Д.ЭНХЭЭ
Пушкин, Толстойн хэлийг гадаадад болон Орос улсад түгээж дэлгэрүүлэхэд холбооны төсвөөс 2019 онд 470 сая рубль олгоно. Орос хэлийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх асуудлаар шинээр үүсгэн байгуулсан яам, байгууллага хоорондын комиссын анхдугаар хуралдаан дээр энэ тухай танилцуулсан байна. Шинэ бүтцийг санаачилсан гэгээрлийн сайд Ольга Васильева уг комиссын зорилтуудыг “улс орны дотоодод ч, олон улсын тавцанд ч” стратегийн хэмээн онцолсон талаар Российская газета-д бичжээ.
Энэ бол зөөлөн хүч болох хэлийг дэлхий дахинд түгээж, ахиц дэвшил гаргахыг сонирхож байгаа бүх байгууллагын хүчин чармайлтыг нэгтгэх талаар хийсэн олон алхмын нэг юм. Хамгийн олон хүн эзэмшсэн, нөлөө бүхий арван хэлний нэг нь орос хэл боловч зарим салбарт өөрийн тэргүүлэх байр сууриа алдсан байна. Тухайлбал, шинжлэх ухааны хэлний хувьд. ХХ зууны 50-иад онд шинжлэх ухааны зохиол бүтээлийн 40 хувийг орос хэлээр нийтэлдэг байжээ.
Гадаадад 2912 орос сургууль ажиллаж байна
Хуралдаан ширүүхэн болж өнгөрчээ. Орос хэл сурах хүсэл сонирхолтой Монголын хүүхдүүд тэртээ 1992 оны хуучирсан сурах бичгээр хичээллэж байгааг онцолж тэмдэглэсэн нь хоцрогдол дутагдлын нэг жишээ болгон дурджээ. Суралцагчдын тэн хагас нь орос хэл огт мэдэхгүй, аль эсвэл бараг мэдэхгүй ангид орос хэл заах сургалтын төлөвлөгөө болон багш бэлтгэх хөтөлбөр байхгүй, гадаад улс дахь орос сургуулиудад физик, хими, биологийн багш хүрэлцээ хангалтгүй зэрэг асуудлыг мөн онцолжээ. Амжилтын тоонд орос хэлээр сургалт явуулдаггүй сургуулийн тооноос орос хэлээр сургалт явуулдаг сургуулийн тоо илүү болох хүртэл орос сургуулийн тоо өсөн нэмэгдэж байгаа Азербайжаны нөхцөл байдлыг онцолжээ. Бишкек рүү оросын 32 багш илгээхээр саяхан тохиролцоонд хүрсэн Киргизийг мөн дурдсан байна. “Ажлаа системтэй зохион байгуулахыг шинэ комиссын нэн тэргүүний зорилт гэж үзэж байна. Болж бүтэхгүй зүйлийг тоочиж ярихын оронд юу сайн болж байгааг хэлэлцэж, түүнийгээ арав дахин сайжруулахад хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй байна” хэмээн сайд Васильева хуралдаан дээр онцолжээ.“Российское образование” портал дээр боловсролын тухай мэдээллийн нэгдсэн бааз бий болгож, нийгмийн сүлжээг өргөнөөр татан оролцуулахыг сайд мөн санал болгосон байна. Гэгээрлийн яамны баримтаар “Фейсбүүк” дэх энэ ажилд Балти орчмын улс орнууд, Гүрж, Казахстаны оросын эсрэг үзэлт идэвхтнүүд хаалт (блок) хийдэг аж. Үүнд онцгой анхаарах шаардлагатай гэжээ. Дэлхий дахинд, гадаадын улс орнуудад үйл ажиллагаа явуулж байгаа 2912 сургуулийг дэмжих явдал тус комиссын авч хэрэгжүүлэх эхний алхмын тоонд орж байна. Тухайлбал, Ашхабад дахь Пушкины нэрэмжит туркмен – оросын хамтарсан сургуулийн энэ хичээлийн жилийн санхүүжилт 71479 сая рубльд хүрэх гэнэ. Пушкины институтын захирал Маргарита Русецкая ярихдаа, -Бид гадаадын улс орнуудад маш олон уралдаан, тэмцээн зохион байгуулдаг, тэдгээр орны орос хэлний багш нарын мэргэшлийг дээшлүүлэхэд хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэхдээ тухайн улс орны үндэсний яамд эдгээр арга хэмжээнд багш нарыг бүрэн хамруулж оролцуулахдаа тийм ч сайн биш ханддаг, мөн мэргэшил дээшлүүлэх үйл ажиллагаагаа бид тухайн улс орны сургалтын төлөвлөгөөтэй уялдуулж зохицуулахгүй байгаа асуудал ч бас бий. Сурах бичиг ч мөн адил гэсэн байна. Эх сурвалж: www.polit.mnОрос хэл сурах хүсэл сонирхолтой Монголын хүүхдүүд тэртээ 1992 оны хуучирсан сурах бичгээр хичээллэж байгааг онцолж тэмдэглэсэн нь хоцрогдол дутагдлын нэг жишээ болгон дурджээ..