Б.НАМУУНТАМИР
Сурагчдын зуны амралт дуусч, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байна. Бид энэ удаа “Дүнжингарав” худалдааны төвийг зорьж хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үнийн талаар сурвалжиллаа.
Дэвтрийн үнэ өмнөх оноос 50-200 төгрөгөөр нэмэгджээ
Жил бүрийн наймдугаар сарын сүүлийн өдрүүдэд худалдааны төвүүдэд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болдог уламжлалтай. Гэхдээ тэр үед олон хүн бужигнаад, сонголт хийхэд түвэгтэй байдаг зовлон ч бий. Харин өнөөдөр “Дүнжингарав” худалдааны төвөөр явж сурвалжлага хийхэд хичээлийн хэрэгсэл худалдаж байгаа лангуу, хэсгүүд хүн цөөнтэй, сэлүүхэн байлаа. Худалдааны төвийн бичгийн хэрэгсэл зардаг лангуу үйлчлүүлэгчгүй шахам байв. Лангуу түрээсэлдэг эмэгтэй “Өдийд наймааны оргил үе байдаг байсан. Гэтэл хүмүүс нэгдсэн үзэсгэлэн худалдаа хүлээгээд байх шиг байна. Энэ жил худалдан авагч алга. Түрээсээ арай гэж төлж байна” хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Улаанбаатар дэвтэр 12 хуудастай нь 250 төгрөгөөс эхлээд 96 хуудастай дэвтэр 1500 төгрөгийн үнэтэй байгаа бол польш дэвтэр 350-1000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байлаа. 12 хуудастай дэвтрээс 96 хуудастай дэвтэр 250-1300 төгрөгийн ханштай байна. Харин зургийн дэвтэр1000-3500, үзгэн бал 500-4500, баллуур 200-800, өнгийн цаас 900-3000, үзэгний сав 3500-12000, штрик 1000-1500, цаасны цавуу 500-2000, пламастер 2500-6500, өнгийн хурандаа 1500-3000, усан будаг 2000-3000, шугам 200-2000, скоч 350-2000, балны запас 3000-3500, үзүүрлэгч 200-500, гортиг 1500-9000, сампин 2500-3000, гуаш 4000-6000, баримлын шавар 2500-4000, хайч 1500-3500, тодруулагч 800-1000 төгрөгийн үнэтэй байлаа.
“Дүнжингарав” худалдааны төвийн бичиг хэргийн үзэсгэлэнгийн лангууны худалдагч С.Мөнхжаргал “Өмнөх жилээс монгол дэвтрийн үнэ 50-200 төгрөгөөр нэмэгдсэн. Бусад хичээлийн хэрэгслийн хувьд урдаас оруулж ирдэг болохоор өмнөх жилүүдийнхээс нэг их хол зөрөөгүй байгаа. Үзгэн бал 500-4500 төгрөг, харандаа баллуур шугам гээд бүгд 800 төгрөгөөс эхлээд чанараасаа хамаараад үнэ нь өсчихнө. Яг одоогийн байдлаар үйлчлүүлэгч багатай л байна” гэсэн юм.Тэрбээр сүүлийн дөрвөн жил дараалан хичээлийн хэрэгслийн наймаа эрхэлж байгаа аж. Түүний хэлснээр сүүлийн гурав хоногт худалдан авагчид эрс ихэссэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ашиг орлого нь харьцангуй буурсан гэв.
Нийслэлчүүдийн зан байдал нь нэг л иймэрхүү, цагийг нь тулгаж оволздог заншлаараа хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдчихээд байхад гэнэт толгойн тус газарт сум харвадаг юм шиг. Дан ганц нийслэл гэлтгүй монголчуудын зан юм.
Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж буй Г.Баярмаа “III, VII ангийн хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж явна. Өнгөрсөн жилийнхээс дэвтэр нь л өссөн байна. Бусдаар үнэ нь тогтвортой байх шиг байна. 30 ширхэг дэвтэр, үзэг, харандаа гээд бүгд нийлээд зөвхөн хичээлийн хэрэгсэл нь 60 гаруй мянган төгрөг боллоо. Одоо цүнх, форм авна даа” гэлээ.
Хичээл эхлэх дөхөхөөр урд ч цүнхний үнэ нэмэгдчихдэг
Харин цүнхний тухайд сонголт ихтэй юм. Охидын үзэх дуртай барбитай, хөвгүүдийн баатрын зурагтай өнгө алагласан цүнхнүүд өнгө өнгөөрөө өрөөтэй харагдана. Сурагчийн цүнх том жижгээсээ хамаараад 25-80 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Энэ жил даавуун материалтай, хөнгөн цүнх ихэвчлэн зарагдаж байгааг худалдагчид хэлж байлаа. Бага ангийн сурагчдын хүүхэлдэй, машины зурагтай өнгө алагласан эмэгтэй, эрэгтэй цүнхнүүд 25-85 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байлаа. Харин дунд, ахлах ангийн сурагчид, оюутан залууст зориулсан даавуун, савхин, арьсан цүнх 30 мянган төгрөгөөс эхэлж байв.
“Дүнжингарав” худалдааны төвд цүнхний худалдагч М.Уламбаяр “Энэ сарын 15-наас шинэ бараа ирнэ. Монголчууд цагийг нь тулгаж байж хөдлөх юм. Хичээл эхлэх дөхөхөөр урд ч цүнхний үнэ нэмэгдчихдэг. Тэгээд бид дагаад үнээ нэмэхээс аргагүй болдог. Өнгөрсөн жилийн загварууд хямд байгаа. Гэхдээ энэ жил хүмүүс хөнгөн, барихад эвтэйхэн цүнх их авч байна. Өнгөрсөн жил том овортой, зурагтай цүнх их зарагдсан. Энэ жил энгийн үүргэвч, даавуун материалтай цүнх ихэвчлэн зарагдаж байна. Шинээр ирэх загварууд маань ч тийм байна” гэсэн юм.
Цүнх сонирхож явсан эмэгтэй “Манайх сургуулийн насны гурван хүүхэдтэй. Хичээлийнх нь бэлтгэлийг бага багаар хийе гэж бодоод явж байна. Өнөөдөр хоёр цүнх авлаа. Нэг дор бүгдэд нь авчихаар хэтэрхий их зарлага гарчихдаг юм. Хичээл хараахан эхлээгүй байгаа учраас хичээлийн хэрэгслийн үнэ тогтвортой байна. Гэхдээ хичээл эхлэх цаг нь тулаад ирэхээр наймаачид доллар, юанийн ханш өссөн гэдэг нэрээр дээрх үнэ дээр 500-1000 төгрөг нэмж зардаг” гэж байлаа.
Дүрэмт хувцас 70-153 мянган төгрөгийн үнэтэй байна
Дүрэмт хувцасны хувьд I-V ангийн охидын иж бүрэн форм 70 мянга бол хөвгүүдийнх 91 мянга, дунд буюу VI-IX дүгээр ангийн охидын иж бүрэн дүрэмт хувцас 108 мянга бол хөвгүүдийнх 112 мянга, харин ахлах ангийн охидын дүрэмт хувцас 138 мянга, хөвгүүдийнх 153 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн үйлдвэр, материалаасаа шалтгаалаад энэ үнэ хэлбэлздэг гэдгийг хэллээ. БСШУСЯ-наас загвар, стандартыг тодорхойлж өгсөн учраас дүрэмт хувцсыг ижил үнээр борлуулах ёстой гэж заасан. Гэвч аж ахуйн нэгжүүд үндсэн материалуудаа Япон, Солонгосоос оруулж ирсэн хэмээн бүтээгдэхүүнийхээ үнийг өөр өөр тогтоодог байна. Эцэг эхчүүд дүрэмт хувцас хэт үнэтэй байгааг хэлж байлаа. Иргэд зангиа, цамц, хүрэм, өмд, сарафан гээд хослуулж авахаас илүү салгаж авах тохиолдол их байдаг аж. Тухайлбал, өмд хүрэм хоёрыг нь энэ жил томдуулж аваад дараа жил дан цэнхэр цамц худалдаж авах нь хосоор нь авснаас илүү хямд байдаг аж. Харин худалдагчид бүгдийг нь хамт авах, салгаж авах нь эргээд үнийн дүнд ямар ч өөрчлөлт гарахгүй адилхан байдаг тухай хэлж байв.
Үүнээс үзэхэд энэ хичээлийн жилд нэг хүүхэд дунджаар хувцас болон хичээлийн хэрэгсэлдээ 250-350 мянган төгрөг зарцуулах бол хоёр хүүхэдтэй өрх 500-700 мянган төгрөг зарцуулах төлөвтэй байна. Ийнхүү шинэхэн хувцсаар гангарсан сэргэлэн цовоо хүүхдүүд эрдэм номын өргөөндөө шуугилдан, баясах цаг ойртсоор.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.8.9 БААСАН №158 (6125)