Н.ДАЯН
Шинээр ээж аав болж байгаа залуучууд болон хоёр, гурав дахь хүүхдээ хүлээн авч байгаа эцэг эхчүүд хүртэл дөнгөж төрсөн хүүхдэд юу хэрэгтэй, өдөр тутам ямар асаргаа сувилгаа шаардлагатай байдгийг тэр бүр мэддэггүйгээс багахан сандралыг бий болгодог. Тиймээс энэ бяцхан зөвлөгөө та бүхэнд тус болно гэдэгт итгэж байна.
Нярай хүүхдийг дааруулж болохгүй
Нярай хүүхэд биеийн дулаанаа хадгалж чаддаггүйгээс амархан даардаг. Тиймээс залуу ээж аавууд хүүхдээ нүцгэнээр нь биедээ нааж тэврэхэд таниас илч дулаан авна. Мөн малгай өмсгөх, дулаан өлгийдөх, хучих хэрэгтэй. Хүнд хөнжлөөр хучиж болохгүй, 22-25 хэмийн дулаан орчинд байлгах хэрэгтэй хэмээн хүүхдийн эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
Нярайн арьс, хүйн арчилгаа
Төрснөөс хойш 24 цагийн дараа хүйн хавчаарыг авна. Нярайн хүйг хуурай, цэвэр байлгах ба ил, боолтгүй байлгасан нөхцөлд 4-6 хоногийн дотор хатаж, хүй цөглөдөг. Хүй бохирдсон үед цэвэр бүлээн усаар савандаж угаан, даавуугаар зөөлөн дарж хатаана. Хүйнд элдэв зүйл бүү түрхээрэй. Хэрэв хүй улайх, цус, идээ гарах, эвгүй үнэр үнэртвэл эмчид яаралтай үзүүлээрэй.
Нярайн арьс их эмзэг. Хүүхэддээ хүрэх, хөхүүлэх, хуурайлахын өмнө, хуурайлсны дараа гараа заавал савандаж угаах хэрэгтэй. Хүүхдийг өдөр бүр усанд оруулж, шаардлагатай бол амархан улайж нурдаг, нугалаастай хэсэгт хүүхдийн тос, цацлагыг түрхэнэ. Гар, хөлийн хумс хурууны үзүүрээс илүү гарч ургасан бол хүүхдийн хумсны хутгаар болгоомжтой аваарай. Хүүхдээ баах бүрийд бөгсийг бүлээн усаар угааж, зөөлөн арчиж, хуурай болгоно. Нярай хүүхдийн баасыг тэр дор нь хаяж байгаарай.
Нярайн шарлалт
Нярайд төрсний дараах 2-4 хоногтойгоос шарлалт эхэлж, 7-10 хоногтойд арилах нь хэвийн үзэгдэл юм. Ангир уураг, эхийн сүүг цадтал нь хөхүүлбэл шарлалт хурдан арилдаг. Шарлалт төрсний дараах эхний 24 цагийн дотор илрэх эсвэл 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл эмгэг тул эмчид яаралтай хандаарай.
Нярайд илрэх аюултай шинж
-Хөхөө хөхөхгүй байх
-Хөдөлгөөнгүй болох
-Халуурах суганы халуун 37.5 хэмээс дээш
-Бие хөрөх суганы халуун 35.5 хэмээс доош
-Хүйнээс идээрхэг ялгадас гарах
-Арьсан дээр олон тооны идээт эсвэл цэврүүт тууралт гарах
-Амьсгал олшрох нэг минутад 60-аас олон амьсгалах
-Цээж хүчтэй хонхолзох
-Татах гар, хөл чичирхийлэх
-Гарын алга, хөлийн ул шарлах шинж илэрвэл эмчид яаралтай хандаарай.
Эх сурвалж: www.polit.mn