Б.НАМУУНТАМИР
“Мэргэжлийн боловсрол сургалтын шинэчлэл” олон улсын чуулган өчигдөр эхэллээ. Чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хүрэлцэн ирсэн. Уг чуулга уулзалт нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүсэлтээр НҮБ-ын боловсрол, шинжлэх ухааны байгууллага болох ЮНЕСКО-той хамтран зохион байгуулагдаж байгаа юм.
Монголын мэргэжлийн боловсрол сургалтын салбарын эрдэмтэд, багш, захирлуудаас гадна Парис, Бээжин, Лондон, Сөүл, Токио дахь ЮНЕСКО-гийн төлөөлөгчид гээд 100 гаруй хүн оролцлоо.
ЮНЕСКО-Гийн төлөөлөгчид хөдөө орон нутгийн коллежийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа
ЮНЕСКО-гийн төлөөлөгчид өнгөрсөн сарын 25- ны өдөр манай улсад ирсэн юм байна. Төлөөлөгчид МСҮТ-үүдийн үйл ажиллагаа,тэр дундаа Сэлэнгэ, Төв, Дорнод, Хэнтий, Дархан- уул аймгуудын коллежууд, мөн ажил олгогчдын төлөөлөлтэй биечлэн танилцсан байна. Мөн ЮНЕСКО-гийн UNIVOC хэмээх мэргэжлийн боловсролын салбарыг Монгол улсад нээх гэж байгааг чуулганаар танилцуулсан. Энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь , гадны сайн жишиг коллежийн сургалтын бодлого хөгжил, зэргийг судлаад манай улсын МСҮТ-ийн салбарт хэрэгжиж байгаа сургалтын бодлоготой уялдуулан холбоод хөгжүүлэх цаашид ямар системтэйгээр бий болгох зөвлөмжийг мэргэжлийн боловсролын салбарт ирүүлэх юм байна. Гадаадаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид өөрсдийн орны сургалтын хөтөлбөрийн сул тал болон, давуу талууд мөн юуг хамгийн их анхаарах, цаашдын төлөвлөгөө зэрэг олон асуудлыг хөндөн илтгэл тавьсан юм. Харин өнөөдрийн чуулганаар манай улсын багш, эрдэмтэн энэ салбарт тулгамдаж буй асуудал, ямар бодлого төлөвлөж буй, үйл ажиллагааны талаар гадаадын төлөөлөгч нарт танилцуулахаар төлөвлөсөн байна.
Улсын хэмжээнд МСҮТ-д нийт 37 мянган оюутан, таван мянга гаруй багш ажиллаж байна. Тиймээс энэ салбарт ажиллаж, суралцаж байгаа хүмүүсийн тогтолцоог боловсронгуй болгох шинэчлэх мөн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр энэхүү чуулган зохиогдож байгаа аж.
Барилгын политехникийн коллежийн захирал Г.Нямдулам: Чуулганы үр дүнд сайн хөтөлбөр ирнэ гэдэгт итгэлтэй байна
-Энэ чуулган манай улсад болж буй нь завшаантай хэрэг юм. МСҮТ-ийн өнөөгийн байдлын талаар үнэлгээ судалгаа хийгдээд, цаашид хэрэгжүүлэх зөвлөмж өгнө. Энэ утгаараа МСҮТ-үүдийн захирлуудтай уулзаж, дэвшүүлэх санал, одоогийн нөхцөл байдлын талаар санал шүүмжлэл гэхчлэн дэлгэрэнгүй ярилцсан. Чуулганы үр дүнд хэлэлцсэн асуудлууд дээр тулгуурлан гарц гаргалгааг нь гаргасан сайн зөвлөмж бидний гар дээр ирнэ гэдэгт найдаж байна. Манай сургуулийн хувьд сургууль болгонд багш хөгжлийн төвийг байгуулах, ажлын байранд ажиллах чадамжийг нэмэгдүүлэх, багш болгоныг компьютержүүлэх зэрэг олон ажлууд төлөвлөгдөн эхнээсээ хэрэгжиж байгаа. МСҮТ-ийн багш нарын цалин нэмэгдсэнээр, мөн таван жил тутамд 10 сарын цалинтай тэнцэхүйц мөнгөн тэтгэмж олгодог болсон нь багш нарыг ажиллах идэвх чармайлтыг нэмсэн байх. Түүнээс биш өмнө нь багш нарын цалин тулгамдаж буй асуудлын нэг мөн байсан гэлээ.
Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-ийн захирал Ш.Отгон: Хөдөө орон нутагт ажиллах багш олддоггүй
-Энэхүү чуулган нь цаг үеэ олсон, бөгөөд манай улсын мэргэжлийн боловсролын салбарт хөгжүүлэх шаардлагатай, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна. Миний хувьд нийгмийн түншлэлийг төлөөлөн илтгэл тавина. Бид МСҮТ-д тулгамддаг асуудлыг зөвхөн манай улсад л байдаг гэж бодсон үгүй юм байна. Жишээ нь манайх сумын сургууль учраас аливаа төслүүдээс байнга хоцрогдоод байдаг. Мөн хөдөө орон нутагт байрлаад ажиллах багш олддоггүй. Гадны орнуудад ч бас ялгаагүй тулгамддаг асуудал байна гэдгийг мэдэж авлаа. Үүнийг үндэслээд бид ямар сургалтын хөтөлбөр боловсруулах эсэхээ бас ярилцаж чадлаа. 2017 оноос өөрийн сургуулийнхаа давуу болон сул талыг тодорхойлоод, төлөвлөгөөгөө гаргасан. Бүс нутагтаа тохируулан газар тариалан, хөдөө аж ахуйн сургууль болох зорилтыг тавьсан. Мөн ЮНЕСКО-гийн төлөөлөгчид манай сургуультай биечлэн очиж танилцсан. Манай сургууль Монгол улсад анх удаа үйлдвэрлэх эрх авсан цорын ганц коллеж. Тэр ч утгаараа төв аймгийн зүүн бүсийн ЕБС-ийн сурагчдын үдийн цайг манай оюутнууд үйлдвэрлэдэг хэмээлээ.
Манай улс 1961 онд ЮНЕСКО-д элссэн байна. Мэргэжлийн боловсрол үйлдвэрлэлийн салбар 2010 оноос хойш “олон улсын чадамжид суурилсан сургалт үнэлгээний тогтолцоо”-нд шилжээд сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлээд, төлөвлөгөөгөө баталжээ.Энэ нь манай улсын мэргэжлийн боловсрол үйлдвэрлэлийн салбар 2010 оноос хойш олон улсын сургалтын хөтөлбөрийг өөрсдийн нутаг орны онцлогт тохируулан нутагшуулж эхэлсэн ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.5 № 70 (6037)