Н.ДАЯН
Зохистой хооллолт нь хүний эрүүл мэнд, гоо зүй, тав тух, амьдралын чанар, насжилт, амар амгалан байдлын нэг гол тулгуур юм. Зохистой хооллох нь хүн хоол, хүнсээ зөв сонгож, зохистой хэрэглэх ухаан юм. Энэ нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг явуулахад зайлшгүй хэрэгтэй шим тэжээлийн бодис болох уураг, нүүрс ус, өөх тос, аминдэм, эрдэс бодис, усыг хоол, хүнсээрээ тэнцвэртэй, хүрэлцээтэй хэмжээгээр авах боломжийг бүрдүүлнэ. Эрүүл хооллох таваг нь Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн хүнс, тэжээл судлаач мэргэжилтнүүд, Харвардын эрүүл мэндийн нийтлэгчдийн хамтран гаргасан “Зохистой хооллох тавгийн зарчим” буюу эрүүл, тэнцвэртэй хооллох арга, хоолны тавагны хэдэн хувийг ямар хүнс эзлэх ёстой вэ гэсэн зөвлөмж юм. Энэ зөвлөмжийн дагуу хооллосноор хүний бие махбодийн бодисын солилцоонд зайлшгүй хэрэгтэй шим тэжээлийн бодисуудыг хоолоороо тогтмол тэнцвэртэй хэмжээгээр авч, эрүүл мэндээ хамгаалан, урт наслаж боломжтой. Мөн цусан дахь холестерины түвшинг бууруулах, цусны даралт тогтворжуулах, биеийн жинг хэвийн байлгах, зүрх судасны өвчин, цус харвалт, хорт хавдар, чихрийн шижин, яс сийрэгжилт гэсэн халдварт бус өвчний эрсдэлийг бууруулахад хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бүтэн үрийн будаа, үр тариа, шош буурцаг, үр, самраар баялаг хоол хүнс хэрэглэх, амьтны гаралтай өөх тосны хэрэглээг бууруулах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь ач тустай.
Тавгийн зарчимд зөвлөснөөр хүн хоногт хэрэглэх нийт хоол, хүнсний 50 хувийг хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, 25 хувийг бүхэл үрийн үр тариа,: гурилан бүтээгдэхүүн, үлдсэн 25 хувийг мах махан бүтээгдэхүүн буюу уураглаг хүнс эзлэх нь чухал.
Тавгийн зарчмыг баримтлан зохистой хооллохын тулд хүн хоолондоо аль болох олон төрлийн өнгө, өнгийн ногоо, жимс хэрэглэхийг зөвлөдөг.
Танд хэрэгтэй зөвлөгөө: Зохистой хооллох тавгийн зарчим
2019-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин