Н.МӨНХЖИН
“Шалтаг, шалтгаан тоочиж ханалаа. Сенат аль хэдийнэ баталчихсан төсвийг тийм, эсвэл үгүй гэж санал хураах цаг боллоо. Конгресс Засгийн газрын зогсолтыг дуусгангуут өр, төлбөрөө барагдуулах асуудал дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч бүгд найрамдахчуудад хандаж ширүүн сануулга өглөө. Тэрээр Засгийн газар “хаагдаад” найм хоносны дараа энэ мэдэгдлийг хийхдээ “Хэлэлцээ хийнэ, гэхдээ айлган сүрдүүлэлт дор хийхгүй” хэмээн онцолжээ.
Нөгөө талаар, Цагаан ордны тэргүүн улс оронд тулгарч буй эрсдэлийг хүлээн зөвшөөрөхдөө шулуун, шударга байхыг хүсчээ. “Хэрвээ Конгресс өрийн дээд хязгаарыг өсгөхгүй бол АНУ 200 жилийнхээ түүхэнд анх удаа санхүүгийн үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүйд хүрээд байна. Бүгд найрамдах нам төсөв батлахгүй хааж боож байгаа нь цөмийн бөмбөгөөр наадаж буйтай адил. Цөмийн бөмбөг хэрэглэвэл ямар аюултай байдаг билээ” хэмээн Обама хэлэв. Ийнхүү Ерөнхийлөгч зартай хөрөнгө оруулагч Уоррен Баффетийн адилаар өрийн талаарх маргааныг цөмийн бөмбөгтэй зүйрлэв. Энэ хязгаарыг нэмж, Вашингтон аравдугаар сарын 17-ноос өмнө санхүүгийн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй бол засаг захиргааны одоогийн зогсолтоос ч долоон дор юм болно хэмээн Б.Обама санууллаа.
“Олонхийн саналаар баталчихсан зүйлийг унагаж, хүчингүй болгохыг шаардаж болохгүй. Үүгээр далимдуулж хаана, зогсооно гэж айлгах нь буруу юм. Конгрессын гишүүд ажлаа хийхийн оронд өөр зүйл нэхэж шаардах ёсгүй. Конгресс өрийн дээд хэмжээг нэмэхгүй бол АНУ төлөх ёстой өрөө төлж чадахгүйд хүрнэ” хэмээн Ерөнхийлөгч сануулсаар байна. Өр, төсвийн асуудлаар хоёр нам тохиролцоонд хүрч чадахгүй бол засаг захиргаа дахин зогсолтод орох аюул нүүрлэж байгаа аж. Төсөв батлах гэдэг нь Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийг хамт батална гэсэн үг. Бүгд найрамдах нам Б.Обамагийн шинэчлэлийг бүтэлгүй болгохын тулд энэ төсвийг батлахгүй хэмээн гүрийж, эсвэл эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн хэрэгжилтийг дахин нэг жилээр хойшлуул хэмээн тулгаж байгаа аж.
Б.Обама дээрх мэдэгдлийг хийхээсээ өмнө Төлөөлөгчдийн танхимын тэргүүн, бүгднайрамдахч Жон Бонертэй утсаар ярилцаж зөвлөлджээ. Сенатаар баталчихсан төсвийн талаар санал хураалт явуулахыг Ерөнхийлөгч хүссэн байна. Өрийн дээд хязгаарыг нэмж, Засгийн газрын үйл ажиллагаа дахин сэргэсний дараа Цагаан ордны тэргүүн Бүгд найрамдах намтай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Зөвхөн Конгресс өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх эрхтэй бөгөөд эс тэгвэл АНУ-ын эдийн засаг болон дунд ангийнханд ноцтой үр дагавар учирна хэмээн эдийн засагчид үзэж байна.