Ч.ГАНТУЛГА
“Зууны мэдээ” сонин “Миний дуртай спорт” шинэ буланг эхлүүлж байна. Энэ булангаараа улстөрчдөөс эхлээд урлаг соёлынхон ямар спортод шимтэн дурладаг, спортоор хичээллэсний ач тус, ямар өөрчлөлт авчирсан зэрэг сонирхолтой мэдээллийг хүргэх болно. Харин шинэхэн булангийн анхны зочноор реппер Т.Мөнх-Эрдэнэ буюу Gee –г урилаа. Тэрээр шаггүй сайн сагсчин юм байна.
Шийдний Жордан
“Үхтлээ үгээ хэлнэ” уриатай реппер Gee –ийн хүүхэд насны дурсамжийн нэгээхэн хэсэг нь спорттой салшгүй холбоотой ажээ. Учир нь 1.9 метрийн өндөртэй учир шигшээ багийн гол тоглогчийн нэг байв. Хүүхдүүдтэй зааланд тоглохоос гадна түүнд гудамжны шийд эзэгнэж, шийдний Жордан хийж, ширэн бөмбөгний эд хавийг гайхуулж явсан үе бий. Тэрээр энэ тухайгаа “Дунд сургуульд байхдаа сагсан бөмбөгт хорхойтой байсан. Зав л гарвал шийд хайгаад явчихна. Бидний үеийн багачууд ихэнх нь л бөмбөгтэй нөхөрлөж өссөн байх. Тухайн үед өнөөгийнх шиг цахим ертөнц гэдэг хол ертөнц байлаа” гэсэн юм. Хэдийгээр дунд сургууль төгсч, уран бүтээлийн зам сонгосон ч одоог хүртэл их спортоос зодог тайлаагүй аж. Чөлөөт цагаа найзуудтайгаа зааланд өнгөрүүлж, хөлсөө гаргах дуртай хэвээр гэж байв.
“Спиртлэг бус спортлог амьдраасай”
Реппер Gee өөрийгөө спортод донтдог гэж онцолсон юм. Тэрээр сагсан бөмбөгөөс гадна фитнессээр хичээллэдэг, хувийн клубтэй аж. Үүгээрээ тэгш сайхан биетэй болохоос гадна залуу үед үлгэр дууриал үзүүлэхийг хичээдэг гэсэн юм. Gee “Залуусыг спиртлэг бус спортлог амьдраасай гэж хүсч байна. Тиймээс би өдөр бүр хоёр цагийг заавал бэлтгэлдээ зориулдаг. Спорт хүнд олон сайн сайхан чанар, хатуужил тэвчээрийг суулгахаас гадна эрүүл мэндэд хамгийн тустай” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин