Х.ОЮУНБОЛД
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон иргэдээ үндэсний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалсан байна. Тэрээр ”Гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх үндэсний их хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлэх” саналыг тавьж байна гэж мэдэгджээ. Түүнчлэн хэлэлцүүлэгт манай орны ихэнх иргэн оролцоно гэдэгт найдаж байна гэв. Энэ хэлэлцүүлэг нь сүүлийн долоо хоногт өрнөсөн чухал асуудлуудад хариулт өгөх ёстой гэж ерөнхийлөгч Эммануэл Макроны онцолссон захидлыг Элисейн ордны цахим хуудаст нийтэлжээ. Францын Засгийн газраас хэлэлцүүлгийн үеэр олон нийтийн зардал, төр, олон нийтийн үйлчилгээний зохион байгуулалт, ардчилал, иргэншил, экологийн өөрчлөлт, татвар гэсэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ хэлэлцүүлэг нь сонгууль, санал асуулга ч биш. Гэхдээ та нарын санал францчуудад шинэ гэрээ байгуулах, Засгийн газар, парламентын ажиллагааг зохион байгуулах, Францын байр суурийг Европын болон олон улсын төвшинд таниулах боломжийг олгоно хэмээн онцолжээ. Францад өнгөрсөн жилийн арванэгдүгээр сарын дунд үеэр гэрэлтдэг шар хантааз өмсч шатахууны татвар, шатахууны үнэ өссөнийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг өрнүүлсэн. Гэвч энэ хөдөлгөөн нь өргөжиж улс төр, нийгмийн олон асуудлыг хөндсөн хөдөлгөөн болж өргөжин улмаар ерөнхийлөгч Эммануэл Макроныг албан тушаалаасаа татгалзахыг шаардсан ажээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнд их сургуулийн оюутнууд, лицей сургуулийн сурагчид оролцсон юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.1.15 № 10 (5977)