Б.БАРС
АНУ эцэг Жорж Бушийн үеэс дэлхийн “цагдаа”-гийн үүргийг дангаараа гүйцэтгэж ирсэн. Эцэг Жорж Буш л Персийн булангийн анхны дайныг Иракийн зартай дарангуйлагч гэх Саддам Хусейнийн эсрэг эхлүүлсэн түүхтэй. “Персийн булан”-гийн анхны дайн нэр авсан тэр тулалдаанд АНУ-ын цэрэг бяцхан боловч баян Кувейт руу халдан орсон Иракийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулсан билээ.
Нефть бол хэзээний стратегийн түлш байсан. Тэр үед АНУ-ын “хүйтэн дайн”-ы гол өрсөлдөгч ЗХУ далан таваараа бууж өгөөд байсан шүү дээ. 1980-аад оны сүүлийг ярьж байна. Өрнөдөд “Майкл” нэр авсан Михаил Горбачев гэх ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч “Өөрчлөн байгуулалт” гэж нэр авсан зарчмын шинэ номлолоороо эх орноо задлан бутаргаж, тэр байтугай манай оронд өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдэх боломжийг нээсэн.
Тэгвэл АНУ ойрын өдрүүдэд Ойрхи дорнодын нефтиэр баян өөр нэгэн улсад халдан цэргийн сүр хүчээ харуулахад бэлэн болжээ. Энэ удаа давших тушаалыг өгөх хүн нь АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Барак Обама.
Шалтаг нь юу вэ? Аавынхаа араас Сирийн “эзэн хаан”-ы сэнтийд суусан Башар Асадын дэглэм сөрөг хүчнийхнээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэх асуудал. Энэ нь дэлхийн хамтын нийгэмлэгээс хамгийн ихээр буруушаадаг алхам. Хорт хийг аль дээр ямар ч цэргийн тулгаралтад хэрэглэхийг хориглосон НҮБ-ын тогтоол байдаг.
Үүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд багтдаг нэг ч орон өнөөг хүртэл зөрчөөгүй ирсэн гэх. Харин Иракийн хоёрдугаар дайн шиг Сирийн анхдугаар дайн химийн зэвсэг хэрэглэснийг таслан зогсоох үүднээс гэсэн албан ёсны шалтгаантай эхлэх гэж байх шиг.
Манай сонин урьд нь удаа дараа мэдээлж байснаар Вашингтон Сирид цохилт хийхэд бэлэн болжээ. Одоо зөвхөн Ерөнхийлөгч Барак Обамагийнхаа тушаалыг хүлээж буй. Гэхдээ ялгаа нь 1990-ээд, 2000-аад оны үед байсан шигээ АНУ дэлхийд бүх талаар ноёрхохоо больжээ.
2008 оноос дэлхийг хамарсан санхүүгийн хямралаас АНУ өдий хэр бүрэн илааршиж чадаагүй. Ийм үед бүрэн хэмжээний байлдааны ажиллагааг дэлхийн хаана ч явуулж чадахгүй нь илэрхий мэт.
Хэдий тийм ч АНУ дэлхийн “эзэн” гүрнийхээ зангаргаа алдахгүйг хичээж буй. Вашингтон Монголын хоёр их хөрш болох БНХАУ, ОХУ-ын дахин сэргэлтийг үл ажран сөргөлдсөөр. Гэхдээ ямар ч байсан ноён Барак Обама улсынхаа Конгрессээс Сирийн эсрэг байлдааны ажиллагааг дэмжихийг илэрхийлсэн билээ.
Дугаар шилжих мөчид АНУ-ын Конгресс түүний хүсэлтийг хэлэлцээгүй байсан хэдий ч газрын тосоор баялаг Ойрхи дорнодод дахин нэгэн байлдааны ажиллагаа ямар нэгэн хэмжээгээр эхлэх нь тодорхой болоод буй.
Одоогоор 16 их наяд ам.долларын үндэсний өртэй болоод буй АНУ бүрэн хэмжээний байлдааны ажиллагаа явуулах хөрөнгөөр дутагдаж буйг тэмдэглэх хэрэгтэй. Тэгээд ч Вашингтон урьд өмнөх Афганистан болон Иракт явуулсан байлдааны ажиллагааныхаа улмаас санхүүгийн хүндрэлээ нэлээд даамжуурлсан гэдэг билээ.
Гэхдээ АНУ Сирийн хямралд ямар нэгэн байдлаар оролцох нь тодорхой. Тус улсын Конгресс ямар шийдвэр гаргасан ч Барак Обама Сирид их, бага боловч ямар нэгэн хэмжээний “хүмүүжлийн” гэх тодотголтой цохилт өгөх нь үндсэндээ ойлгомжтой болоод байна.
Нэртэй эдийн засагч Л.Фридманы “Дэлхий хавтгай” гэх бестселлер ном нэлээд олон жилийн өмнө гарсан даа. Тэрхүү номонд гардаг хавтгай дэлхийн онолын дагуу манай улсад ч энэ дайн нөлөөлнө.
Эерэгээр нөлөөлөх зүйл гэвэл тодорхой. Юутай ч, ямар ч дайн дэгдсэн алтны үнэ нэмэгддэг. Манай улс алтны баялгаараа дэлхийд эхний аравт ордог улс. Тэгэхээр манай улс энэ тал дээр хожих нь тодорхой.
Гэвч Ойрхи дорнодод тогтворгүй байдал, тэр тусмаа дайн эхэлбэл газрын тосны үнэ нэмэгддэг нь хууль. Энэ тал дээр манай улс хохирогч болно. Тамсагбулагаас гарган авдаг түүхий газрын тосоо урьд их хөрш рүүгээ зөөгөөд эргүүлэн “Монгол 93” гэх бензинээр авдаг бидний хувьд Сирийн дайны савлагаа үнийн хөөрлийг дагуулах төлөвтэй.