Н.Оюунцэцэг: Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал байна

2019-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР ЕБС-ийн химийн сургалтын хөтөлбөрийн багийн ахлагч, доктор Н.Оюунцэцэгтэй 2019-2020 оны хичээлийн жилд хэрэгжих сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын талаар ярилцлаа.   -ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилж ирсэн. Тухайлбал хэд хэдэн жилийн давтамжтайгаар шинэчлэлт хийж байсан бэ? -1921 оны хувьсгалын дараа Европ боловсролын сургуулиуд байгуулагдсан. Мэдээж тэрнээс өмнө боловсрол, сургууль байсан уу гэвэл байсан. Богд хааны үед гэсэн байгалийн ухаан, математик зэргийг зааж байсан бага сургуулиуд байсан. 1921 оны дараагаас Европын стандартын сургууль соёл олноор байгуулагдсан. Ихэнх ууган сургуулиуд 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Тэр үед ЗХУ-ын сургалтын хөтөлбөрийг орчуулаад хэрэглэж байсан. Жишээлбэл, манай ууган нэгдүгээр сургууль нэг хэсэг тэр хөтөлбөрөөр явж байсан. Хөгжлийн явцад өөрсдийн гэсэн боловсон хүчин бий болоод, сургалтын хөтөлбөрөө боловсруулж хэрэглэдэг болсон.  Гэхдээ л тухайн үеийн социалист нийгмийн улс орнууд нэгэн ижил боловсролын системийг хэрэгжүүлж байсан. 1921-1940 он хүртэл сургалтын хөтөлбөрийг цаг үеийн түүхэн бодит байдалд нийцүүлэн ойролцоогоор 20 жилд нэг өөрчилж байсан.  1940-1998 он хүртэл 10 жил тутамд өөрчилж эхэлсэн. Улс орон нийгэм хөгжихийн хэрээр 1998-2014 он хүртэл ойролцоогоор 4-5 жилийн давтамжтайгаар шинэчилж ирсэн. -Энэ удаагийн шинэчлэлт, сайжруулалт өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог вэ? -Одоо хэрэгжиж байгаа сургалтын цөм хөтөлбөр маань 2014 оноос эхлэн бага боловсролд, 2015 онд суурь, 2016 оноос БДБ-д хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр юм. 2018 онд энэ сургалтын хөтөлбөрийг 2024 онд өөрчлөхөөр БСШУС-ын сайдын тушаал гарсан байдаг. Өөрөөр хэлбэл 10 жилийн циклээр шинэчилнэ гэсэн үг. Үүнийг судлаачид бид дэмжиж байгаа. 2018-2019 онд Боловсролын хүрээлэн сургалтын хөтөлбөр хэрэгжилтийн байдалд судалгаа хийсэн. Энэ судалгааны үр дүнд болж бүтэж байгаа зүйлсээс гадна, хүндрэл бэрхшээлүүдийг илрүүлсэн. Гуравдугаар сард Үндэсний хэмжээний  21 аймгийн төлөөлөл багш нартай хамт хэлэлцүүлэг хийсэн. Энэ хэлэлцүүлгээр мөн л багш нар хоорондоо тулгамдаж буй асуудал үүргээ хэлэлцсэн. Эдгээр судалгааны үр дүнд сургалтын хөтөлбөрийг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Ингээд Боловсролын Хүрээлэн ахлан  гуравдугаар сараас хойш сайжруулах ажлыг хийж байгаа. Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг агуулгын давхардлыг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж, багтаамжийг багасгах чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёоллыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэргээр сайжруулалт хийгддэг. Сургалтын хөтөлбөрийн гол асуудал нь чанар юм. Агуулга төдийгүй зорилт, үнэлгээний арга зүйг сайжруулсан. Тухайлбал бага, суурь боловсролын үнэлгээний зорилт, шалгуур жинг тодорхойлж, хөтөлбөрт тусгаж өгсөн байгаа. - Боловсролын хүрээлэнгийнхэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүний чанарыг өргөн хүрээнд үнэлсэн нь судалгаа хийсэн. Үүний үр дүн юу байв? -Хамгийн сүүлд Боловсролын хүрээлэнгийнхэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүний чанарыг өргөн хүрээнд үнэлсэн нь судалгааны чухал баримт болсон. Түүгээр сургалтын хөтөлбөрт гарч буй асуудал, бэрхшээлийг илрүүллээ. Үүний хүрээнд багш нарын дунд анх удаа үндэсний хэлэлцүүлэг өрнүүлсэн. Уг хэлэлцүүлэг судалгаанаас ялгаатай нь, практикт сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарт, сургуулиудын удирдлагад ямар бэрхшээл тулгарч буйг үнэлж, дүгнэснээрээ ач холбогдолтой. Энэ бүхний дараа монгол хэл, математик зэрэг судлагдахуун бүрээр мэргэжлийн багууд томилогдон, өнгөрсөн зуны турш ажиллаж, суралцахуйн удирдамжийг сайжруулан, сурах бичгүүдэд тохиргоо хийлээ. Сайжруулсан хөдөлбөрийн дагуу арга зүйн зөвлөмжийг нь хамт сайжруулах, сурах бичгийг нь сайжруулаад, тэгээд нийт багш нарт сургалт хийж байна. Цөм хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд сурагчдын дунд явуулсан байгалийн ухааны сорилын гүйцэтгэл 30-40 хувьтай буюу хангалтгүй дүн үзүүлсэн. Аль ч үнэлгээгээр сургалтын чанар энэ хавьд тогтчихоод байгаа юм. Сурагчдын амжилт, сурлагын чанарыг ахиулах нэг хүчин зүйл нь  хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тохиолдож буй бэрхшээлийг бууруулах, сургууль багш нарт дэмжлэг үзүүлэх явдал  юм. Энэ утгаар сургалтын хөтөлбөрийг сайжруулсан. Сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамжийг буурснаар багш, сурагчийн ачаалал тодорхой хэмжээгээр багасч хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. -Сургалтын хөтөлбөрийн агуулгыг багасгана гэлээ. Багасгаснаар ямар өөрчлөлт, давуу талтай вэ? -Тухайн хичээлээр судалж буй бүлэг, сэдвүүдийг сургалтын хөтөлбөрийн агуулга гэнэ. Эдгээрийг хасаж, цөөлөн, нэгтгэж, нягтруулан, давхцалыг нь арилгах, суралцахуйн зорилтуудын томьёололыг сайжруулах замаар агуулгыг багасгалаа. Ингэхээр багш, сурагчийн ачаалал тодорхой хэмжээнд буурна. Хэдэн хувиар гэдгийг шууд хэлэхэд төвөгтэй.  Жишээлбэл, дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг тус бүр 8-10, бага ангийнхыг 35 орчим хувь буурсан. Гэхдээ энэ бол тоон үзүүлэлт. Хөтөлбөрт өөрчлөлт оруулсан гол шалтгаан нь сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулахад оршино. Ингэхийн тулд XXI зууны боловсрол хэрхэн өөрчлөгдөж байгааг, сургалтын хөтөлбөрт ямар шаардлага, шалгуур тавьж буйг харгалзан үзсэн. Агуулга хэдий  чинээ бага, тодорхой байна, хүүхэд тэр хэрээр мэдлэг, чадвар эзэмших боломж бүрддэг. Тиймээс хэт ерөнхий агуулгуудыг нэгбүрчлэн тодорхой болгосон. Тухайлбал, “Байгалийн юмс үзэгдлийг судлах” гэвэл хэт ерөнхий сонсогдож байгаа биз. Харин үүний оронд “Ионы холбоог өгсөн жишээн дээр тайлбарлах” гэж тодруулбал, илүү ойлгомжтой зорилго болно. Агуулгын хүрээг ингэж тодорхой болгосноор хөтөлбөрийн агуулгын багтаамж багасаж байгаа юм. Түүнээс биш сургалтын агуулга бол тоо, ширхгээр хасдаг зүйл биш юм. -Мэдээж сургалтын хөтөлбөрийн сайжруулалт хийгдэж байгаа нь сайшаалтай хэдий ч хэрэгжилт хамгийн чухал. Тийм үү? - Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон арван хүчин зүйл нөлөөлдөг байна. Хамгийн нэгдүгээрт, багшийн мэдлэг, чадвар. Үүний дараа төрийн бодлого, дэмжлэг чухал аж. Тухайлбал, байгалийн ухааны хичээлд нэг ангид суух хүүхдийн тоо 30-аас хэтрэхэд л хөтөлбөр хэрэгжихгүйд хүрдэг. “Асуудлыг шийдвэрлэх чадварт суралц, туршилтаар мэдлэг чадвараа бүтээ” гэж хөтөлбөр “шаардаад” байдаг. Гэтэл үүнийг хийхийн тулд жүрж, сүү, талх, даавуу гэхчлэн бидний өдөр тутамд хэрэглэдэг зүйлсийг ашиглах ёстой. Сургалтын хэрэглэгдэхүүнийн хувьсах зардал байхгүйгээс энэ нь бас л хэрэгждэггүй. Тиймээс анги бүрийг тухайн хичээлд хэрэглэх зүйлсээр нь хангах шаардлагатай болох нь. Түүнээс гадна сургуулийн удирдлага, менежерүүдийг чадваржуулах нь сургалтыг зөв зохион байгуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. 2014 оноос манай сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээ өөрчлөгдсөн. Хими, физикийн хичээлээр ийм мэдлэг олж авах ёстой гэхээсээ илүүтэй ямар чадвар эзэмших, түүнийгээ амьдралд хэрхэн ашиглах дадал суулгах зорилготой. Тиймээс л шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд ойлгохгүй, хуучин сэтгэлгээгээгээр хандах зэрэг бэрхшээл хүндрэл учирч байв. Ер нь боловсролын шинэчлэл өөрчлөлт нь цаг хугацаа хөрөнгө мөнгө, анхаарал дэмжлэг шаардсан тасралтгүй үйл шүү дээ. Суралцахуйн зорилт буюу тухайн судлагдахууныг хүүхэд хэрхэн мэддэг болсныг ямар даалгавраар үнэлэх вэ гэдэг гол асуудал. Урьд нь сурагчийн мэдлэгийг л үнэлдэг байсан. Ингэхдээ тухайн сэдвийг яриулж, бичгээр, эсвэл тестээр шалгадаг байв. Харин өдгөө зүгээр ч нэг баримтын юм уу, цээжилсэн мэдлэг бус, тухайн сурагчийн ойлгосон мэдлэг буюу  толгойн доторх төлөвшсөн ухагдахууныг үнэлнэ гэсэн үг. Боловсролын чанарыг төр, засаг хангалттай хэмжээнд анхаарахгүй явж ирсэн гэж үздэг.  Цаасан дээр шинэчилснийгээ багш нарт даатгаад орхидог байв. Тэднийг хөтөлбөрийн дагуу сургаагүй тул шинэ хөтөлбөрийг хуучин арга, сэтгэлгээгээр хэрэгжүүлэх гэж зүтгэсээр цаг алдсан. Харин одоо эрчимтэй дэмжих цаг ирлээ. Сургалтын хөтөлбөрийг сайжруулсантай холбоотойгоор үндэсний 550 сургагч багш бэлтгэх тав хоногийн сургалтыг өнгөрсөн өдрүүдэд зохион байгууллаа. Багш нарыг сургахгүйгээр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс эдгээр 550 хүн салбарын 44 000 багшид сурсан, мэдсэнээ хүргэсэн. Цаашид сургуулийн бие даасан байдлыг улам дээшлүүлж багш нарын нийгмийн асуудлыг төрөөс анхаарах шаардлагатай. Багш нартаа 2019-2020 оны хичээлийн жилийн баярын мэнд хүргэе. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.2  ДАВАА  №174  (6141)
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

1 цаг 24 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

5 цаг 43 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

5 цаг 48 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

5 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

6 цаг 1 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

6 цаг 13 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

6 цаг 15 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

6 цаг 37 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

6 цаг 39 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

14 цаг 52 мин