Ч.ҮЛ-ОЛДОХ
Монгол Улсын гавьяат тамирчин, Лондоны олимпийн мөнгөн медальт, Олон улсын боксын холбоо /IBO/-ны дэлхийн аварга Н.Төгсцогт тун удахгүй WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж буй Гари Расселтай тулалдах гэж байгаа билээ. Энэ тулааны өмнө тэрээр эх орондоо амрахаар ирээд байна. Түүний хувьд дэлхийн аваргын бүсээ хамгаалах тулаанд хүч үзэх ёстой ч Гари Расселтай тулалдах болсон нь түүний ранк нь Азид нэгдүгээрт бичигдэж буйтай холбоотой. Нөгөө талаас Н.Төгсцогтын хэвлэлд ярилцлага өгөх, зураг авахуулах зэрэг нь гэрээ байгуулсан компанийн зөвшөөрлөөр явагдах учиртай байдаг. Гэтэл түүнийг Монголд хөл тавингуут хэвлэл мэдээллийнхэн ярилцлага авах хүсэлтээ илэрхийлж, зарим нь гоморхож, бас ярилцлага өгөхийг зөвүщшөөрсөнгүй хэмээн дургүйцэж, “Их зан гаргалаа” гэхчлэн шүүмжилж эхэлжээ. Иймд арга буюу хэвлэлийн хурал зарлаж монголчууддаа мэндчилж, тоглолт хийх тухай мэдээлэл өгье хэмээн шийдсэн байна. Тэрээр The Corporate Hotel and Convention Centre –т сэтгүүлчидтэй уулзсан юм.Түүний сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэе.
-Та эх орондоо ирээд удаж байна уу?
-Эх үрсийн баярын өмнөхөн ирсэн. Жаахан амраад авах зорилготой.
-Та бэлтгэл хийж байгаа юу?
-Тоглолтын бэлтгэл арай болоогүй. Гэхдээ би өглөөдөө ууланд гарч, эсвэл Цэцэрлэгт хүрээлэнд гүйдэг. Ерөнхийдөө сэргэлтийн хөнгөн бэлтгэл хийдэг.
-Гаритай хийх тулааны тов гарсан уу?
-Тулаан наймдугаар сарын 3-нд байх болов уу. WBC холбооноос аваргын бүсийн төлөө тоглох төлөвлөгөөг гаргасан. Гари хэрэв тоглохгүй бол аваргын бүсийг шууд хурааж авдаг дүрэмтэй. Түүний хувьд гар нь гэмтэлтэй гэдэг шалтгаанаар сүүлийн гурван жил цөөхөн тулаан хийсэн юм билээ. Ер нь бол мэргэжлийн боксын бээлий нимгэн учраас гар амархан гэмтэх гээд байдаг тал бий. Нэг гэмтэл авсан бол эдгэх нь удаан байдаг.
-Та мэргэжлийн боксын өөр холбооны бүсийн төлөөх тоглолтууд хийх үү?
-Тийм бодол бий. Ер нь бүх холбооны бүсийг авъя гэж боддог шүү.
-Түүний дараа яах вэ?
-Монголдоо ирнэ /инээв/.
-Та өөртөө итгэлтэй байна уу?
-Энэ миний зорилго. Тиймээс монголчууддаа ч гэсэн хэлье, надад битгий эргэлз, би чадна аа. Монгол хүн дэлхийд нэрээ дуурсгаж болдог юм гэдгийг харуулна. Гаритай хийх тулаанд ч гэсэн ялна, надад итгээрэй.
-Та дараагийн тулаанаа Монголдоо хийх боломжтой юу?
-Боломжтой. Манай менежер бас ингэж хэлж байсан. Энэ миний төлөвлөгөөнд ч бас байгаа. Гэхдээ тулаан хаана ч, хэзээ ч товлогдсон монголчууд маань байнга ирж дэмждэг, би дэлхийн хаана ч тулалдсан та нартайгаа хамт байгаа гэж бодож тоглодог шүү.
-Монголдоо ирээд Боксын шигшээ багийнхантайгаа уулзсан уу?
-Уулзсан, хамт хөнгөн бэлтгэл хийсэн. Гэхдээ би энд Сонирхогчийн боксоор хичээллэж байхдаа сэтгэл минь ямагт Мэргэжлийн бокс руу хөтлөгдөж байсан. Өөрөөр хэлбэл, бие минь энд ч, сэтгэл минь тэнд Мэргэжлийн боксын дэвжээн дээр “зодолдоод” байсан. Би хэдийгээр Сонирхогчийн боксоор хичээллэж, амжилт гаргаж байсан ч дэлхийн дэвжээ рүү харахаар, миний үеийн залуус Мэргэжлийн бокст ямар их эрч хүчтэй гарч ирж байгаа нь намайг тайван байлгахгүй байсан. Сэтгэл минь дандаа тийшээ татагдаж байсан учраас Америкийг зорьсон.
-Таны замналаар, Мэргэжлийн бокс руу орж хүч үзэх мөрөөдөл манай залуу боксчдын сэтгэлд байгаа л байх. Тэр тохиолдолд та тэдэнд туслаж дэмжих үү?
-Нэгэнт өөрөө зориод хүсээд, шийдвэрээ гаргаад мэргэжлийн бокст хүч үзнэ гэсэн хэнийг нь ч би дэмжинэ. Тэдэндээ гүүр нь байхыг бодно. Би одоо ч гэсэн Монголын боксчидтойгоо, багш нартайгаа ойрхон байж, дэм тус хэрэгтэй бол туслаж дэмжиж л байдаг.
-Ингэхэд та хамгийн сүүлийн тулаандаа хар сүлдтэй дэвжээнд гарсанд монголчууд омогшиж байлаа. Хар сүлд таны шүтээн юм уу, та ямар шүтлэгтэй юм бэ?
-Би монгол хүн бол төрснөөрөө бахархдаг, удам угсаагаараа бахархдаг. Өөрөөсөө дээш 12 үеэ мэддэг. Миний хар сүлдийг 100 адууны сүүлнээс авч хийсэн болохоор амьтай гэж боддог. Монголчуудын аян дайны их хар сүлд ямар ч дайны өмнө бөхийж үзээгүй учраас дээдэлдэг. Өөрийгөө тэгж хурцалдаг. Миний шүтдэг шүтээн бол эх орон, халуун элгэн монголын минь ард түмэн.
Эх сурвалж: www.polit.mn
Н.Төгсцогт: Битгий эргэлзээрэй, би ялна
2019-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин