Б.ДОЛЖИНЖАВ
Хэл, бичгийн ухааны доктор, профессор МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш С.Хөвсгөлтэй жүжгийн зохиол судлалын талаар ярилцлаа. Тэрээр саяхан “Утга туурвилын ертөнцөөр” номын нээлтээ хийсэн юм.
-Шинэ номын тань онцлог нь юу байв?
-Өнгөрсөн сарын 13-нд “Утга туурвилын ертөнцөөр” номын нээлтээ хийлээ. Би 1978 онд оюутан байхдаа хийж байсан анхны орчуулга, 1984 онд бичсэн анхны шүүмж өгүүллэг болон түүнээс хойшх бүтээлүүдийг эмхэтгэсэн. Бүтээлд маань орчин үеийн жүжгийн зохиол судлалын 25 орчим өгүүлэл, бусад сэдвээр бичсэн 20 орчим өгүүлэл, шүүмж, судалгааны бүтээл орсон байгаа. Үндсэн судалгаагаар бол 5-6 ном гаргасан, орчуулсан, эмхэтгэсэн гээд 20 орчим бүтээл бий. Мөн “Монголын орчин үеийн уран зохиолын” түүх номонд хоёр өгүүллэг, жүжгийн зохиолын хэсгээс бичиж байсан.
-Та “Саран хөхөөний намтар, жүжгийн зохиолын шинжлэл” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Чухам яагаад энэ жүжгийг сонгон судлах болсон юм бэ?
-“Орчин үеийн жүжгийн зохиол”-ын сэдвээр 1992 онд дэд докторын зэрэг хамгаалсан. Дараа нь шинжлэх ухааны доктор хамгаалах болсон чинь сэдэв олох хэрэгтэй боллоо. Миний таньдаг 1-2 хүн дэд докторынхоо сэдвийг үргэлжлүүлсэн. Би тэгж хийх гэхээр нэг зүйлээ давтаж байгаа юм шиг санагдаад санаанд хүрэхгүй байсан юм. Тэгж байтал доктор Л.Хүрэлбаатар гуай надад “Саран хөхөөний намтар” жүжгийн талаар судалгаа хийх санал тавихаар нь монгол бичиг сайн мэдэхгүй болохоор хэцүү байх гэж хэлж байсан. Тэгтэл чи орос хэлтэй, Оросын сургуульд сурсан юм чинь тэр талаас нь харж судалбал зүгээр гэхэд нь зориглосон. 1962 онд гаргасан Ц.Дамдинсүрэн гуайн ном тэр үеийн гар бичмэлүүдийг эмхэтгэж гаргасан. Мөн Дорноговь аймгийн Сайншанд дахь Данзанравжаагийн музейд 10 дэвтэр гар бичмэл байсан юм. Ийн судлагдаагүй байсан гар бичмэлүүдийг судалгааны эргэлтэд оруулж дараа нь 1962 оны Дамдинсүрэн гуайн хэвлэлтэй харьцуулан зөрүүг нь илрүүлж ажилласан. Өмнө нь “Саран хөхөөний намтар” жүжгийг Цагаан, Хүрэлбаатар, Э.Оюун гуай нар судалсан байдаг. Энэ судалгаануудыг бага сага урагш нь ахиулж, нэлээд хэдэн ном гаргасан. Хүмүүс их сонирхдог сэдэв болохоор судалгаагаараа гадаадад ч илтгэл тавьсан. Манай эртний уран зохиолын, шашны уран зохиолын том бүтээл, Монголын брэнд гэж хэлж болно.
-“Саран хөхөөний намтар” жүжгийн Монголын уран зохиолд оруулсан хувь нэмрийг та хэрхэн дүгнэх вэ?
-“Саран хөхөөний намтар” жүжгийг олон талаас нь ярьдаг. Лам нар “Энэ бол жүжиг биш шашны зан үйлтэй холбоотой” гэдэг бол театрынхан “Манай Монголын театрын анхны бүтээл, 1830-аад оны үед тоглосон” гэж ярьдаг. Харин судлаачид болохоор “Манай жүжгийн уран зохиолын сургаалийн том төлөөлөл” гэж үздэг. Миний хувьд “Саран хөхөөний намтар” жүжиг бол Монголын жүжгийн зохиолын том төлөөлөл, цөм нь юм. Яагаад зарим хүн жүжгийн зохиол биш зөвхөн шашны зан үйл гэж үздэг вэ гэхээр шашны олон дуулал, сургааль орсон байгаа. Яг текст, эх зохиол талаас нь судалж үзвэл энд үнэхээр хуучин сургаалийн яруу найраг, Саран хөхөөний туужийг жүжиг болгосон олон шинэ зүйл байгаа. Түүнийг нь л жүжгийн зохиол талаасаа гаргаж ирсэн. Нарийн харьцуулсан бүлэг бол миний докторын ажил дотор бий.
-Орчин үеийн жүжгийн зохиолын хөгжлийг та ямар төвшинд явж байна гэж бодож байна. Жүжгийн зохиолын төрөл зүйлүүд өөрчлөгдсөн үү?
-Жүжгийн зохиол төрөл зүйл нэлээд өөрчлөгдсөн. Орчин үеийн нийтлэлийн жүжгийн хэлбэрүүд гарч ирсэн. Ялангуяа, 1990-ээд оны дунд, сүүл үе болон 2000-аад оны эхэн үеэс. Нөгөө талаас “Би эрчүүдийг хүснэ”, “Оюутан охин өрөөндөө суулгана”, “Шөнө дундын бүжиг” гэсэн шар жүжиг гарч ирсэн. Энэ жүжгүүдэд нийгмийн асуудлыг тусгасан, үзэгчдийг татах гэсэн байдлаар тийм “шарласан” нэр өгсөн юм шиг ажиглагдсан. Тухайлбал, “Би эрчүүдийг хүснэ” жүжигт Солонгост ажиллаж, амьдардаг манай залуучуудын эмгэнэлтэй хувь заяаг харуулсан. Үүгээр үзэгчдийн анхаарлыг татах ч юм уу, шоронд удаан байгаа дөрвөн эмэгтэйн асуудлаар нэрлэсэн юм шиг байгаа юм. 2000 оноос хойшх жүжгийн зохиолын онцлог сэдвээр 2-3 илтгэл тавьж байсан. Жүжиг их цөөхөн гарч, цөөхөн хэвлэгдэж, бага судлагдаж байна. Харин ахиц нь төрөл зүйлийн хувьд шинэчлэгдэж, сэдвийн хүрээ өргөжсөн. Хэлмэгдүүлэлтийн үеийг тусгасан “Чойбалсангийн тууж бичиг”, Д.Энхболдбаатарын “Эх орон танаа өчье” гээд хэд хэдэн жүжиг байна. Тухайн үед хаалттай байсан сэдвүүдийг гаргаж ирсэн шашны уран зохиолын сэдвээр нэлээд жүжгүүд бий. “Цагаан дарь эхийн” тууж, “Саран хөхөө” гээд.
-Монголын уран зохиол дахь цохолборлон бинтлэх аргын талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-“Утга туурвилын ертөнцөөр” шинэ номонд олон сэдэв байгаа. Дорно дахины уран зохиол, харьцуулсан аман зохиол, Монголын нууц товчоо, орчин үеийн уран зохиол гээд л. Хүн ер нь удаан амьдрахад олон цаас бичигтэй орооцолдоход янз янзын л юманд оролцож бичдэг л юм байна. Тэрэн дотроос цохолборлон бинтлэх арга “Тансан лам”-ыг орчуулж байхад гарч байсан. Гэхдээ “Тансан лам” дотор “хураан чуулсан” гэсэн нэртэй байсныг хараад энэ чинь их өвөрмөц юм байна, зохиолч нь ингээд биччихэж гэж бодсон. Сүүлд мэдэхнээ орчуулагч нь өөрийнхөө бодол санааг бичдэг юм билээ. Би тэрүүгээр шинжлэх ухааны доктор хамгаалчихъя гэж бодсон чинь Хятадын нэг том эрдэмтэн та хятад хэл мэдэхгүй бол энэ чинь хэцүү гэж хэлсэн. Дараа нь хүрээлэнгийн ажилтан Болормаа хамгаалчихсан байсан. Гэхдээ “Саран хөхөө”-г барьж авсан нь надад их хэрэг болсон. “Улаан асрын зүүд” бол нэлээд олон дэлгэрэнгүй цохолбортой байдаг. Тэрийг харж байхад тэрэн дотор их олон юм багтаж байна. Тухайн дүрийг орчуулагч нь яаж хүлээн авч байна гэдэг санаа, олон тооны Хятадын уран зохиолын онол байна. Цохолборыг нь дангаар нь судлахад бол тэр үеийн сэхээтний үзэл бодол, баримтлал, ертөнцийг үзэх үзэл бүгд харагдах болохоор их чухал зүйл. Залуу хүмүүс тэрийг сайн анхаарах хэрэгтэй. Юмны дээж, хураангуй, хүний үзэл бодлын цогц л тэнд шингэчихсэн.
-Монголд утга зохиол судлал, шүүмж хэрхэн хөгжиж байна?
-Орчин үеийн судлал шүүмж хөгжихөө больчихсон гэж яриад байгаа. Яг тийм бол биш. Гэхдээ яг одоо гялалзтал хөгжөөд дэлхийн төвшинд гарсан гэвэл бас үгүй. Судалгаа хийж байгаа боловч нэгдсэн нэг тийм бодлого байхгүй юм болов уу даа гэж бодогддог. Орчин үеийн үргэлжилсэн үгийн зохиолыг судлаад байгаа юм бол ховор. Романы хөгжлийг бол бүр хаячихсан. Бодвол роман том төрөл болохоор төвөгшөөдөг байх. Олон ном гараад байгаа боловч яг дагнасан үнэн зөв үнэлэлт өгсөн тууж, роман гараасай л гэж бодож байна. Өгүүллэг, үргэлжилсэн үгийн зохиолд хуучин байгаагүй төрлүүд бий болчихсон. Адал явдлын зохиолын бүхэл бүтэн төрөл бий болчихоод байхад судлахгүй байна. Залуу магистрант, докторантууд судлах ёстой. Багш нар нь чиглүүлэх ёстой гэж бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.3.13 № 52 (6019)
С.Хөвсгөл: “Саран хөхөө” Монголын жүжгийн зохиолын гол цөм юм
2019-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин