Н.ЧИНГҮҮНЖАВ
Энэ удаа бид “Шилдэг” бүрэн дунд сургуулийн VII ангийн сурагч Т.Эмүжинг урьж ярилцлаа. Тэрээр чөлөөт цагаа ном уншиж өнгөрүүлэхийн сацуу уншсан номынхоо тэмдэглэлийг тогтмол хөтөлж оюунаа цэнэглэдэг юм.
-Номтой хэрхэн нөхөрлөсөн талаар яриагаа эхлэх үү?
-Манай багш ангийнхаа бүх сурагчдад ном унших нь ямар ач тустай талаар ойлгуулж ном унших хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ нь надад ном унших хүсэл төрүүлж, номын амтанд оруулсан даа.
-Ангидаа уншсан номынхоо тоогоор уралддаг гэж сонссон?
-Манай анги сурагчдаа зургаан баг болгож хуваагаад уншиж тэмдэглэсэн номын тоогоор нь оноо өгдөг юм. Нэг ном 10 оноотой. Хамгийн их оноо цуглуулсан багийг хичээлийн жилийн төгсгөлд аялалаар явах эрхээр шагнадаг юм. 10 оноо авахын тулд номоо дуустал уншаад, тэмдэглэл хөтлөөд эцэг эхчүүдийнхээ Facebook группд танилцуулдаг. Энэ нь биднийг шударга өрсөлдүүлэхээс гадна олон ном унших хүслийг өдөөдөг.
-Ном уншихдаа зориулж цаг гаргадаг уу. Эсвэл чөлөөт цагаараа уншдаг уу?
- Би аль болох зав гаргаж уншихыг хичээдэг. Даалгавраа хийчихээд зав гарвал номоо уншина. Өглөө босоод эхлээд зуны даалгавраа хийнэ. Дараа нь гадаа гарч тоглоно, ном уншина гэсэн өдрийн төлөвлөгөө гаргадаг. Цагаа төлөвлөөд сурчихвал өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тустай. Гэхдээ гадаа гарсан ч номоо уншаад сууж байдаг даа. Нэг өдөр гадаа ном уншиж байтал нэг охин ирээд “Эгчээ та ямар ном уншиж байгаа юм. Би уншиж болох уу” гэж асуугаад бид хоёр ярилцаж суусан. Гэтэл номонд их дуртай, том болоод номын санч болно гэж хэлсэн нь надад их таалагдсан.
-Унших номоо хэрхэн сонгодог вэ. Аав ээж нь авч өгдөг үү?
-Аав ээж ном авч өгнө. Гэхдээ би сонирхсон номоо аль болох өөрөө мөнгөө цуглуулаад худалдаж авахыг хичээдэг . Одоогоор цуглуулсан мөнгөөрөө дөрвөн ном худалдаж аваад байна. Найзтайгаа хамт нэг ном эхлүүлээд дараа нь уншсан номынхоо талаар ярилцах нь бидэнд сонирхолтой санагддаг. Номноос олон зүйлийг мэдэж авдаг. Тиймээс долоо хоногт заавал нэг ном уншдаг.
-Монголын нууц товчоог уншаад дуусчихсан гэсэн үү?
- Монголын нууц товчоог аль хэдийн уншчихсан. Монголынхоо түүхийн талаар сайн мэдлэгтэй болсон гэж бодож байна. Саяхан манай үеэл дэнлүү гэдэг үгийг мэдэхгүй эмээгээс асуухад нь би утгыг нь тайлбарлаж өгсөн. Үүнийг мөн л номноос уншсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.8.22 Пүрэв №167 (6134)
Олон ном уншвал ангиараа аялалд явна
2019-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин