Д.ЭНХЭЭ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын ШУА-ийн Ерөнхийлөгч Александр Сергеевтэй уулзаж, шинжлэх ухааны хөгжлийн олон асуудал хэлэлцсэний нэг нь Орос улсад аспирантур ямар байх ёстой талаар байв. ОХУ-ын Ерөнхийлөгч Орос улсад аспирантур зөвхөн шинжлэх ухааны байх ёстой хэмээн онцолсон. Орос улс дахь аспирантурын өнөөгийн төлөв байдал, шинжлэх ухааны аспирантур гэж юу болох талаар асуултад хариулахыг ШУА-ийн ерөнхийлөгчөөс “Интерфакс”-ын сурвалжлагч Вячеслав Тихонов хүсчээ.
Аспирантурт юу болж бүтэхгүй байгаа юм бол?
-Боловсролын тухай одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд аспирантур бол дээд боловролын гурав дахь шат хэмээн заасан. Энд юу болж бүтэхгүй байгаа юм бэ?
-Тийм ээ, үнэхээр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд аспирантурыг дээд боловсролын гурав дахь шат хэмээн авч үздэг. Академид энэ заалтаар аль эрт маргаан үүссэн. Аспирантурын ийм статус аспирантуудад шинжлэх ухаанд хүрэх замыг нээж өгөхгүй байгаа юм. Аз болоход Владимир Путин “Аспирантур зөвхөн шинжлэх ухааны байх ёстой” хэмээн онцолсоноороо бидэнд дэмжлэг үзүүллээ. Ингэж хэлсний дараа аспирантын тогтолцоог өөрчлөн зохион байгуулах асуудал тулгамдсан асуудлын нэгэнд баттай орох байх гэж найдаж байна.
-Өнөөдөр чухам яг юу нь болохгүй байгаа юм бол?
-Шулуухан хэлэхэд, мэргэжил эзэмших, тухайлбал, шинжлэх ухаанд хүрэхээр оюутны, ер нь залуучуудын туулж яваа бүхий л тойрог замыг харахад айдас хүрмээр. Өнөөдөр улс орон даяар судалгаа шинжилгээний секторт 700 мянга орчим хүн ажиллаж байгаагийн тэн хагас нь буюу 350 мянга нь эрдэмтэд. Одоо насаар нь авч үзье. 30-35 насны нэг хэсэг, нөгөө нь 50-60 насныхан. Хоёр хэсгийн хоорондох сул зай 90-ээд онд бий болсон, тэр үед шинжлэх ухаанд хүрэхээр явна гэдэг бол өөрийгөө өлсгөлөнд аваачихтай адил байсан. Тийм учраас залуучууд зарим нь арилжаа наймаа руу, нөгөө зарим нь аж үйлдвэр рүү, азтай нь эрчим хүчний салбар луу явцгаасан. Тэнд арай гайгүй цалин хөлс өгдөг байж. Ингэж л бидний зүйрлэж нэрлэснээр хоёр бөх (тэмээнийх шиг) бий болсон. Амьдралын ирээдүйн төлөв байдлаар өнөөгийн 60-аас дээш насныхан 30 орчим насныхнаас ялгаатай нь мэдээж. Хэн чадаж байгаа нь идэвхтэй ажиллаж байгаа онцгой тохиолдлууд байлгүй яах вэ. Гэхдээ бид шинжлэх ухаанд зориулж залгамж үеэ бэлтгэх ёстой биз дээ.
Өнөөдөр манайд, 10 мянган хүн тутамд 100 хүн судалгаа шинжилгээний секторт ажиллаж байгаагийн тэн хагас нь эрдэмтэд. Хэрвээ хувиар ярьвал тал хувь нь гэсэн үг. Энэ үзүүлэлтээр бид олон улс орноос сүрхий хоцорч байгаа. Хятад, Энэтхэг хоёрыг ардаа орхисон ч, тэд хоёулаа хүн ам ихтэй шүү дээ. Улс орныхоо амьдралын Зөвлөлтийн үеийн үзүүлэлтээс ч мөн хоцорч байгаа.
Зөвлөлтийн үеэс хойш их сургууль төгсөгчдийн чанар улам л муудаж байгаа тухай бид бүгдээрээ гомдоллоцгоодог. Энэ бүхэн ч мөн аспирантурын чанарт нөлөөлнө. Бидэнд 20 мянган аспирант хэрэггүй!
-Мөнгөө төлсөн хэн ч дээд боловсрол олж авах боломжтой болохоор их сургууль төгсөгчдийн чанар муу байна. Ийм тохиолдолд их сургууль төгсөгчдөөс ямар үр дүн хүлээх билээ дээ?
-Тийм ээ, энэ үнэн. Одоо манайд аспирантурт 20 мянга орчим хүн суралцаж байна, төгсөхдөө диссертаци хамгаалж байгаа нь дөнгөж 13 хувь. Зарим нэг нь гүйцээгээд хамгаална гэж бодож болох юм. Гэхдээ л энэ бол хангалттай биш, энэ бол хэвийн бус төлөв байдал. Чухам ийм учраас л аспирантур бол дээд боловсролын гурав дахь шат байх ёсгүй, харин энэ бол шинжлэх ухааны боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо байх ёстой гэдэг асуудал гарч ирсэн юм. Бидэнд 20 мянган аспирант хэрэггүй. Хэрвээ жилд хэвийн, хүч чадалтай 10 мянган аспирант байхад тэн хагас нь аспирантын хугацаагаа дуусахад горилогчийн диссертацаа хамгаалбал жил бүр эрдэм шинжилгээний 5000 ажилтнаар хүчээ сэлбэнэ, үлдсэн 5000 нь аажмаар яаралгүй хамгаалаад шинжлэх ухаанд орж ирэх боломжтой.
-Тэгвэл шинжлэх ухааны аспирантураас шинжлэх ухааны бус аспирантурыг яаж ялгах юм бэ гэдэг асуулт надад шууд төрж байна?
-Грант авч баталгаажсан, хөрөнгө мөнгөтэй байгууллагуудад аспирант бэлтгэх хуваарь олгох хэрэгтэй. Тэдэнд холбооны хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох орон тоо байдаг юм. Хэргийн учир нь улсын захиалгыг биелүүлэхийн тулд холбооны хөтөлбөрүүдэд грант олгодог, үүний тулд тухайн байгууллагын шинжлэх ухааны төвшинг үнэлэх хэрэгтэй болно. Тийм болохоор эрдэм шинжилгээний удирдагч заавал байх ёстой болно. Зөвхөн ийм нөхцөлд тухайн төсөл, эсвэл хөтөлбөрийн хүрээнд эрдэм шинжилгээний удирдагчид нь хэдэн аспирант хэрэгтэй гэдгийг тодорхойлж болно. Үүнээс үндэслэн дээд сургууль, эсвэл их сургуульд суралцах аспирантын тоог тодорхойлно. Ийм маягаар аспирантурт суралцахаар элсэж байгаа залуу хүн шинжлэх ухаанд хүрэх замаа аль хэдийн тов тодорхой олж харна гэсэн үг. Энэ бол цоо шинэ юм биш, бүх дэлхий даяар л ийм байдаг.
Хоёр халаасны мөнгө!
-Уучлаарай, чихэнд чимэгтэй л үг байна. Гэхдээ аспирант одоогийнх шиг сарын 6000, эсвэл 10 мянган рубль аваад, за тэгээд гэр бүлтэй байж гэж бодсон ч, хоосон ходоодоор шинжлэх ухааныг мөрөөднө гэвэл бүтэхгүй байх?
-Гашуун ч гэсэн үнэнийг хэллээ. Зөвхөн шинжлэх ухаанаар дагнаж ажиллахад нь аспирантад хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлсний шаардлагатай төвшинг шинжлэх ухааны аспирантур хангах ёстой гэж би үзэж байна. Ийм хөрөнгө мөнгийг хаанаас авах вэ? Аспирантад бүс нутгийн дундаж төвшний цалин хөлс авахаар санал болгодог. Энэ мөнгийг хаанаас авах вэ? Хоёр халааснаас мөнгийг олгож болно гэж бодож байна, нэг дэх нь шинжлэх ухаан, дээд боловсролын яамны хөрөнгө, нөгөө нь залуучуудын аспирантурт суралцаж байгаа их, дээд сургуулийн хөрөнгө.
-Их, дээд сургууль болгонд ийм хөрөнгө байхгүй, тэгэхээр энэ чинь их, дээд сургуулиуд дахь аспирантурын тоог эрс бууруулж магадгүй юм биш үү?
-Би үүнээс харин айхгүй, тэр ч бүү хэл зөв гэж бодож байна. Их, дээд сургуулийн оролцоотойгоор манайд аспирантур тэлчихсэн, цэргийн албанаас чөлөөлөгдөх нөхцөл боломж болж хувирсан. Эрдэм шинжилгээний нэг удирдагч арван аспиранттай байх тохиолдол ч бий. Үүгээр их сургуулиуд бахархдаг гээч! Яг үнэндээ энэ бол юуг хэлж байна вэ? Аспирантуудыг шинжлэх ухаанд зориулж бэлтгээгүй гэдэг нь маш тодорхой. Тийм учраас л дөнгөж 13 хувь нь хамгаалдаг.
-Та грантын тогтолцооны тухай, дэлхий даяар ийм байдаг тухай ярилаа. Тайлбарлаж болох уу?
-АНУ-г жишээ болгож авч үзье. Эрдэм шинжилгээний даалгавар биелүүлэхийн тулд профессор грант авна. Түүнийг тэр өөрийнхөө цалинд зарцуулах эрхгүй, харин энэ грантаас аспирантууд, тэр ч бүү хэл тухайн шинжлэх ухааны докторуудад ажлын хөлс олгож болно. Тийм учраас тодорхой нэг сэдэв сонгож авахдаа тэр грантад хүсэлт гарна, хэдэн аспирант өөрт нь хэрэгтэй гэдгээ тодорхойлно. Гол төлөв гурваас илүүгүй байдаг. Манай нөхцөлд энэ юу гэсэн үг вэ гэвэл аспирантад өгөх цалингийн нэг хэсгийг шинжлэх ухаан, дээд боловсролын яам, нөгөө хагасыг их, дээд сургууль, эсвэл эрдэм шинжилгээний удирдагч грантаас олгоно. Үндэсний төслийн хүрээнд яам шинжлэх ухааны аспирантурт хангалттай хөрөнгө олгодог гэдгийг хэлэх ёстой. Шинжлэх ухааны нийгэмлэг магадлан шинжилгээ хийх замаар бидэнд үнэхээр аспирантууд хэрэгтэй гэдгийг нотолж илэрхийлсэн тийм төслүүдийн хэрэгжих зардлыг тэдгээр хөрөнгө наад зах нь хангаж өгдөг.
Одоогийн аспирантур бол аспирант бэлтгэх фабрик. Хөрөнгө мөнгийг үр ашиггүй зарцуулна, аспирантурын төгсгөлд бид эрдэм шинжилгээний ажилтан хүлээж авч чаддаггүй, тийм болохоор энэ фабрик үр ашиггүй хий хоосон ажиллаж байна. Чухам үүгээрээ шинжлэх ухааны аспирантур өнөөгийнхөөс ялгарах ёстой.
-Миний ойлгосноор, ийм хандлага аспирантуртай байж болох их, дээд сургуулийн тоог цөөлөх байх даа.
-Гарцаагүй тэгнэ. Үндэсний “Шинжлэх ухаан” төслийн хүрээнд, миний ойлгож байгаагаар, аспирантуудыг дэмжих цалингийн зардалд бүс нутгийн дунджаар 100 хувь олгохоор төлөвлөсөн. Ямар аспирантурт орох вэ? Аспирантурын элсэлтийн шалгалтыг амжилттай давж гарна гэдэг сайн. Гэхдээ энэ бас хангалттай биш. Ийм аспирантуртай байх байгууллагуудын дунд шалгаруулалт байх ёстой. Аспирант шинжлэх ухааны үндэслэлтэй, туршилт шинжилгээ хийх байр суурьтай болоход нь ямар боломж, хөрөнгөтэйгөө харуулах ёстой болно. Ингэж байж л их, дээд сургууль төгссөн оюутан шинжлэх ухаанд хүрэх бүх зам хөрөнгө мөнгөөр хангалттай хангагдсан талаар ярьж болно.
-Хэрвээ их сургууль өөрийнхөө аспирантуудын хөрөнгийг яамгүйгээр олж болдог бол?
-Маш сайн. Хэрвээ тэд чиглэл зорилготойгоор сан бүрдүүлж чадвал сайн хэрэг. Бид бүгдээрээ л үүнийг зөвхөн дэмжих болно.
Академи - “дэмждэг”, түшмэлүүд - эсрэг
-Аспирантурын нөхцөл байдлыг ингэж өөрчлөхийн тулд хууль тогтоомжийн үндэслэлийг өөрчлөх хэрэгтэй байх даа.
-“Шинжлэх ухааны аспирантур” хэмээх ойлголтыг бий болгохын тулд бид янз бүрийн загварыг (схем) санал болгосон. Жишээлбэл, манай улсад засгийн газрын тогтоолоор докторантурыг бий болгосон. Докторантур гэж юу болох, яаж түүнд элсэх, хүмүүс тэнд яаж ажилладаг тухай тэр баримт бичигт бүгдийг маш тодорхой зааж бичсэн. Тийм замаар бас явж болно. Гэхдээ өөр зам ч бас бий. Шинжлэх ухааны тухай хуульд өөрчлөлт оруулах. Шинжлэх ухааны тухай хуучин хууль одоо үйлчилж байгаа бөгөөд түүнд өөрчлөлт оруулж болно. Уг хуулинд дипломын дараах боловсролын тухай хэсэг бий. Энэ хэсгийг өөрчилж болно, хэрвээ бид дээд боловсролын үргэлжлэл бус, бодитой ажилладаг шинжлэх ухааны аспирантуртай болохыг хүсвэл үүнийг нэг бол хуулиар, эсвэл докторантурын нэг адил Засгийн газрын тусгай тогтоол гаргах замаар тодорхойлжболно.
-Одоо тэгээд?
-Яам, боловсролын салбарын хяналт шалгалтын холбооны агентлаг (Рособрнадзор) бидэнд үүнийг хийхгүй, нэгэнт боловсролын тухай хууль байгаа болохоор үүнийг өөрчилж яах юм бэ? Боловсролын холбооны стандартуудын тусламжтайгаар үүнийг зохицуулъя. Аспирантур бол төгсөлтийн дипломын ажлаар дуусгавар болдог дээд боловсрол биш, харин диссертаци бичиж хамгаалдаг гэсэн заалтыг л зөвхөн боловсролын стандартад оруулъя гэдэг юм. Аспирант бэлтгэдэг фабрик маягийн өнөөгийн төлөв байдлаас шинжлэх ухааны буюу эрдэмтэн бэлтгэдэг хэлбэр рүү шилжүүлэхэд иймэрхүү өөрчлөлт тус нэмэр болж чадна гэдэгт би хувьдаа итгэл үнэмшилгүй байна.
Аспирантурын тухай дүрмийг хууль тогтоомжоор, эсвэл Засгийн газрын тогтоолоор өөрчлөхгүй бол хоёрдмол байдал хэвээр хадгалагдаж, аспирантур маань урьдын адил зөвхөн дээд боловсролын гурав дахь шат хэмжээнд бодитойгоор үлдэнэ.
Төгсгөлийн үг
Үлгэрч Крылов бол агуу, хүч чадалтай нэгэн билээ. Тэртээ нэг зуун тавин жилийн өмнө тэрээр “Ачаатай тэрэг одоо ч байрандаа зогссоор” хэмээх агуу зүйрлэл хэлжээ. Түүний энэ үлгэрт мөн чанарыг нь өөрчлөхгүйгээр юу хийж болохыг харуулжээ. Бүх зүйл маш амархан, ажил хэрэг дээр дэмжинэ, гэхдээ цаасаар баталгаажуулахгүй байх, амаар зөвшөөрч бус, тэр ч бүү хэл ерөнхийлөгчийн хэлсэн үгээр ч бус, цаасаар баталгаажуулах гэдгийг онцольё. Хэрвээ шинжлэх ухааны аспирантурын тухай дүрмийг хуулиар, эсвэл Засгийн газрын тогтоолоор тогтоохгүй бол аспирант бэлтгэдэг фабрик хий хоосон ажилласаар л байх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.1.23 № 16 (5983)