Т.ТУЯАЦЭЦЭГ
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 2019 оны анхны тэмцээнийг алтан медалиар эхлүүллээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод парапауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнд 38 орны 250 гаруй тамирчин оролцжээ. -107 кг-д есөн орны тамирчин өрсөлдсөнөөөс “Рио 2016” паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 240 кг өргөсөн амжилтаар аваргын алтан медалийг хүртлээ. Энэ жил 34 настай тамирчин дэлхийн дээд амжилтыг эзэмшиж, дөрөв дэх жилдээ амжилтаа алтан медалиар бататгаж байгаа аж. Дасгалжуулагчаар МПНХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга ажилласан байна. Дэлхийн цомоос долоон медаль хүртэж, өөрийн жиндээ Азийн болон дэлхийн аваргын алтан медалийг атгаж байгаа юм.
-Та эх орондоо хэзээ ирсэн бэ. Бэлтгэлдээ орсон уу?
-Сая тав дахь өдөр ирсэн. Өнөөдрөөс эхлээд бэлтгэлдээ орж байна. Бэлтгэлээ байнга хийгээд явж байгаа. Тэмцээнээс ирээд дараагийн бэлтгэлдээ ордог.
-Одоо ямар тэмцээнд орохоор төлөвлөж байна вэ?
-Оролцох тэмцээн их байна. Одоо дөрөвдүгээр сарын 25-30-ны хооронд Европын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, таван сард Токиогийн дэлхийн аварга, долдугаар сард Казахстаны Астана хотод паралимпын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Ерөнхийдөө энэ гурван тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна.
-Дэлхийн цомын тэмцээнд хүнд өрсөлдөгч байв уу?
-Сая хүнд өрсөлдөгч байсангүй. Ираны хоёр тамирчинг ирэх байх гэж харсан, ирсэнгүй. Уг нь энэ хоёртой өрсөлдөнө гэж бодож очсон. Яагаад гэвэл Арабын нэгдсэн Эмират улс Иран хоёр чинь хөрш орон. Тэгэхээр далай гатлаад л ороод ирнэ гэсэн үг. Дөрөв юм уу долдугаар сарын тэмцээний аль нэгэн дээр таарах байх. Энэ хоёртойгоо өрсөлдөнө гэж бодож байна.
-Таны хувьд гол өрсөлдөгч хэн бэ?
-Ираны хоёр тамирчин. Миний хувьд жиндээ эхний 10-т орж эрхээ авч байна. 2018 оноос эхлээд жиндээ тэргүүлэгч байх зорилготой байгаа.
-Тэмцээнд -107 кг-д оролцох уу?
-Риогийн олимп дуусаад 2017 оны аравдугаар сард болсон Мексикийн дэлхийн аваргаас эхлээд -107 кг-д орж эхэлсэн байгаа. 2020 оны Токииогийн олимпод энэ жингээрээ оролцоно. Мэдээж энгийн төрөлд -105 кг-д өрсөлдөөд явна. Энэ хоёр холбооны тэмцээнд хоёуланд нь давхар ороод дэлхийн аваргад өрсөлдөнө.
Эх сурвалж www.polit.mn
Э.Содномпилжээ: Жиндээ тэргүүлэгч байх зорилго тавьсан
2019-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин