Т.НАМУУН
Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Биеийн тамир спортын газартай хамтран Монголын “Тамирчдын өдөр”-ийг “Олон улсын олимпын өдөр”, “Токио олимп сан”-тай хамтатган энэ сарын 22-н; зохион байгуулахаар боллоо. Шинээр байгуулагдсан спорт холбоодыг олон нийтэд мэдээлж сурталчлах, иргэдэд спортын үйлчилгээ үзүүлэх, салбарын албан хаагч, ажилчдыг шагнаж урамшуулах, олимпийн наадамд оролцогчдод хүндэтгэл үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа ажээ. Өдөрлөг Спортын төв ордны өмнөх талбайд болох бөгөөд өдөрлөгийн нээлт, ёслол хүндэтгэдийн арга хэмжээ, спорт урлагийн тоглолт, спортын хороод, клубуудын үзүүлэн тоглолт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах юм. Мөн энэ өдөр Монголын үндэсний олимпийн хорооны музей, дүүргүүдийн биеийн тамир, спортын хорооны спорт заалыг иргэдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Олимпийн эрх авах тэмцээн болон олимпод орох тамирчдын бэлтгэл, тэмцээний хэрэглэлээр хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр олимпийн наадамд бэлдэх үндэсний хорооноос “Токио сан”-г байгуулсан байна.
“Токио олимп сан”-гийн менежер Б.Өнөрбаатар “Энэ арга хэмжээг төрийн байгууллагууд, Монголын үндэсний олимпийн хороо, спорт холбоод хамтран зохион байгуулж байгаа. Зөвхөн тамирчид болон салбарын хүмүүст хамааралтай биш. Бүх нийтийн тэмдэглэн өнгөрүүлэх өдөр гэдгийг дуулгах нь зүйтэй. Өнгөрсөн залуучуудын олимпийн наадмын хөтөлбөрт багтсан skateboard зэрэг илүү шинэлэг спортын төрлүүдийн үзүүлэн тоглолтыг багтааж өгснөөрөө олон нийтэд сонирхолтой байна” гэсэн юм.
Мөн тэмцээний болон ёслолын хувцас, тамирчдын эрүүл мэндэд зориулсан үйлчилгээнд тус сан чухал нөлөөтэй юм. Сангийн үйл ажиллагааг нээсний дараа нийслэл болон аймаг орон нутгуудаар явж спортын арга хэмжээ тэмцээн зохион байгуулан төсвийг бүрдүүлнэ гэв. Өдөрлөгт Монголын шишгээ багийн тамирчид ирж өнгөрсөн жилийн амжилтаа танилцуулж, ёслолын жагсаал хийхээрээ онцлог юм. БТСГ, Төрийн захиргааны удирдлага санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр “Иргэдэд спортын бараа бүтээгдэхүүн, хэрэглэлүүдийг танилцуулж, хямдралтай үнээр худалдаалах, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, бие бялдрын сорилт авч тодорхойлох зэрэг иргэд рүү чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
“Тамирчдын өдөр”-ийг өргөн хүрээнд зохион байгуулна
2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин