Тэрбумтнуудын хачирхал: Мистер ИКЕА-гаас “Гурван кг”-ийн абрамович хүртэл

2013-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Асар их мөнгөтэй байна гэдэг нь бизнест амжилт гаргасан гэсэн үг. Гэвч тэдний ялалтын жор нь итгэмээргүй хачирхал, сонин зан, этгээд сонирхолтой холбогдох нь элбэг. Ихэнх хүмүүст хаалттай байдаг тэдний “хориотой” ертөнцөд мөнгийг хэрхэн зарцуулдаг, хэмнэдэг вэ?

Мистер Икеа: ХЭВИЙН БУС, ЖИНХЭНЭ “ЦАРАЙ АЛДАГЧ”

 

Икеа-гийн бүтээгдэхүүнийг худалдаж аваагүй хүнийг олоход бэрх биз. “Та өөрөө угсар” гэдэг философи дээр үндэслэсэн тэдний боломжийн, хямд үнэтэй бүтээгдэхүүнүүд дэлхий даяар ялан дийлж, үүсгэн байгуулагч, швед эр Ингвар Кампрадыг дэлхийн тэрбумтан, мөн хэвийн бус ч юм шиг, харамч хүн болгосон юм. Дэлхийн тэргүүн таван баяны тоонд орж явсан тэрбээр 30-аад жил болсон Volvo машинаа унаж, ажилчдаа үнэтэй, брэндийн хувцас өмсөх, үнэтэй ресторанд хооллох, тансаг буудалд буух, нисэх онгоцны бизнес ангиллаар зорчихыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байсангүй. Швейцарьт 40 жил амьдарсан Кампрад мөдхөн Шведдээ очиж амьдран тэнд татвар төлнө хэмээн мэдэгджээ. Тэрээр гэрээ хэлэлцээ хийхээр ирсэн ямар ч бизнесмэн, босстой хамт хооллохоор болвол ажилчдынхаа гуанзанд оруулдаг, нэг удаагийн хуванцар халбага, сэрээг хадгалж ахин дахин хэрэглэдэг гээд түүний “голоо цохисон” үйлдэл дуусахгүй. Ажилтнуудаа хямдхан ширээ, тавилга дээр суулгадаг, тэр нь эвдрэхгүй л бол сольдоггүй. Гэхдээ тэрээр хүүхдийн эмнэлэг байгуулах үйлсэд 300 сая доллар хандивлах зэргээр буян хийсэн нь цөөнгүй.

 

Аль-Валид Бин Талал: ТАНСАГЛАНА Ч, ӨГӨӨМӨР СЭТГЭЛ ГАРГАНА Ч

 

Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүн, хунтайж Аль-Валид өөрийгөө дэлхийн хамгийн чухал хөрөнгө оруулагч гэдэг. “Форбс” сэтгүүл түүнийг 20 тэрбумын хөрөнгөтэй хэмээн 26-д жагсаахад миний хөрөнгийг 10 тэрбумаар дутуу үнэллээ хэмээн цухалдаж тус сэтгүүлийг шүүхэд өгч байжээ. Араб хунтайж Kingdom Holdings корпорацаараа дамжуулж Apple, News Corporation, Citigroup зэрэгт хувьцаа эзэмшихээс гадна Лондонд Savoy, Нью-Йоркт Plaza хэмээх зочид буудалтай. Мөн Four Seasons зочид буудлын сүлжээнд хувь эзэмшдэг байна. Саяхан бас Twitter-т 300 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Түүний амьдрал бол зүгээр л тансаглал. Хувийн “Боинг 747” хөлөгтөө цэвэр алтан сэнтий хийлгэжээ. Аль-Валид нь Airbus A-380 онгоцыг худалдаж авсан дэлхийн анхны хүн юм. Зургаан жилийн өмнө захиалсан агаарын хөлөг нь яг одоо бэлэн болж байгаа бөгөөд хунтайжийн хүссэнээр салоныг нь өөрчилж, сонсоод ч итгэмээргүйгээр дэндүү тансаг болгосон аж. Жишээ нь, энэ онгоцонд морины жүчээ, Rolls-Royce-ийн хоёр гарааш бий. Аль-Валидад нэгэн хачин зуршил байдаг нь яг хоёр адилхан автомашин худалдан авч нэгийг нь өөртөө, нөгөөг нь бие хамгаалагчиддаа өгдөг ажээ.

Гэвч тэрээр өндөр боловсролтой. АНУ-ын Silicon Valley дахь бизнесийн сургуулийг төгсч, Сиракузын их сургуульд мастер хамгаалсан байна. Тиймээс өрнөдөд хэрхэн бизнес хийхийг сайн мэднэ. Тэрээр долоо хоногийн хоёр өдрийг тусламж нэхсэн, гуйсан хүмүүсийг хүлээн авч таалалд нь нийцвэл өгөөмөр сэтгэлээ гарган тусалдаг ажээ. 

 

Бернар Арно: ТҮҮНИЙ АМЬДРАЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ ТАНСАГЛАЛ

 

Loewe, Christian Dior, Louis Viutton, Dom Perignon, Moet Chandon зэрэг тансаг зэрэглэлийн брэндийг эзэмшигч, франц эр Бернар Арно тансаглалд умбах дуртай нэгэн. Бизнес нь ч, энгийн амьдрал нь ч тэр чигээрээ тансаглал болсон Арно Шопины хөгжмийг шүтэж, дээд зэрэглэлийн ресторанаар орж, сайн дарс уух дуртай. Урлагийг шүтэгч түүнд Страдиварийн гурван ч хийл бий. Түүний ажил бол дэлхий дээрх үнэтэй брэндийн дэлгүүрээ нээж, тансаг хэрэглээг дэлхий нийтийн хэрэглээ болгох. Зүгээр хямд, чанартай цүнх авахын оронд 200-300 дахин их үнээр бараг адилхан чанартай цүнхийг худалдаж авдаг хүмүүс хаанаас ч олддог гэнэ. Африкийн нэгэн ядуу оронд Louis Viutton-ий нэг лангуу ажиллуулахад л хоёр мянган доллараар цүнх худалдаж авах хүмүүс байдаг аж. Энэхүү тансаг бөгөөд мөнгөө барж ядан сайрхах хэрэглээг овжин ашиглаж баяжсан хүн нь Арно ажээ.

 

Роман Абрамович: ЮМЫГ ЯАЖ МЭДЭХЭВ

 

“Челси” клубын эзэн, орос эр Абрамович “Юмыг яаж мэдэхэв, юу ч болох билээ” гэж өдөр бүр гурван сая евро өвөртлөөд гэрээсээ гардаг гэж байгаа. Гэнэт нэг юм таалагдаад авахаар болвол царай алдахгүй газар дээр нь тооцоо хийнэ гэсэн донтой нэгэн аж. Тэрээр 30 тэрбумын хөрөнгөө арвижуулахаас илүүтэй “Челси” клубын түрүү, цомын төлөө л хамаг сэтгэлээ тавьдаг аж. Хөрөнгө нь зүгээр хэвтэж байсан ч өөрөө өсөөд, үржээд байдаг бололтой. Абрамовичид унтлагын өрөө, шүршүүр, бассейн, усан массаж, тоглоомын өрөөтэй “Боинг 767”, Швейцарь, Англи, Орос, Италид эдлэн газар, мөн гурван том дарвуулт хөлөг онгоц бий. Хоёр насандаа ээжээсээ, дөрвөн насандаа ааваасаа хагацсан Рома хүү авгынхаа ачаар Сибирьт сургуульд явжээ. Оросын улс төрийн акулууд бараг бүгд Сибирьт сурч байсан хүмүүс байдаг билээ. Залуу Абрамович олсон хэдэн хөрөнгөөрөө Оросын хямд нефтийг худалдан авч өрнөдөд борлуулах компанийг Швейцарьт байгуулж байсан гэдэг.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

4 цаг 41 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

5 цаг 0 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

5 цаг 5 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

5 цаг 8 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

5 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

5 цаг 13 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

6 цаг 17 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

16 цаг 26 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

16 цаг 26 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

16 цаг 26 мин