Б.ТУУЛ
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нэг кг ноолуурын ханш 110 мянган төгрөг хүрч, малчдын амжиргаа дээшлэх эх үүсвэр болж байлаа. Тэгвэл энэ жил ч мөн адил ноолуурын ханш өндөр эхэлж байгааг ноолуурын ченжүүд болон малчид хэлж байна. Мөн “Ноолуурын үнэ ханш өндөр байх нь хаврын тарчиг өдрүүдэд малчдын амжиргааг дээшлүүлэх нэг эх үүсвэр болдог төдийгүй ноолуурын ашиг малчин айл өрхөд 100 хувийн орлого болж эргэлддэг. Тэтгэврийн зээл, оюутны сургалтын төлбөрийн өр зээл тэглэхээс эхлээд малчдад олон боломжийг олгодог” гэдгийг “Эмээлт” зах дээр ноолуураа тушаахаар ирсэн хөдөөгийн малчид хэлж байв. Ноолуурын бизнес эрхлэгчид болон малчдын ярьж буйгаар хот, хөдөөд ноолуурын үнэ бараг адил төвшинд байгаа аж. Тухайлбал, Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ноолуур нэг кг ноолуур 120-130 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин Дорнод аймагт ноолуур нэг кг нь 140 мянган төгрөг байна гэдгийг нутгийн иргэд хэлж байна.
Улаанбаатар хотын түүхий эдийн “Эмээлт” зах дээр баруун аймгийн ноолуурыг кг-ыг нь 120, зүүн аймгийнхыг 140 мянган төгрөгөөр худалдан авч байгааг орон нутгийн иргэд хэлж байлаа. Өнгөрсөн жил дунджаар 75-110 мянган төгрөг байсан ноолуурын үнэ энэ жил 100 мянгаас эхэлж байгаа ажээ. Харин Хөвсгөл аймагт нэг килограмм ноолуур 100 мянган төгрөгийн үнэтэй байгаа боловч зарим сумдад ноолуур ховор байгаа гэнэ. Энэ нь цаг агаарын тогтворгүй байдлаас шалтгаалж байгаа ирэх долоо хоногоос цаг агаар дулаарвал ямаа самналт жигдэрнэ гэж малчид ярьж байна.
Ноолуурын үнэ ханш энэ жил харьцангуй өндөр байгаад хөдөөгийн иргэд ам сайтай байна.
Эх сурвалж: www.polit.mn