Бодлого бодолтын тэмцээн анх удаа боллоо

2019-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Монголд анх удаа дэлхийн жишигт нийцсэн “Яагаад шатар гэж” өсвөрийн шилдэг шатарчдын өдөрлөг өчигдөр боллоо. Өдөрлөгийн хүрээнд 12 хүртэлх насны хүүхдийн хамгийн өндөр шагналын сантай шатрын бодлого бодолтын анхдугаар тэмцээн, “64 ухаалаг дэвтэр”-ийн нээлт болсон юм. 10:00 цаг. “Holiday Inn” зочид буудлын их танхимд хоёр эгнээ бүхий ширээнд шатар өрсөн байх агаад ширээ тус бүр дээр өсвөрийн шилдэг шатарчин хүүхдүүд, тэдний урд талд хүүхдээ дэмжихээр ирсэн эцэг эхчүүд суусан байв. Энэ өдөрлөгт 12 хүртэлх насны 60 хүүхэд эцэг эхтэйгээ хамт оролцож байгаа гэдгээрээ онцлог юм. Өдөрлөгийг “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоо буюу Э.Цолмонбаяр хөтлөн явууллаа. Тэрээр “2018 онд байгуулагдсан “Яагаад шатар гэж” нэгдэл олон ажил хийхээр төлөвлөснөөс дэлхийн жишигт нийцсэн өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээнийг анх удаагаа Монголд зохион байгуулж байна. Энэ тэмцээнд оролцсон хүүхдүүдэд олон боломж нээгдэж байгааг” онцолж зочдоо танилцууллаа. Өдөрлөгт “Элит Брайн” компанийн захирал Х.Валя, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны олон улсын мастер, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Д.Жигжидсүрэн, Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор Р.Энхбат, Англи улсын шатарчин, дасгалжуулагч Алистер Нигэл, бодлого бодолтын олон улсын шүүгч Н.Тогоохүү болон олон улсын мастерууд иржээ. Өдөрлөгийг нээж тэмцээний ерөнхий зохион байгуулагч, Азийн шатрын холбооны Монгол дахь салбар “Элит Брайн” олон улсын шатрын академийн үүсгэн байгуулагч  “Яагаад шатар гэж” нэгдлийг санаачлагч олон улсын шатрын их мастер А.Энхтуул “Азийн шатрын холбоонд ажиллаж байсан туршлага дээрээ үндэслээд дэлхийн жишигт нийцсэн олон улсын стандартын дагуу энэ тэмцээнийг зохион байгуулж байгаагаараа онцлог. “Яагаад шатар гэж” нэгдэл үндэсний хэмжээнд оюуны спортыг хөгжүүлэх зорилготой. Монголын шатарчдын залгамж халаа болсон дүү нарыгаа дэмжих зорилготойгоор энэ өдөрлөгийг хийж байгаа” гэв. Түүний дараа А.Энхтуулын багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны олон улсын мастер, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч П.Жигжидсүрэн үг хэллээ. Тэрээр “Шавийгаа энэ сайхан өдөрлөгийг санаачилсанд сэтгэл хөдөлж бас санаа зовниж өнгөрсөн шөнө бараг унтсангүй. Гэхдээ энд орж ирээд л энэ зовнил алга болчихсон. Монголын шатрыг дэлхийн хэмжээнд гаргахын төлөө сэтгэл оюунаа гаргаж байгаад нь дасгалжуулагч, багш хүнийхээ хувьд баяртай байна. Үүнээс гадна олон арга хэмжээг зохиож амжилтад хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэсэн юм. Нээлтийн дараа “Дэлхийн шатрын холбоо”-ны олон улсын шүүгч Г.Оюунчимэг “Дэлхийн шатрын холбоо”-ны олон улсад баримталдаг дүрмийн тухай танилцууллаа. Тэрээр хүүхдүүдийн хамгийн их гаргадаг алдааг дурдан тэр алдаанаас урьдчилан сэргийлэх арга замыг зааж өгсөн юм. Тухайлбал, тоглолт дуусаад гар барихдаа ихэнх хүүхэд тэнцсэн эсвэл хожигдсон гэдгээ сайн тохироогүйгээс би хожигдоогүй, тэнцсэн гэж маргаан үүсгэдэг аж. Мөн өргийн бланкин дээрээ хүүхдүүд зураг зурж, нүүдлийг урьдчилан бичиж болохгүй гэдгийг санууллаа. Зарим дүрмийн талаар хүүхдүүдээс асууж тэд ч уралдан хариулж буйгаас оролцогч хүүхдүүдийн шатрын спортын дүрмийн мэдлэг сайн байгаа нь илт. Зарим жишээ бодлогын зургийг дараад гэртээ бодоорой гэхэд ихэнх эцэг эх зургийг нь дарж байсан ч тэд хүүхдийнхээ оюуны хөгжилд хэрхэн анхаардгийн илрэл биз ээ. Түүний илтгэлийн дараа энтертайнмент завсарлага болов. Хүүхдүүдийн хамгийн хайртай Пороро болон түүний найзуудын баг өмссөн хүнтэй хүүхдүүд ээлжлэн зурагаа даруулж, нөгөө хэсэг нь бөмбөлгөөр тоглож завсарлагааг хөгжилтэй өнгөрүүллээ. Завсарлага дуусч Англи улсын шатарчин, дасгалжуулагч Алистер Нигэл шатраар дамжуулан логик сэтгэлгээгээ хэрхэн хөгжүүлэх талаар илтгэл тавилаа. Шатар тоглохын тулд логик сэтгэлгээгээ хөгжүүлэх шаардлагатай байдаг билээ. 12:00 цаг. Их мастерууд болон 12-оос дээш насны өсвөрийн шилдэг шатарчид оролцогч хүүхдүүдтэй зэрэг тоглолт хийлээ. Ийн тоглолт эхлэх үеэр танхим нам гүм болж хүүхдүүд шатрын хөлөг рүүгээ, эцэг эхчүүд хүүхдүүд рүүгээ харан чимээгүй сууцгаана. Хүүхдүүдийн зарим нь дэвтэр дээрээ өргөө нямбайлан бичиж байхад зарим нь толгойгоо барин ихэд удаан бодно. Тоглолт дуусахад нэг ээж охиндоо “Хожигдчихсон уу. Зүгээрээ. Бөөн туршлага хуримтлуулчихлаа” гэж инээмсэглэн хэлж байлаа. Багш нартайгаа тоглосон энэ тоглолт хүүхдүүдэд дараагийн тэмцээндээ ороход нь туршлага болсон буй за. Цайны завсарлаагааны дараа өнөөдрийн өдөрлөгийн гол цөм болсон бодлого бодолтын тэмцээн эхэллээ. Хүүхэд бүрийн ширээн дээр бал, цаас тавьж, эгнээ ширээ бүрийн хажууд “Elit Brain, Your success is our goal” гэсэн бичигтэй цагаан ханцуйгүй цамцаар жигдэрсэн зохион байгуулагчид хянагчаар зогсчээ. Бичиж чадахгүй сургуульд ороогүй хүүхдүүдийг хамгийн урд талын ширээнд суулгаад хажууд нь зогсож буй багшаараа бичүүлээрэй гэж хэлэв. Шүүгчид хүүхдүүдэд хоорондоо ярихгүй, ном дэвтэр ашиглахгүй байхыг эцэг эхчүүдэд хүүхдүүддээ дохиогоор туслахгүй байхыг сануулснаар тэмцээн эхэлсэн юм. Тэмцээн үргэлжлэх нэг цагийн хугацаанд эцэг эхчүүд хүүхдүүдээсээ ч илүү догдолж, сандарч буй нь харцнаас нь л мэдрэгдэж байлаа. Тэмцээний бодлого “64 ухаалаг дэвтэр”-ээс иржээ. “Элит Брайн” шатрын академиас гаргасан энэ дэвтэр нь шатрын боловсролыг олон улсын стандартын дагуу олгох зорилготой юм. Дэвтрийг ашиглаж хүүхдүүд онолын мэдлэгээ дээшлүүлэх боломжтойгоос гадна шатрын бодлого дасгалууд болон дэлхийн алдартай шатарчдын амжилтын түүхээс үлгэрлэж, тэднээс суралцах боломжтой аж. Бодлого бодолтын тэмцээн дуусч улсын филармонийн дуучин Тэмүүжин хуучны шилдэг дуугаар мэндчилгээ дэвшүүлж бодлого бодсон хүүхдүүдийн тархийг амрааж, хүүхдүүдээ хүлээж ядарсан эцэг эхчүүдийг сэргээлээ. Дараагаар нь уламжлалт анагаах ухааны ахлах зэргийн их эмч У.Насандэлгэр “Оюуны спортын тамирчин хүн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах ёстой” талаар зөвлөгөө өглөө. Шатар тоглодог хүмүүс нэг дор удаан суудаг учраас хүзүү хөшиж, хуян хөөрдөг байна. Тиймээс суугаа үедээ хийх дасгалыг оролцогч хүүхдүүд болон эцэг эхчүүдэд зааж хамтдаа хийлээ. Түүний сургалтын дараа “Яагаад шатар гэж” хэлэлцүүлэг уригдсан зочид болон эцэг эхчүүд, шатарчдын дунд болсон юм. Хэлэлцүүлэгт оролцсон зочид шатар тоглохын давуу тал, онцлог, Монгол Улсын шатрын хөгжил, хүүхдүүд хэдэн настайгаасаа шатраар хичээллэвэл үр дүнтэй, тэмцээний бэлтгэлээ хэрхэн хийх гэсэн олон чухал сэдвээр эцэг эхчүүдтэй санал солилцов. Хэлэлцүүлгийн дараа хүсэн хүлээсэн мөч болох тэмцээний дүнг зарлаж шагнал гардууллаа. Бүх хүүхдийн нээлттэй үндсэн тэмцээнд “Дагшаахүү” клубын тамирчин Г.Халиунаа хамгийн богино хугацаанд буюу долоон минутад бүх бодлогыг зөв бодож тэргүүн байранд орлоо. II байрыг “Босоо ноён” клубын Х.Баясгалан  эзэлж гэр бүлээрээ “Тоорил хааны хүрээ” амралтын газар хоёр өдөр амрах нэг сая төгрөгийн эрхээр шагнуулсан бол III байрт “Элит Брайн” клубын тамирчин М.Бат-Амгалан орж  “Элит Брайн” сургалтын академид гурван сар үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг авлаа. Түрүүлсэн хүүхэд БНХАУ-д болох 2019 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр шагнуулав.  Мөн насны ангилал тус бүрт шилдэг тамирчдыг шалгаруулсан юм. Найм хүртэлх насны ангилалд I байр Говьсүмбэр аймгийн шатарчин М.Маргад “Kagome” брэндийн 100 мянган төгрөгийн эрхийн бичиг II байрт “Шинэ эхлэл бодь” клубын Э.Зол-Учрал “Хаан жимс” компанийн 100 мянган төгрөгийн эрхийн бичиг III байрт “Элит Брайн” клубын тамирчин Н.Ням-Очир эзэлж “Апу” компанийн “Маамуу” брэндийн 100 мянган төгрөгийн эрхийн бичгээр шагнуулсан юм. 9-10 насны ангилалд I байр “Элит Брайн” клубын тамирчин Э.Мөнхтүшиг “Богд” банкны 100 мянган төгрөгийн хадгаламж II байр “Элит Брайн” клубын  тамирчин Г.Сүлд “Богд” банкны 100 мянган төгрөгийн хадгаламж III байранд “Гобичесс” клубын шатарчин Б.Тэнүүнболд нар орлоо. 11-12 насанд I байр “Цэцэн нүүдэл” клубын Б.Эрхэс “Чингис хаан” хөгжлийн академийн сургалтын эрхийн бичиг II байр “Гобичесс” клубын Б.Энхсаран “Богд” банкны 100 мянган төгрөгийн хадгаламж III байранд “Монгени” клубын  Г.Данзанжунай орж “Bluemon” группийн 100 мянган төгрөгийн эрхийн бичгээр шагнууллаа. “Яагаад шатар гэж” нэгдэл ирэх найман сард 13-18 насны өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түрүүлсэн хүүхэд Энэтхэг улсад зохион байгуулах өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхээр шагнуулах юм байна. Энэ өдөрлөг дуусч шагнал авсан хүүхдүүд баяр хөөрөөр бялхаж явахад зарим нь шагнал аваагүйдээ гомдож уйлсаар танхимаас гарч явлаа. Эх сурвалж www.polit.mn
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

5 цаг 15 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

6 цаг 55 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

11 цаг 14 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

11 цаг 19 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

11 цаг 27 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

11 цаг 32 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

11 цаг 44 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

11 цаг 46 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

12 цаг 8 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

12 цаг 10 мин