Ө.ТҮМЭНДАРЬ
“Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-ын сайн дурын ажилтан Т.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр суралцахынхаа хажуугаар дотоод, гадаадад зохион байгуулсан үйл ажиллагаануудад сайн дурын ажилтнаар ажиллаж, сайн үйлсэд тогтмол хувь нэмрээ оруулдаг нэгэн юм.
-Хэзээнээс эхэлж сайн дурын ажил хийж эхэлсэн бэ?
-Хоёр жилийн өмнөөс буюу ерөнхий боловсролын сургуулиа төгссөн цагаасаа хойш хийж эхэлсэн. Нөлөөлсөн хүчин зүйл гэвэл миний суралцаж буй мэргэжил эрх зүйч. Мэргэжил маань өөрөө нийгэмд сайн сайхан, шударга ёсыг тогтоох учиртай. Тиймээс одооноос эхлээд нийгэмд өөрийн хувь нэмрийг багахан ч гэсэн оруулах нь зүйтэй гэж үзээд хийж эхэлсэн. Би мөн илтгэх урлагаар хичээллэдэг болохоор энэ чадвараа ашиглан бусдад туслан, тусламж хэрэгтэй нэгэнд зөвөөр ойлгуулж эелдэг харилцахыг эрмэлздэг.
-Сайн дурын ажил хийхийн давуу тал юу вэ?
-Сайн дурын ажил гэхээр зарим хүн буруугаар ойлгодог. Цалин хөлсгүй болохоор хүссэн үедээ хийнэ, хүсээгүй бол орхичихож болно гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Тухайн хүн үнэхээр л сэтгэлдээ би үүнийг хийнэ гэж бодсон бол ямар нэгэн хөлсгүйгээр өөрийн чадах зүйлээрээ бусдад хариу нэхэлгүй тус хүргэх хэрэгтэй. Гол нь сайн дурын ажил хийснээр хувь хүнд олон чадварыг бий болгодог хамгийн том давуу тал юм. Тухайлбал, олон хүнтэй харилцаж сурна, багаар ажиллах чадвар, өөрийгөө илэрхийлэх, хамт олноосоо мэдэхгүй, чадахгүй зүйлээ суралцах, сул талаа мэдэж авах, нийгэмд тус хүргэх гэсэн олон чадвар эзэмшдэг. Ирээдүйд ямар замаар явахаа тодорхойлон, хүсэл зорилгодоо тууштай байж сурдаг. Тэвчээр ачаалал даах чадвар ч нэмэгддэг. Цаашлаад нийгмийн идэвхтэй байснаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж нээгддэг. Хүн хөгжин дэвших бололцоо их, үр өгөөж сайтай ажил юм шүү дээ.
-Хийж байсан сайн дурын ажлуудаасаа дурдахгүй юу. Сайн дурын ажилд хэр оролцсон бэ?
-Тодорхой хэмжээнд сайн дурын ажлууд хийж байсан. Тоолж байгаагүй юм байна. Үүнээс дурдвал би одоо “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-д сайн дурын ажилтан хийдэг. Тус байгууллагын ажилтны хувиар улс орондоо олон арга хэмжээнд сайн дураараа ажилласан. Саяхан болж өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд арын албанд ажилласан. Мөн гадаад, дотоодоос зохион байгуулж байгаа спортын арга хэмжээний ард ажиллан тамирчдын хөтөч болох, үйл ажиллагааны явцыг хянан, арга хэмжээ хэрхэн зохион байгуулдгийг мэдэж авсан. Үүний хажуугаар өв соёлоо танилцуулан, хэлний чадвараа дээшлүүлэх боломж олгодог. Томоохон үйл ажиллагаануудад ажилласнаар өөрсдөө хөгжин, мэдээ мэдээллээр сайн хангагддаг. Гадаадад 7-8 сайн дурын ажил хийсэн.
-Сайн дурын ажил хийснээр сурч, мэдэж авсан хамгийн том зүйл?
-Сайн дурын ажлыг цаг гарвал эсвэл завтай үедээ хийнэ гэж хүмүүс боддог нь буруу юм. Тийм цаг олдох нь ховор. Хэрэв хийе гэж бодож байвал үүнд цаг заваа зарцуулж чин сэтгэлээсээ хийх нь чухал. Чин сэтгэлээсээ аливаа зүйлийг хийвэл үр дүнтэй гэдгийг л сайн ойлгож авсан. Ирээдүйд ажил дээр гарахад ажил олгогчид дипломын голч дүн биш хувь хүний хандлага, хүмүүжил төлөвшил, хүн чанарыг гол шалгуур болгодог болсон. Эдгээр чадварыг эртнээс суулгаад бий болгочихвол чухал гэдгийг санах нь чухал.
-Тэтгэлэгт хамрагдах боломж нээгддэг гэсэн шүү дээ. Өөрөө тэтгэлэг авч байсан уу?
-Би 2018 онд “Зориг сан”, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарсан тэтгэлэг болон Хаан банкны тэтгэлэг хүртэж байсан. Сүүлд Brain Evolution Institute-ийн англи хэлний чадвар дээшлүүлэх сургалтын тэтгэлэг авсан. Миний ажигласнаар нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг, идэвх санаачлагатай, өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй залуусыг дэмждэг юм шиг санагдсан. Яагаад сайн дурын ажил тэтгэлэгт хамааралтай байдаг вэ гэвэл тухайн хүн хэн нэгнээс ашиг хонжоо харж ажиллаагүй. Энэ тэтгэлгийг авснаар сурч мэдсэн зүйлээ ашиглан бусдад туслах, өөрийгөө өөрчлөх, нийгэмд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж нийгмийн идэвх гэдэг шалгуурыг тавьдаг байх. Гэхдээ зөвхөн тэтгэлэгт хамрагдахын төлөө биш, сайн дурын ажил хийсэн гэсэн гэрчилгээ авахын тулд биш үүнийг хийгээд сэтгэлийн таашаал, аз жаргалыг мэдэрдэг байгаасай гэж хүсч байна.
-Хүмүүс сайн дурын ажлыг буруугаар боддог гэсэн шүү дээ. Үнэгүй ажиллана гэж юу байхав гээд. Тэгвэл цалин хөлснөөс илүү үнэ цэнэтэй ямар зүйлийг олж авсан бэ?
-Миний хувьд хамт олон, найз нөхөдтэй болсон нь маш үнэ цэнэтэй. Насан туршдаа нөхөрлөх хүнтэй хүртэл танилцсан. Бид хамтдаа цааш яаж хөгжих вэ гэдгээ ярилцана. Мөн “Залуусын дуу хоолой” чуулган дээр сайн дурын ажил хийхдээ нэг зүйлийг ойлгосон. Олон хүн нэг дор цуглараад бие биеэ ойлгоод таниад ирэхээр маш том харилцааны сүлжээ үүсдэг. Нэг үйл ажиллагаа дууссан ч гэсэн нэгнийхээ юу хийдгийг мэддэг болохоор өөр шинэ сайн дурын ажил санаачлаад хамтарч хийж болно.
-Ихэвчлэн хэдэн насны хүмүүс сайн дурын ажил хийдэг вэ. Насны хязгаар байна уу?
-Насны хязгаар байхгүй. Хэн хүссэн нь хийж болно. Манай байгууллагад найман настайгаас наян настай ахмад хүртэл сайн дурын ажил хийдэг. Сүүлийн жилүүдэд манайд сайн дурын ажил эрчимтэй хөгжиж байгаа. Тиймээс олон хүн сонирхох болсон. Үүнийг томоор төсөөлөх хэрэггүй. Англи хэл мэддэг бол мэдэхгүй нэгэндээ анхан шатны сургалт орох, гудамжны хог цэвэрлэх нь хүртэл сайн дурын ажил. Хэн нэгэнд тусална гэдэг нас хамаарахгүй хийж болох хамгийн энгийн зүйл.
-Өөрийн тань хийж байсан сайн дурын ажлуудаас хамгийн дурсамжтай, их хичээл зүтгэл шаардсан ямар ажил байна?
-Энэ оны эхээр “Охидын эрх ба манлайлал” гээд төслийг санаачлан ажилласан. Эмэгтэйчүүдийн сангаас санхүүжилт авч таван сургуулийн 50 охиныг судалгаагаар сонгон авч охидын манлайллын талаар сургалт семинар орсон. Өөрийгөө хэрхэн илэрхийлэх вэ, хувь хүний хөгжлийн талаар ярилцсан. Мөн тэд өөрсдийн сургууль дээр сайн дурын ажил хийж эхэлсэн нь бахархууштай. Анх удаа төсөл санаачлаад баг бүрдүүлж, хамтран бүх юмаа хариуцаж хийсэн үйл ажиллагаа миний хувьд их хүч хөдөлмөр шаардсан нандин, дурсамжтай ажил байсан.
-Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?
-Гэр бүл маань маш сайн дэмждэг. Миний хүүхэд залуу байна, юм хийж үз, олонтой нөхөрлө, өөрийгөө хөгжүүл гээд миний ажлыг ойлгодог. “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ энэ зун “Аялангаа сайн дурын ажил хийе” гэсэн хөтөлбөр зарласан. Хэдий өөрөө зардлаа даагаад явах ч гэсэн бусдад туслангаа шинэ газар үзэж бас нэгэн шинэ туршлага хуримтлуулна шүү дээ.
-Цагаа хэрхэн зохицуулж, төлөвлөдөг вэ?
-Долоо долоо хоногоор хуваарь гаргаад төлөвлөдөг. Хуанли дээр бүх зүйлээ тэмдэглээд явдаг. Тухайн өдрийн ажлыг мөн адил төлөвлөж бичдэг. Ажлуудаа гол төлөв дөрөв ангилдаг. Яаралтай, яаралгүй ажил, чухал ба чухал бус гэж. Ингэх нь эмх цэгцтэй, үр дүнтэй, ажлын бүтээмж өндөр байдаг.
-Хүүхэд, залуус чөлөөт цаг заваа хэрхэн зөв боловсон өнгөрүүлээсэй гэж боддог вэ?
-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд сошиал ертөнцөд цаг заваа их зарцуулдаг болсон. Залуус зугаа цэнгэл хөөх нь бас ажиглагддаг. Сайны хажуугаар саар гэдэгчлэн залуу насанд хөгжилдөх л хэрэгтэй. Гэхдээ өөрсдийгөө хөгжүүлээд, нээлттэй байгаа олон боломжийг олж хараад зөв зам руу яваасай гэж хүсдэг. Зарим нэг хийж бүтээе гэсэн залуус байгаа тэднийг үгүйсгэж болохгүй. Тэднээс суралцаж үлгэр дууриал авдаг байх хэрэгтэй.
-Одоогийн Болор-Эрдэнэ өмнөх сайн дурын ажил хийхээс өмнөх Болор-Эрдэнэ хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
-Өмнө нь би өөрөө л болж байвал болоо, бусдын асуудал бол бусдын л асуудал надад хамаагүй гэсэн хандлагатай байсан. Сайн дурын ажил хийж эхэлснээр энэ хандлага эрс өөрчлөгдсөн. Хамгийн энгийн жишээ гэвэл миний найзууд, намайг хүрээлж байгаа хүмүүс, зан төлөв хүмүүжил гээд олон зүйл өөрчлөгдсөн. Урьд нь бүрэг ичимхий байсан бол нээлттэй чөлөөтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай болсон. Мундаг залуучууд л нийгмийг өөрчилнө гээд өөрийгөө хязгаарлаад байлгүй би ч гэсэн чадна гэдэг итгэл бий болсон.
-Хэтийн зорилго тань?
-Мэргэжлээ сайн эзэмшиж төгсөх. Мэргэжлийнхээ эзэн нь байхыг зорьж байна. Мөн сайн дурын ажлаа улам өргөн цар хүрээтэй хийж гадагш өөр улс оронд сайн дурын ажил хийх боломжийг хүүхэд залууст нээж өгөхийг зорьдог. Өнөөдөр гадаад руу явахад бидэнд хэлний бэрхшээл тулгардаг. Залуус зөвхөн Монголоор биш дэлхий нийтээр хязгаарлагддаг байх шаардлагатай. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхахуйц мэдлэг боловсролтой, хэлний мэдлэг эзэмших хэрэгтэй. Тиймээс хэлний чадвараа сайжруулж бусдад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байхын тулд хичээж тэмүүлж байгаа. Хэрэв би өөрөө төгс нэгэн биш бол нийгмийг, хажуудаа байгаа нөхдөө хүртэл өөрчилж чадахгүй. Өөрөөсөө өөрчлөлтийг хийгээд дараа нь сайн сайхныг бусдад үлгэрлэх нь миний зорилго.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.7.31 ЛХАГВА №151 (6118)
Т.Болор-Эрдэнэ: Сайн дурын ажил хийснээр олон чадвартай болдог
2019-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин