Л.ХЭРЛЭН
Ардчиллын удирдагч С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллагын бодит үнэн илрэлгүй 21 дэх жилтэйгээ золгох гэж байна. Ирэх сарын 20-нд түүний 57 насны ой буюу төрсөн өдөр нь тохионо. Инээд хөөр болж цэцгийн баглаа тэвэрсэн хүмүүс энэ өдөр хүрэл хөшөөг нь бүчдэг. Амиа алдсан аравдугаар сарын 2-ны өдрийг ч бас ийм байдлаар өнгөрүүлдэг. Өнгөрсөн 20 жил ингэж ирсэн жишиг энэ жил давтагдаад өнгөрөх биз ээ. Харин журмын нөхрийнхөө араас чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлэх нь хэн бол. Аймшигт хэргийн үнэн мөнийг олохын төлөө ам нээх нь хэд бол... ”Хэргийг илрүүлсэн” гэж баатар аятай цээжээ дэлдэх хүн ч гарах л байх. “Эргэлзээтэй, дахиад шалгах ёстой” гэж хэлэх хүн гарах болов уу, ингэхэд.
Ер нь бол захиалагчийг нь олоогүй хэрэгт гүйцэтгэгч гэж гурван хүнийг ялласанд анхнаасаа нийгэм тэр чигээрээ эргэлзэж ирсэн. Ар гэрийнхэн нь “Зохиомол хэрэг тулгаж, гүтгэж ялласан” хэмээн удаа дараа мэдэгдэж ирсэн.
Тэгвэл оны өмнөөс гэрч гээд байгаа Ц.Амгаланбаатар нь мэдүүлгээсээ буцаж хэрэг гээч зүйл нь хэрэг биш болж эхэлсэн тухай мэдээлэл гарсан. Цагаан сарын дараачаас хэргийг мөрдсөн, шалгасан хүмүүсийг нь гүйцэтгэх ажиллагааг буруу явуулсан гэх үндэслэлээр саатуулан шалгаж эхэлсэн гэх сураг ч дуулдсан.
Саяхан нэрт нийтлэлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян гуайн “Улс төрийн аллага№-2” гарчигтай эрэн сурвалжлага хэвлэлд нийтлэгдлээ. Үнэн гэмээ нь үйл явдлын олон ээдрээ, зангилааг тайлсан бүтээлийн эргэн тойронд өчнөөн асуулт бас хариулт ундарч байна. Энэ бүхний эцэст өнөөх манайхны илрүүллээ, барилаа гэсэн хэрэг нь хэрэг биш болж таарч байх шиг. Өмнө нь хүний амь насыг жигшүүртэйгээр бүрэлгэж, насаараа хоригдох шийтгэл хүлээж чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа Ц.Амгаланбаатар гэгчийн амаар хэрэг бүрдүүлсэн гэдэг нь тодорхой болж байна гэсэн ойлголт төрж байгаа юм.
Тэгэхээр насаараа шоронд суух шийтгэл хүлээсэн, тухайлбал Г.Жамъян гуайн бичсэнчлэн алдах юмгүй тэрхүү гэмт хэрэгтний амаар бүрдүүлсэн зохиомол хэргийг шүүж, гэмгүй хоёр хүнд 24-25 жилийн хорих ял оноож чанга дэглэмтэй хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосон шүүгчдийг яах бол...Хүний амаар бүрдүүлсэн зохиомол хэргийг хянасан прокурорууд ажил үүргээ хэрхэн гүйцэтгэсэн болж таарах вэ. Тэдэнд хариуцлага тооцох уу... Энэ хэрэг бүр эцсийн шатанд Улсын Дээд шүүх дээр очиж эцэслэгдсэн. Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийг Улсын Дээд шүүхээр хэлэлцэхэд Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Зориг өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцон хурлыг даргалсан байдаг. Улсын Дээд шүүх учир дутагдалтай шийдвэр гаргах ёсгүй, өөрөөр хэлбэл тэд алдах эрхгүй. Тэгвэл тэд “Гэмт хэрэгтний амаар зохиомол хэрэг бүрдүүлсэн байна, хэрэгсэхгүй болгоё” гээгүй. “Мөрдөн байцаалтад буцаая” гэх шүүгч нэг ч гараагүй. Улсын Дээд шүүх дээр болсон энэ шүүх хурлын дараа Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Ц.Амгаланбаатартай харьцуулж адилхан ял онооно гэдэг байж таарахгүй. Үүнийг үнэхээр хуйвалдаан гэж үзэхээс аргагүй байна. Ямар ч хэрэг хийгээгүй хүүгээ ял үүрүүлчихээд зүгээр сууж чадахгүй. Хүний эрхийн байгууллагад хандана” гэж хэвлэлд ярьж байв. Харин Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Би Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэж байсан. Долдугаар сарын 23-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад хүсэлт явуулахад “Олон нийтэд нээлттэйгээр шүүх хурлыг хийлгэе” гэсэн хариу өгсөн юм. Өнөөдрийн хурлаас арай өөр шийдвэр гарна гэж итгэж байлаа” гээд толгой сэгсэрч байсан билээ.
С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг явсаар байгаад Улсын Дээд Шүүхийн босгыг давж, Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг шүүх хурлыг даргалан эцийн шийдвэрийг гаргасан нь иймэрхүү. Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж, СЗоригийг хөнөөсөн хэрэг эхнээсээ задарч байгаа бол Ц.Зориг шүүгч хариуцлага хүлээх үү? Ийм олон асуулттайгаар монголчууд ирэх сарын 20-нд С.Зориг агсны 57 насны ойг тэмдэглэх бололтой.\
Эх сурвалж: www.polit.mn