Б.ТУУЛ
Улсын хэмжээнд 95 их, дээд сургууль, коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж буй. Тиймээс Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын Ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүгаг урьж их, дээд сургуулиудын чанар чансаа, олон улсын магадлан итгэмжлэл гээд элсэгчдэд хэрэгтэй олон сэдвээр ярилцлаа.
-Ярилцлагынхаа эхэнд, тоон мэдээлэл авъя. Улсын хэмжээнд 100 орчим их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүний хэд нь МИДСК-д харьяалагдаж байгаа вэ. Мөн бид чанартай боловсролыг магадлан итгэмжлэлээр үнэлдэг болсон байна. Сургалтын бодлого, чанар нь тогтвортой, 2-3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн хэдэн сургууль байгаа вэ?
-Улсын хэмжээнд 95 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 2 - 3 дахь удаагаа байгууллагын үндэсний магадлан итгэмжлэлийн гэрчилгээг хүлээж авсан 53 их, дээд сургууль Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн сургуулиуд байна.
-Магадлан итгэмжлэгдсэн сургуулийг сонгож суралцах нь оюутан залууст олон давуу тал, боломжуудыг олгож байдаг. Тиймээс энэ талаарх мэдээллүүдийг илүү тодорхой тайлбарлаж өгөөч. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд ямар шалгуур тавигдаж байна. Хэдэн сургуулийн хэчнээн хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдээд байгаа вэ?
-Энэ хичээлийн жилээс эхлэн Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/ - ын гишүүн байх шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт орж, байгууллагын үндэсний магадлан итгэмжлэлээр гурав дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль тус консорциумын гишүүн байх эрх нь хадгалагдах болсон. Өөрөөр хэлбэл, МИДСК-ийн гишүүн сургуулиуд байгууллагын үндэсний магадлан итгэмжлэлээр гурав дахь удаагаа итгэмжлэгдэж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй сургуулиуд гэж ойлгож болно.Эдгээр сургуулиудын 203 хөтөлбөр үндэсний хэмжээнд, 19 хөтөлбөр олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авсан бол 10 хөтөлбөрийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр зохих магадлан итгэмжлэлийн олон улсын байгууллагуудад хандаж, өөрийн үнэлгээний тайлангаа хүргүүлээд байна. МИДСК-ийн гишүүн сургуулиуд, үндэсний болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд, хөтөлбөрүүдийн мэдээллийг http://www.cmuc.edu.mn, http://accmon.mn/ вэб сайтуудаас үзэж болно.
-БСШУС-ын сайд харьяа байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөрүүлэх талаар байр сууриа илэрхийлж байсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч. Тухайлбал, ямар сургуулиуд магадлан итгэмжлэгдэх шаардлага хангахгүй байна?
-Магадлан итгэмжлэлийн үндсэн зорилго нь тухайн байгууллагын чанарыг үнэлэх процесс байдаг учраас БСШУС-ын сайд ийм байр суурь илэрхийлэх нь тодорхой. Мөн огт магадлан итгэмжлэгдээгүй сургуулийг сонгож элсэх нэг ч хүн байхгүй шүү дээ. Тиймээс сая ярилцлагад дурдсан вэб сайтуудаас илүү тодорхой мэдээллүүдийг авч болно. Нэн ялангуяа Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн вэб сайтад байгаа магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын жагсаалтад нэр нь байхгүй сургуулиуд магадлан итгэмжлэгдээгүй буюу магадлан итгэмжлэгдэх шаардлагыг хангаагүй байна гэж ойлгож болно.
-Дээд боловсролоо чанаржуулах гээд бид сүүлийн хэдэн жилд хичээн ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсад дээд боловсролын шинэчлэлийн төсөл 2012 оноос амжилттай хэрэгжиж байна. Хэдийгээр боловсролын салбарын шинэчлэлийн үр дүн урт хугацаанд гардаг ч явцын дүгнэлтээс ахицтай зүйл харагдаж байгаа байх. Сайн жишээ дурдаач гэвэл?
-Энэ төслийн хүрээнд олон сургууль шинээр сургалт судалгааны орчин, чадавхаа сайжруулах, судлаачид маань олон улсын нэр хүндтэй томоохон сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх, үндэсний болон олон улсад хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх, инновацийн бүтээгдэхүүнийг шинээр бий болгож, гарааны компани байгуулах, зарим нэг хамтарсан сургалт судалгааны томоохон төслүүдийг эхлүүлэх гэх мэт ажлуудыг амжуулсан. Одоо ч эдгээр үйл ажиллагаанууд үргэлжилж байна. Жишээ нь, ХААИС -ийн хувьд 300 орчим инновацийн бүтээгдэхүүний каталогийг хэвлүүлж олны хүртээл болгохын зэрэгцээ 24 гарааны компанийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Япон улсын Обихиро, Хоккайдогийн их сургуулиудтай хамтран судалгаа, сургалтын хоёр томоохон төслийг нийт 7.8 сая америк долларын санхүүжилттэй хэрэгжүүлж, 2019 оны 12 дугаар сард дуусах бол, энэ оны гуравдугаар сараас эхлэн БНСУ-ийн Чежүгийн үндэсний их сургуультай хамтран “Мал эмнэлгийн сургалт, судалгаа, эмчилгээний төв”-ийг байгуулах 10.0 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлээд явж байна. Мөн Инженер технологийн сургуулийн “Инженер механик” хөтөлбөр 2018 оны наймдугаар сард АНУ-д төвтэй ABET байгууллагаар зургаан жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэнээр манай таван бүрэлдэхүүний сургуулийн хоёр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөртэй болсон. Үндэсний магадлан итгэмжлэлээр өнгөрч буй хичээлийн жилд таван хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн.
-Монгол Улсын дээд боловсролын тогтолцоог дэлхийн нийтлэг системд ойртуулахад чиглэсэн тодорхой ажлуудыг төрөөс хийж байна. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх шалгуур үзүүлэлтүүдийг харин бид хэр хангаж байгаа вэ?
-Эрэмбэ тогтоодог олон байгууллага байдаг. Бид эдгээр байгууллагад албан ёсоор хүсэлт гаргаж бүртгүүлэх, тэдний мэдээллийн санд мэдээлэл, өгөгдлүүдээ оруулах, үүнээс гадна нэг чухал зүйл нь эрэмбэ тогтоодог үзүүлэлт бүрээр нарийвчилсан төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах ажил бүрэн хийгдээгүй. Иймд эрэмбэлэх үндсэн үзүүлэлтүүдийг нарийвчлан судалж, эдгээр үзүүлэлтүүдийг хангахын тулд томоохон их сургуулиуд маань судалгааны их сургууль болох замаар сургалт, судалгааны орчноо сайжруулах, чадавхаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. ХААИС-ийн хувьд, дэлхийн их сургуулиудын рейтинг тогтоодог “Webometrics Ranking of World Universities” байгууллагын тогтоосноор 2014 онд 11660-д эрэмбэлэгдэж байсан бол 2018 оны байдлаар 5696 -д эрэмбэлэгдэж байгаа нь зургаан мянга орчим байраар өссөн. Энэ хурдаар явбал, 2024 он гэхэд Монгол Улсын дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд нэгтгэх зорилт бодитой болох үндэслэл байна.
-Энэ жил их дээд сургуулиудын элсэлт эрт эхлэх төлөвтэй байна. Учир нь, элсэгчдийн тоо өмнөх жилүүдээс 2.5 дахин буурсан үзүүлэлттэй явж байна. МИДСК болон гишүүн сургуулиуд энэ тал дээр ямар бодлого баримтлан ажиллаж байгаа вэ?
-Сүүлийн дөрвөн жил дараалан XII анги төгсөгчдийн тоо эрс буурснаар бүх их сургуулиудын элсэлт, нийт оюутны тоо хоёр дахин буурсан. Энэ нь тухайн сургуулиудын санхүүд хүндрэл учруулж байгаа ч, нөгөө талаас судалгааны их сургууль болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа сургуулиуд орлогын бүтцээ зөв болгох, олон эх үүсвэрийг эрчимтэй бий болгох, судалгааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөгжлийн стратеги төлөвлөлтөө эргэж харах шаардлагатайг сануулсан сорилтыг бий болгож байна. МИДСК-ийн үндсэн үйл ажиллагаа нь гишүүн сургуулиудын хамтын ажиллагаанд түшиглэн дээд боловсролын эрх зүйн орчин, сургалт, судалгаа, инновацийн дэлхийн жишигт нийцсэн ухаалаг тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэхэд чиглэдэг. Иймд манай гишүүн сургуулиуд үндэсний төдийгүй олон улсад хөтөлбөрөө хүлээн зөвшөөрүүлж магадлан итгэмжлүүлэх, энэ хөтөлбөрүүдээр төгсөгчдөө дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай болгохыг зорьж хөтөлбөрийн шинэчлэл хийж байна. Өнөөдөр хамгийн сайн ажлын байрны шаардлагыг хангасан мэргэжилтнийг бэлтгэхээс гадна төгсөгч өөрөө ажлын байрыг бий болгох мэдлэг, чадвар эзэмшсэн байхыг илүүд үзэж байгаа.
-МИДСК-ийн гишүүн сургуулиуд жил бүр элсэлтээ хамтран зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд элсэлтээ хэдийд зохион байгуулахаар төлөвлөж байна?
-Жил бүр консорциумын гишүүн 53 сургууль хамтран хөдөө орон нутагт элсэлт зохион байгуулдаг ажил уламжлал болсон. Улаанбаатарт бүх сургууль тус, тусдаа элсэлтээ зохион байгуулж байна. Тиймээс бид гишүүн сургуулиудын захирал, элсэлт хариуцсан хүмүүстэйгээ хуралдаж, элсэлт зохион байгуулах гурван хувилбарыг зохион байгуулагчдын зүгээс санал гаргаж хэлэлцээд, өмнөх жилийн элсэлт зохион байгуулсан хэлбэрийг өөрчлөхгүй байхаар санал нэгдсэн байгаа. Хөдөө орон нутагт элсэлтийн ажлаа хамтран зохион байгуулдаг болсноор нэг сургуулиас тухайн жилийн элсэлтийн ажил зохион байгуулах зардал, цаг хугацааг 4-5 дахин бууруулах, хөдөө орон нутагт ЕБС-ийн төгсөгчид, эцэг эхчүүдэд нэг цаг хугацаанд, нэг дор цуглаж сургууль бүрийн мэдээлэл, мэргэжлээ зөв сонгох зөвлөмжийг шуурхай зөв авах, аль болох тэдэнд чирэгдэл учруулахгүй байх, аймгийн боловсрол, соёлын газрынхантай гэрээ байгуулан илүү үр дүнтэй хамтран ажиллах зэрэг давуу талуудыг бий болгодог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.30 № 89 (6056)
Т.Хэрүүга: Үндэсний хэмжээнд 203 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн
2019-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин