С.УЯНГА
Хүүхдүүдийг сургуулийн орчинд нь зам тээврийн ослоос хамгаалахын тулд эцэг эхчүүдийг нь татан оролцуулах санаачлага гарсан нь ажил хэрэг болоод зургаан жил болжээ. Анх эцэг эхчүүд эргүүл хийхээс зайлсхийх, ажил цалгардууллаа гэж байгууллагын дарга нар дургүйцэх зэрэг багагүй бэрхшээлтэй тулгарч байсан энэ ажил одоо бол хүүхэд хамгааллын хамгийн үр дүнтэй хэлбэр төдийгүй хүүхдийг аюул, ослоос хамгаалах төрийн бодлогын хөрсөн дээр буусан супер ажил болсонтой маргах хүн үгүй биз. Эргүүл хийж буй эцэг, эхчүүдийн ажлын үр дүнд хүүхэд осолд өртөх, эд зүйлсээ булаалгахаас эхлээд сургуулийн орчинд гардаг байсан гэмт хэрэг даруй 25-30 хувиар буурсан. Энэ бол том үр дүн гэдгийг цагдаагийн байгууллага онцолж байгаа юм.
![](//resource.blogs.sodonsolution.org/polit/uploads/2019/05/5-17-9a1.jpg)
Сургуулийн эргүүл гэсэн хантааз өмсч, шүгэл, дохиур барьсан хүмүүс бидний нүдэнд дасал болжээ. Энэ бол эцэг, эхчүүд үр хүүхдээ хамгаалахын тулд хариуцлагатай, идэвхтэй байгаагийн хамгийн тод жишээ юм. Тэгвэл Улаанбаатарын хэмжээнд өдөрт 1400 эцэг, эх эргүүл хийдэг аж. Ингэж тооцвол сард 33 мянга гаруй эцэг, эх гэмт хэрэгтэй тэмцэж, хууль сахиулдаг гэсэн үг. Өдөр бүр, цаг минут тутам хүүхдээс хараагаа салгахгүй эргүүлдэж буй тэр л 1400 эцэг, эхийн төлөөллийг “POLIT.MN”-ийн “Нэг өдөр” буландаа онцоллоо.
Сурвалжлагынхаа өмнө бяцхан тодотгол хийхэд "School police”-ийн онцлогийг илүү тод харуулахын тулд багахан шалгуураар “бай”-гаа сонгосон юм. Хотын хамгийн ачаалалтай, гэрлэн дохиогоор зохицуулдаггүй, дөрвөн замын уулзвар, туслах зам бүхий хэсэг буюу Спортын төв ордны өмнөх талбайн хэсгийг сонгож авсан юм. Энэ хэсэгт урьд нь Биеийн тамирын төрөлжсөн дунд сургууль буюу өнгөрсөн намраас Боловсролын дунд сургууль болж нэр нь өөрчлөгдсөн сургуулийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд эргүүл хийдэг. Бусад сургуультай харьцуулбал гурваас дээш ангийнхан суралцдаг ч биеийн тамирын төрөлжсөн сургалттай учраас бэлтгэлийн цүнх үүрсэн хүүхдүүдийн хөл тасрахгүй. Дээр нь ойролцоо их, дээд сургуулийн оюутнууд нэмэгдэнэ гээд онцлог ихтэй. Ийнхүү бид сонгосон цэгтээ үдийн өмнө очвол хуваарийн дагуу Боловсролын дунд сургуулийн 8Б ангийн сурагч С.Отгонтөрийн ээж Д.Насанбуян эргүүлд гарч байв. Замын голоор хэд гурваараа гүйлэлдэх хүүхдүүдийг ээлжийнхээ эргүүлтэй хамт хөтлөн замаар гаргахдаа давхар жолооч нарыг ч дохиж зогсоон замын хөдөлгөөний дүрэм сахиулах аж. Ингээд “Сургуулийн цагдаа”-гийн нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонирхуулъя.
07:00 цаг:
Түүний үүрэгт ажил өглөө энэ цагт эхэлжээ. Д.Насанбуян Яармагаас амжиж ирэхийн тулд өглөө 07:00 цагт гэрээсээ гарч замдаа ажил дээрээ очоод ирсэн байна.
"School police”:
Хуваарийн дагуу намраас хойш хоёр дахь удаагаа эргүүл хийж байна. Баянгол дүүрэгт төрийн албанд ажилладаг. Сургуулиас долоо хоногийн өмнө мэдэгддэг учраас ажлаа эртнээс зохицуулсан. Хууль журмын дагуу байгууллага маань хагас өдрийн цалинтай чөлөө олгосон.
09:00 цаг:
Анги удирдсан багшид цагаа бүртгүүлээд хантаазаа өмсч, дохиураа хүлээж аваад Спортын төв ордны дөрвөн замын уулзвар бүхий хэсэгт байрлалаа эзэлжээ.
"School police”:
Энэ хэсэг гэрлэн дохиогүй. Туслах замтай. Замын хоёр талд зогсохгүй бол нэг талд нь зогсоод хүүхэд хамгаална гэж байхгүй. Хүүхдүүд хэд гурваараа гүйнэ. Хөтлөлцөж чаргууцалдана. Жолооч нар их эрчтэй явдаг учраас бага насны хүүхдүүдийг замаар хөтөлж гаргахаас өөр аргагүй. Хичээл эхлэх үед болон завсарлагаанаар хүүхдүүд их бужигнана. Замын эсрэг талд дэлгүүр хоршоо, цайны газар гээд үйлчилгээний байгууллага олон болохоор хүүхдүүд гэлтгүй томчууд ч энэ замаар байнга сүлжилдэнэ. Оюутнууд бас олон. Ач хүү маань боксоор хичээллэдэг. Хүүгийнхээ сонирхлыг дэмжээд эрүүл мэндэд нь сайн юм болов уу гэж бодоод энэ сургуульд оруулсан.
Замаас хараагаа салгахгүй зохицуулж байгаа болохоор зөрчил гарах нь бага. Дохиогоо өргөхөд жолооч нар ямар ч байсан зогсоно. Нэг үеийг бодоход ухамсартай болсон байна. Гэхдээ зарим жолооч зогсолтгүй сигналдана. Явган хүн замаар гарч байхад чигээрээ л зүтгэх юм. Хааяа шаардлага хүлээж авахгүй замын голд маргалдах үе гардаг байсан. Шилний цаанаас юу ч сонсохов дээ. Эргүүл хийх таван цагийн хугацаанд ийш тийшээ илүү дутуу юм харж анхаарлаа сарниулж болохгүй. Даарч хөрсөн ч байрлалаа орхиод явж болохгүй. Хариуцлагатай байх ёстой. Ямарсайндаа сая өөрийнхөө хүүхдийг хажууд ирж зогсчихоод юм асууж байхад нь хүүе ийшээ бай гээд “хөөж” байхав.
11:20 цаг:
Энэ цагт эргүүлүүд сургууль руу орж хүүхдүүдийг үдийн цайнд нь оруулдаг. Хоол, цайг нь зөөж өгчихөөд буцаж гарч ирнэ. Биеийн тамир спортын төрөлжсөн сургуульд гурваас дээш анги хичээллэдэг. Дугуйлан секци ихтэй. Өглөө эрт цугларч, орой аажуу тарна. Үдээс хойш хичээл нь ордог хүүхдүүд 11:00 цагаас бэлтгэлдээ ирдэг бол өглөөний ээлжийн ангийнхан орой 19:00 цаг хүртэл бэлтгэл хийдэг гэнэ.
"School police”:
Хүүхдүүд гэнэт гүйвэл араас нь очиж барьж авна.Түргэний тэрэгнээс бусдыг нь бол зогсооно. Тэд чинь хүний амь нас аврах гээд цаг минуттай уралдаж яваа хүмүүс шүү дээ.
Хүүхдүүд хүний зөнгөөр л юм хойно их дуулгавартай. Ихэнх нь гарцаараа гарна. Харин томчуудад асуудал байна. Замын дундуур гүйнэ. Оюутнууд бол чихэвчнээс салахгүй. Хашхираад байхад сонссон янзгүй. Томчууд замаар гарахдаа утсаар их ярина. Сая нэг хүүхэн замын голд үгийн сүлжээ бөглөөд зогсох юм. Тэгж байгаад надад загнууллаа. Ер нь хүүхэд байтугай том хүн замаар гарсан ч дохиод машин зогсооно. Бүр рефлекстэй болчихдог юм биш үү гээд инээмсэглэлээ.
13:30 цаг:
Хүүхэд гэлтгүй том хүмүүсийг ч осол гэмтлээс сэргийлэхийн зэрэгцээ жолооч нарт замын хөдөлгөөний дүрмээ сахиулах шаардлага тавьж давхар хууль дүрэм сахиулж байгаа учраас “Сургуулийн цагдаа” нарын үүрэг, ач гавьяа их юм. Энэ цагт Д.Насанбуян эргүүлийн албанаасаа бууж сургуулийн жижүүрийн дэвтэрт тэмдэглэл хөтөлснөөр ажил руугаа явлаа.
"School police”:
Өнөөдөр хүүхэдтэй холбоотой зөрчил бараг гарсангүй. Хурдтай явж байсан хэд хэдэн машин явгах хүн мөргөх шахлаа. Бусдаар бол давгүй. Өнгөрсөн шөнө цас орсон учраас их сэрүүхэн өдөр таарлаа. Гэхдээ яахав өөрийнхөө болон өрөөлийн олон хүүхдийг аюул, ослоос хамгаалж хэдхэн цаг зогсоход даарч, цангах бол хэцүү зүйл биш. Сургуулийн орчимд эргүүл хийдэг энэ санаачлага аятайхан санагддаг. Ингэж эргүүл хийхгүй бол хүүхдүүд хараа хяналтгүй ямар ч эрсдэлд орох юм билээ.
“Сургуулийн цагдаа”-гийн хугас өдрийн алба иймэрхүү. Дунд ангийнхан хичээлээ тараад шууд харих нь ховор учраас гүйж, харайх нь элбэг. Сурагчид хоорондоо ноцолдож, хөөцөлдөж тоглож байгаад зам тээврийн осолд өртөх аюултай байдаг. Мөн бага насны хүүхдүүдийг хуурч, эд зүйлсийг нь залилах гэмт хэрэг сургуулийн орчимд ихээр гардаг. Энэ бүхнээс сэргийлж хууль сахиулагчдын нүд, чих болж үнэнч туслахын үүрэг гүйцэтгэж буй эцэг, эчхүүдээс бахархах учиртай.
Эх сурвалж: www.polit.mn