Н.МӨНХЖИН
Зимбабвед болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар санаанд оромгүй дүн гарч, 89 настай Роберт Мугабе найм дахь удаагаа дараалан төрийн тэргүүнээр сонгогдсон билээ. Парламентын сонгуульд ч түүний нам торгон жолоогоо өргүүлжээ. Бут ниргүүлж, цочирдсон сөрөг хүчнийхэн сонгуулийн хуулийн төгс бус байдал болон “олон тооны будлиан” гарлаа хэмээн гомдоллохоос өөр юу ч хийж чадсангүй.
Мугабег ялах гол найдвар гэж байсан сөрөг хүчний нэр дэвшигч Морган Цвангирай 34 хувийн санал авчээ. Гадаадын ажиглагчид Зимбабвейн сонгуулийг хангалттай, шударга, цэвэр боллоо хэмээн дүгнээд байгаа.
Сонгуулийн ийм үр дүн олон ажиглагчийн хувьд санамсаргүй зүйл байлаа. Мугабегийн тасралтгүй 33 жилийн засаглалын үед тус улс олон арван хүчирхийллийн давалгаа, өлсгөлөн, эдийн засгийн хүнд хямралыг амсчээ. Зимбабве улсад инфляц жилд 321 сая хувиар өсч дэлхийд байтугай энэ сансар, орчлонгийн хаана ч байхгүй рекорд тогтоож байв. Мөн Конготой байлдаж, янз бүрийн халдварт өвчин, тахлын голомт болж байсны зэрэгцээ зимбабве иргэдийн дундаж наслалт 15 жилээр буурсан юм. Улс орны эдийн засгийн өсөлттэй ганц салбар нь оршуулга л болж байжээ. Ийм байхад долоо дараалан Ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан, хадан гэртээ очих дөхчихсөн Мугабег ард иргэд нь ахин дахин сонгохын учир юу вэ?
Мугабе сонгуулийг луйвардсан байлаа гэхэд зөвхөн энэ аргаар ялалт байгуулаагүй бололтой. Өрсөлдөгчид нь түүний ялалтад хүрэх ган болд хүсэл зоригийг нь дутуу үнэлсэн байж болно хэмээн ажиглагчид үзэж байна. Роберт Мугабе эх орондоо хандах үзэл бодлоо тодорхойлохдоо “Энэ бол миний газар нутаг. Би үхээгүй л бол газар нутгаа хэнд ч өгөхгүй” гэдэг.
Мугабе хадан гэртээ очих яагаа ч үгүй бололтой. Тэрээр Сингапур руу байнга нисч эмчилгээ хийлгэдэг. Тиймээс түүнийг насны жамаар “явж” эрх мэдлээсээ сална гэж найддаг улс төрийн өрсөлдөгчид нь их л гонсгор байдаг аж. Зимбабвейн хамгийн хөгжингүй бизнесийн нэг болох авс үйлдвэрлэгчид хамгийн хүндэт үйлчлүүлэгчээ хүлээн авах өдөр хүртэл хол байна хэмээн өрнөдийн хэвлэлд бичжээ. Мугабе бол Зимбабвейн нийгэмд өргөн дэмжлэгтэй хүн. Түүнийг дэмжигчдийн гол цөмийг тусгаар тогтнолын төлөөх дайны ахмад дайчид болон тэдний гэр бүлийн гишүүд бүрдүүлдэг юм. 2000 оны эхээр Мугабе цагаан арьст фермерүүдийг бараг бүгдийг нь хөөж чөлөөлөгдсөн газрыг нь хар арьст хамтран зүтгэгчиддээ хувааж өгчээ. Үр дүнд нь газар тариалан эрхэлж мэддэггүй харууд том том газрын эзэн болж, тэнд ажиллаж байсан дөрвөн сая хар арьст тариачин цалин, орлогогүй хоцорсон юм. Газар тариалангийн салбар шууд л зогсонги байдалд орж, Зимбабве улс гадаад валютгүй болж, олон мянган ферм, тариалангийн талбай хөсөр хаягджээ.
Залуу үеийнхэн энэ цаг үеийг сайн мэдэхгүй ч улс оронд болсон өөрчлөлтүүдийг тун нааштай хэмээн үзэж, хүлээж авдаг байна. 22 настай Пейшенс Мукуву “Би Мугабегийн намыг дэмждэг гэр бүлд өссөн. Тус нам олон ололт амжилтад хүрсэн. 2000 онд манай эцэг эхэд газар өгсөн. Бид тэндээ эрдэнэ шиш, тамхи тариалаад дутагдсан юмгүй амьдарч байна. Мугабе энэ бүхнийг хийсэн. Үргэлж түүний намыг дэмжих болно” хэмээн өгүүлэв. Хөгшин, хижээл хүмүүс Мугабед хир халдаахгүй. “Түүнийг бурхан бидэнд илгээсэн. Бүх Африкийг ивээдэг бурхны бэлэг юм. Түүнтэй эн зэрэгцэх хэн ч байхгүй. Түүний хийж байгаа бүх юм бурхны хүсэл зориг л байдаг. Давид Голиафын эсрэг тулалдсан шиг л тэр өрнөдийн эсрэг тулан зогссон” хэмээн 58 настай Годфри Маара ярилаа.
Роберт Мугабегийн гол өрсөлдөгч Морган Цвангирай нь өрнөдийн чиг баримжаатай, Зимбабвед колончлолын үеийн засаглалыг эргүүлэн авчирч, хар хүмүүсийг нөөц нутаг руу нь цөлөх бодлоготой хүн гэгддэг. Ямар ч байсан Мугабегийн талынхан түүнийг ингэж тодорхойлдог. Тэр өрнөдийн капиталистуудын гар хөл болж, ижил хүйстний харилцааг дэмждэг хэмээн улс төрийн өрсөлдөгчид нь үздэг аж. “Цвангирай эмэгтэй хүн эмэгтэй хүнтэйгээ секс хийж болдог улсыг бий болгохыг зорьж байна. Зимбабве үндэстэн үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн 46 настай Табет Таонезви ярилаа. Сөрөг хүчний лидер Морган Цвангирай цагаан арьстан шиг аашлаж, аягладагт ард иргэд хамгийн дургүй байдаг гэнэ. Энэ нь Мугабегийн талынханд сайхан өгөөш болж өгдөг ажээ. 89 нас сүүдрийг зооглоод байгаа Мугабе хадан гэртээ очсон цагт л Ерөнхийлөгчийн сэнтийгээс буух бололтой. Үүнийг Зимбабвейн сөрөг хүчин ч, олон улсын ажиглагчид ч хүлээн зөвшөөрөх боллоо.