 84 МСҮТ, Политехник коллеж үйл ажиллагаа явуулж байна. Хувь, хувсгалын гэж ялгалгүй, эдгээр сургалтын байгууллагад магадлан итгэмжлэл хэрхэн хийгдсэн байдаг вэ?
-Юуны өмнө, боловсролын магадлан итгэмжлэл гэж юу вэ гэдгийг тайлбарлах нь зүйтэй болов уу. Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д зааснаар Боловсролын магадлан итгэмжлэл нь боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт хараат бус үнэлгээ хийж, ахиц дэвшлийг дэмжин, мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөх ажиллагаа юм. Монгол Улсад энэ үйл ажиллагааг БМИҮЗ хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь их, дээд сургуулиас гадна мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болох МСҮТ, Политехник коллежийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд магадлан итгэмжлэлийг хийж байна. Улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй 84 МСҮТ, Политехник коллеж байгааг өмчийн хэлбэрээр нь авч үзвэл төрийн өмчийн 51, төрийн бус өмчийн 33 нь сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт МСҮТ, политехник коллежийн 20 орчим хувь буюу 16 сургалтын байгууллага магадлан итгэмжлэгдсэн. Мөн энэ хичээлийн жилд 20 гаруй сургалтын байгууллага магадлан итгэмжлүүлэхээр хүсэлтээ ирүүлээд байна.
- Нэгэн үе сурлагын оноо тааруухан, амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд МСҮТ-д сурдаг гэсэн ойлголттой байсан. Харин одоо залуучуудын хандлага өөр болжээ. Олонх нь богино хугацаанд чанартай боловсрол эзэмшээд үргэлжлүүлэн сурах, эсвэл мэргэжлээрээ ажиллая гэж боддог болж. Тийм болохоор МСҮТ, политехник коллежуудын өрсөлдөөнийг бий болгох, сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, чанартай боловсон хүчин бэлтгэх зэрэгт танай байгууллагын үнэлгээ бас чухал байх?
-Тийм ээ. Сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулах нь чанартай боловсон хүчин бэлтгэх гол үндэс юм. Өнөөдөр манай улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт 200 гаруй хөтөлбөрөөр 16 салбарт жил бүр 40 мянга орчим суралцагч суралцаж, 20 мянга гаруй төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргаж байна. Мэдээж эдгээр төгсөгчид нь ажил олгогчдын эрэлт, шаардлагад нийцсэн байх нь чухал. Иймээс БМИҮЗ нь техникийн болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлагыг хангаж буй эсэхэд ажил олгогч, судлаач, төрийн бус байгууллагын төлөөллөөр хараат бус үнэлгээ хийлгэж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гарган ажиллаж байна. Өнөөдөр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын есөн хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн байна. Цаашид хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, ажил олгогч болон ажлын байранд тавигдах шаардлагыг хангахуйц мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэхэд сургалтын хөтөлбөртөө бие даасан, хараат бус үнэлгээ хийлгэж, чанарыг баталгаажуулах нь чухал ач холбогдолтой юм.
Сайн багш бэлтгэхэд олон улсын туршлагуудыг нэвтрүүлэх нь чухал
-Хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байрны судалгааг харахад энэ онд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байна гэж байсан. Энэ бол МСҮТ төгсөгчдөд том боломж. Нөгөөтэйгүүр бид, цаашид мэргэжилтэй боловсон хүчинг илүү чанартай бэлтгэх шаардлагатайг харуулж байгаа хэрэг байх?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтаас гаргасан судалгааг харахад 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох, үүнээс ажиллах хүчний нийт эрэлтийн 70.1 хувь нь байнгын ажлын байр байх хүлээлттэй байна. Мөн ажиллах хүчний эрэлтийг салбараар нь авч үзвэл барилга, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад хамгийн их эрэлт бий болох хандлага байгааг судалгааны үр дүнгүүд харуулж байна. Иймээс мэргэжлийн боловсролын салбарт мэргэжилтэй ажилтанг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн чанартай бэлтгэх асуудал зайлшгүй гарч байна. Боловсролын чанарын асуудалд хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах, чанарыг дэмжин ажиллах нь манай байгууллагын үндсэн зорилго хэдий ч мэргэжлийн боловсролын салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлон ажиллаж буй ХНХЯ болон мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд оролцож байгаа бүх талын хамтын ажиллагаа нь энэ салбарын сургалтын чанарыг сайжруулахад чухал үүрэгтэй юм. 2018-2019 оны хичээлийн жилд нийт 12 МСҮТ, политехник коллеж, есөн хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн бөгөөд эдгээр сургалтын байгууллага, хөтөлбөрүүдийн чанарыг сайжруулахад хөндлөнгийн шинжээчдээс өгсөн зөвлөмж, шаардлагуудыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, холбогдох сургалтын байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.
- Мэргэжлийн боловсролын салбарт суралцагчдын 70 гаруй хувь нь төгсөөд шууд ажлын байртай болдог. Мөн өөрсдөө ажлын байраа бий болгох боломж ч өндөр байдаг гэж ярьдаг. Тийм болохоор нийгэмд бид баялаг бүтээгчдийг бэлтгэхэд ер нь чанар дээр хэрхэн анхаарах вэ?
-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь чадамжид суурилсан хөтөлбөрөөр дамжуулан баялаг бүтээгчдийг бэлтгэдэг онцлогтой. Энэ утгаараа МСҮТ, политехник коллеж төгсөгчдийг өөрсдөө ажлын байраа бий болгох боломжтой гэж үздэг. Мөн манай байгууллага баялаг бүтээгчдийг бэлтгэдэг энэ салбарын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчийн багийг бүрдүүлэхдээ ажил олгогч, судлаач, мэргэжлийн холбоод, мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн төлөөллийг ажиллуулж байгаа нь сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хөдөлмөрийн зах зээлийн оролцогч талуудын санал, дүгнэлтийг тусгах боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр сургалтын чанарт бодитой ахиц дэвшил гарах боломжтой юм.
-Нэгэн үе МСҮТ орхигдоод байдаг байсан. Харин одоо Засгийн газар, ХНХЯ-наас өндөр ур чадвартай, мэргэжилтэй ажилтанг бэлтгэхэд анхаарч байна. Харин одоо чанар талаас нь бид хэрхэн анхаарах вэ. Ер нь МСҮТ-үүдэд багшлах боловсон хүчин, багш нарын ур чадвар хэр байна, ямар үнэлэлттэй явж байна вэ?
-Засгийн газраас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг дэмжих талаар тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох, багшийн түвшин зэрэглэлийг ахиулж, цалин хөлсийг өсгөж, үр дүнгийн мөнгөн урамшууллыг 10 хувь болгон нэмэгдүүлсэн гэх мэт. Хэдийгээр төрөөс салбарыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа боловч багшийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, үйлдвэрлэлийн дадлага туршлагатай багшийн тоог өсгөх зэрэг тулгамдсан асуудлууд тухайн салбарт байсаар байна. Өндөр хөгжилтэй улс орнуудыг харахад мэргэжлийн боловсролын багш нараа тусгайлан бэлдэж байна. Тухайлбал, Герман улс өнөөдөр Европ дахь залуучуудын ажилгүйдэл хамгийн бага байгаа орон. Тус улсад мэргэжлийн боловсролын салбарын багш нараа бакалаврт гурван жил, магистрт хоёр жил, үйлдвэрлэлийн дадлагажигчаар хоёр жил нийт долоон жил сурсны дараа багшлах эрх нь үүсдэг. Өөрөөр хэлбэл, бидний эмч бэлтгэдэгтэй адилхан ач холбогдол өгч байна. Дадлагажуулагч багшийг 16-24 сар мэргэжлийн сургууль, үйлдвэр дундын сургалтын төв дээр дадлагажуулж, улсын шалгалтад хамруулж, тэнцсэн тохиолдолд багшлах эрх олгож байгаа зэрэг олон улсын сайн туршлагуудыг бодлогоор дэмжин хэрэгжүүлэх хэрэгтэй юм.
Элсэлт урьдчилсан байдлаар 50 гаруй хувьтай байна
-МСҮТ-ийн хувьд, улсаас өгдөг хувьсах зардал тааруухан, практик хийх орчин нөхцөл муу гэж яриад байдаг. Ер нь тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Зөвхөн улсаас өгдөг хувьсах зардлын хүрээнд МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулбал сургалтын чанарын тухай ярих боломжгүй. Учир нь мэргэжлийн боловсролын салбарын хувьд сургалтын хөтөлбөр дэх онол, дадлагын харьцаа 30:70 буюу 30 хувь нь онол, 70 хувь нь дадлагад суурилан сургалтыг явуулдаг. Зарим хөтөлбөр 20:80 харьцаатай ч байдаг. Иймээс тус салбарт сургалтын дадлагын орчин чухал ач холбогдолтой бөгөөд магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагын гол үзүүлэлтийн нэг нь юм. Тухайлбал, сургалтын танхим, лаборатори, техник технологи, материал, түүхий эдийн хангамж нь чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн үр дүн, чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн байна. Сургууль дээрх дадлагын газар ажлын байрны симуляц орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн байх бөгөөд тэнд ашиглаж буй багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, механизм, материал, түүхий эд нь суралцагчдад дадал, арга барил, мэргэжлийн ур чадвар олгож, чадамжид суурилсан сургалтын гүйцэтгэлийн шалгуурыг хангах нөхцлийг бүрдүүлсэн шаардлага тавигддаг. Бид сургалтын байгууллагын орчныг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх шалгуур шаардлагыг тавин ажиллаж байна.
-Өндөр хөгжилтэй гэгддэг ХБНГУ, БНСУ, Япон зэрэг улс мэргэжлийн боловсролын салбараа илүүтэй дэмждэг. Энэ салбараас төрөн гарсан ур чадвартай залуус нь өндөр технологи, бүтээн байгуулалтыг бий болгож чадна гэж үздэг. Азийн улс орнуудтай харьцуулахад өрсөлдөх чадвараар бид хаана яваа бол?
-ХБНГУ, БНСУ, Япон зэрэг улс нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх мэргэжлийн боловсролын салбарыг төрийн зөв бодлогоор дэмжиж хөгжүүлснээр улс орон нь технологийн өндөр түвшинд хүрсэн байна. Мэдээж бидний үндсэн зорилго бол боловсролын чанар, төгсөгчдийн ур чадварыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх юм. Иймээс манай байгууллага олон улсын сургалтын чанарт тавьдаг шалгуур шаардлага, туршлагыг судалж, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагыг магадлан итгэмжилдэг APACC буюу Ази-Номхон далайн бүс нутгийн шалгуур, шаардлагатай нийцүүлэн, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын чанарт тавих шалгуур үзүүлэлтийг шинэчлэхээр ажиллаж байна. Ингэснээр манай байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, тэдний шалгуур шаардлагыг хангахад дөхөм болох болно. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл маань APQR буюу Ази-Номхон далайн орнуудын чанарын үнэлгээг хийлгэж, өнгөрсөн долдугаар сард олон улсын чанарын шалгуурыг хангасан байгууллага гэсэн гэрчилгээг гардан авсан. APQR-ын чанарын гэрчилгээ авснаар манай байгууллага олон улсад үйл ажиллагаа явуулах, магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд бие дааж болон хамтарсан хэлбэрээр хийх, шинжээчдийг гадаад, дотоодын их сургуулиудад ажиллуулах, хамтарсан сургалт явуулах, мэргэжилтэн солилцох зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.
-Энэ хичээлийн жилд МСҮТ-үүдэд 28 мянга орчим суралцагч элсүүлэхээр төлөвлөөд байсан. Элсэгчдийн тоо нь гүйцсэн үү. Хэдийгээр их, дээд сургуулийн хувьд энэ жил элсэгчдийн тоо огцом буурсан үзүүлэлттэй байсан ч МСҮТ-д элсэгчдийн тоо боломжийн байсан санагдсан?
-Үндэсний статистикийн хорооноос гаргадаг нэгдсэн мэдээлэл ирэх арваннэгдүгээр сарын 1-нд гарна. Харин өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас авсан урьдчилсан мэдээллээр бол энэ хичээлийн жилд МСҮТ, политехник коллежийн элсэлт 50 гаруй хувьтай байна гэсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.9.11 ЛХАГВА №180 (6147)