1969 оны намар орой болсон цагаар нэгэн өдөр айл хөрш нэгэн байранд суудаг анд сайн нөхөр Лхамжавын Дашзэвэг маань утасдаж “Салхинд гаръя” гэдэг юм байна.
...Тэрэлжийн амралт хүрсэн хоёр өдрийн нүүрэнд би ямар олз омогтой явсан бэ? гэвэл ёстой ганзага дүүрэн олзтой явсан гэж одоо шууд хэлнэ.
Хавь ойрдоо алдартай анчин айл дайралдав. Тэднийд бууж яриа хөөрөө дэлгэн цай ууж, намрын зэрлэг гахайн амттай тарган мах идэх зуур айлын өвгөнтэй ярьсаар нэгэн халиун азаргын тухай сонирхолтой домог мэт зүйл олж сонсов. ...Ижил сүргээ чоно нохой мэт аюулт дайснаас үргэлж хамгаалж чаддаг, аадар бороо, ган халуун, тасхийм хүйтэн дасан шуурганы хөлөөс зайлуулж чаддаг тийм сүрлэг хийморьтой азарга...
Халиун азаргын сүрэгт чоно нохой халдаж байв уу гэвэл ёстой тоо томшгүй олон удаа тийм явдал болж байжээ. Учир нь чоно шүглэсэн жинхэнэ нутаг тэр аж. Тэгсээр цагийн эрхэнд халиун азарга ч өтөлж доройтжээ. Өвлийн ямар ч хүйтэнд хөлдөлгүй хар өрх үлдээн өнждөг Гургалдайн тохойн эргүүлэг уруу халиун азарга сүрэгтэйгээ олон чононы хүчинд автаж, шахагдан түрэгджээ.
Чонууд эргүүлгийн ирмэг дээр ирээд халиун азаргын сүргийг дувуулан цойлуулж гаргасаар байгаад эцэст нь ганц халиун азаргыг үлдээж, түүнийг өнөөх ёроолгүй хар өрх рүү хүчээр унаган алжээ. Чухам тэр цагаас хойш Гургалдайн тохойг Азаргын тохой гэж нэрлэх болжээ...
Намар улирч өвөл болов. Халиун азаргатай насан туршид өшрөн тэмцэлдсэн заналт дайсан чонын сүрэгт бас нэгэн оройлогч тийм чоно байх учиртай.
...Миний багад, манай нутагт яригддаг байсан дэлт чоно санаанд орлоо. Дэлт чонын сүүлч нь халиун азаргатай насан турш чонын сүрэг толгойлон тэмцэлдэж байгаад сөнөснөөр бичих бодол төрлөө. Гэтэл халиун азаргын эзэн шинэ цагийн сайн адуучин хүн байх хэрэгтэй боллоо. Тийм адуучин хүн бас анчин байхад яадаг юм бэ гэх бодол төрлөө.
Ингэснээр Сандаг гэдэг нэртэй нэгэн сайн адуучин, анчин хүнтэй болохоор шийдэв. Сандаг өвгөний нутаг хангай нутаг гэдэг нь тодорхой. Ингээд Сандаг гэдэг адуучин, анчин өвгөний тухай бичих гэтэл уг зохиолд хайр сэтгэл оруулах хэрэгтэй боллоо. Халиун азаргын тухай сонин хууч хөөрсөн айлд мал дээр гарсан нэгэн аятайхан бор бүсгүй байсан нь санаанд орлоо.
Тэр бор бүсгүйд дотроо “тэмдэглэсэн” нууд янаг байж таараа. Ингээд Бор гэдэг нэг залуу босож ирлээ.
Амьдрах, хөл дээрээ чухам юу бүтээж босох учраа төдий л олоогүй тийм охид, хөвгүүдийг цагт нь өөд татаад хүн шиг хүн болгоод авахад Сандаг шиг сайхан буурлууд юунд дургүйцэх сэн билээ. ...Сандагийн бор охиныг Дулмаа гэж нэрлэсэн юм.
Явсаар миний зохиолд Сандаг, Бор хоёрын хэн нь илүү буюу гол байр эзэлж таарахыг бодоод байсан чинь мэдээжээр Бор болох нь эргэлзээгүй боллоо.
Ингээд би зохиолоо “Хангайн Бор” гэж нэрлэсэн юм. Өссөн төрсөн эх нутаг, хүрээлж буй үзэсгэлэнт баян байгальд амин голоосоо хайртай Сандаг өвгөн, түүний нэг насны түшиг, халамжит сайхан гэргий Өлзийдүүрэн, тэр хоёрын голт зүрх болсон ганц охин Дулмаа, түүний хайр сэтгэлтэй хүн Бор, тэгээд халиун азарга, дэлт саарал хэмээх ийм зургаан баатартай цомхон тууж бичиж 1970 онд “Цог” сэтгүүлд анх хэвлүүлсэн юм.
...Ганцаас газар дүүрнэ гэдэг нэг үг байдаг даа.
“Хангайн Бор” туужид халиун азарга, дэлт саарал хоёрын хувь заяа шийдэгдсэн боловч Бор, Дулмаа хоёрын хайр сэтгэл, “Борыг өөд нь татаж өвсөнд хүргэх” тухайд Сандаг өвгөн сонирхолтой ажил зөвхөн эхлэлийн чанартай дүрслэгдээд зогссон юм.
...Худгаас хүн усыг уухынхаа хэрээр л авдаг шүү дээ. 1973-74 оны өвөл Сөгнөгөрийн амралтад сууж “Хөвчийн Бор” туужаа “Хангайн Бор” туужийнхаа барилаар бичив.
Энд юуны өмнө Бор, Дулмаа хоёрынхоо хувь заяаг шийдлээ. Бор маань хадам эцэг алдарт анчин Сандагийн хангай мэт өгөөмөр өглөгч сэтгэл зүтгэлийн хүчээр түүний ангийн баялаг мэдлэг туршлагыг эзэмшиж өвлөв. Хүрээлэн буй байгаль орчинтой Бор маань хадам эцэг шигээ хүйсэн холбоотой боллоо.
Байгаль хүнд юуг ч үл хайрлах атал, байгалийн түмэн зүйл ашиг хишгийг зөвхөн нэгэн биеийн ёроолгүй шунахай сувдаг ходоодны төлөө зориулах гэдэг муухай амьтад ч нэн олон байдаг ажээ. Чухам үүний нэг жишээ нь чөргөр Дондив юм.
...Туужийн төгсгөлд хангай нутгийн хүчирхэг нэгэн сайхан мод шиг гайхамшигт хүн Сандаг өвгөн цагийн эрхээр насан элээж байна.
Сандагийн ариун сайхан санаа зүтгэлийг үргэлжлүүлэх явдал Борд ээлжгүй үүрэг боллоо. “Хөвчийн Бор” тууж уншигчдын санаанд таарчээ. Энэ тууж надад Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртээсэн таван туужийн нэг боллоо.
...Анчин хүний амьдралд аймаар, гайхмаар, уйлмаар, инээмээр, өрөвдмөөр, хайрламаар янз бүрийн учрал тохиол дайралддагийг үргэлжлүүлэн өгүүлбэл яасан юм бэ гэсэн бодол төрлөө. 1976-77 онд “Элдэв учрал” хэмээх гурав дахь туужыг бичиж “Цог” сэтгүүлд хэвлүүллээ.
...“Элдэв учрал” тууж бичигдсэн аргын хувьд өмнөх хоёр туужаас ялгаатай юм. Арван хоёр өгүүллэгийг хэлхэх маягаар бичив. Зургаан өгүүллэг нь дан шувуудын тухай агаад хүмүүсийн танин мэдэхүйд зориулсан чиглэлтэй. Хүүхэд багачууд уншихад зохимжтой. ...сүүлийн зургаан өгүүллэг нь Бор, Дулмаа, Чинбаа, Юмдүүжин нарын амьдралд тохиолдсон сонирхолтой учрал, тохиолоос гадна тэдний номоос уншсан, хүний хүүрнэн өгүүлэхийг сонссон явдлуудыг холбож үзүүлэх аргуудыг хэрэглэсэн юм.
...Туужийн төгсгөлд сургуулийн босго алхан орж байгаа Хадхүү, Батхүү хоёр сүүлийн жилүүдэд санаа сэтгэлд эргэлдээд байх боллоо. Хадхүү наймдугаар анги төгсгөөд, илгээлт өвөрлөн аав, ээж дээрээ гарлаа. Эцэг Бор бараг хадам эцэг Сандагийн насанд дөхөж явна. Борыг одоо эргээд харахад нутаг нуга, түүний баялаг, ялангуяа ан агнах ухаан, амьтныг мэдэх, хайрлах, хамгаалах талаар Сандагтай үнэхээр төстэй болжээ. Гэтэл хүү Хадхүү, эцэг Борыг бодвол нэлээд эрдэм ном үзсэн, ялангуяа байгаль, ан амьтныг сонирхох талаар энэ гэр бүлд нэгэн цоо шинэ гишүүн болон дэвшин гарч иржээ.
...Хадхүүгийн цаана Батхүү гэж дүү нь байгаа. Батхүү хатуу сэтгэлтэй ялангуяа байгаль орчинтой харьцахдаа нударгаараа ханддаг хүн боллоо.
...Хадхүү Батхүү хоёрын амьдралын эрс тэс үйл ажиллагаа, зан төрх намайг дөрөв дэх тууж буюу “Хадхүү, Батхүү хоёр” тууж бичихэд хүргэлээ. ...Харин энэ туужид Дулмаа, түүний эх Өлзийдүүрэн хоёрын зан төрх өмнөх туужуудад бүдэг байсныг тодрууллаа. Туужийн явцад Борын зуурдаар нас барсан нь харамсалтай боловч өөр арга байсангүй ээ.
Бор бол үзэсгэлэнт сайхан байгалиа хайрлан хамгаалах үйлст амь насаа тууштай зориулсан хүний дүр төрх гэж хэлэх байна. Өөрийг нь хэн буудсаныг Бор мэдсээн. Түүнийг аль урьдын өс хонзонтой явсан чөргөр Дондив тэргүүтэй этгээдүүд буудсан юм.
“Хадхүү, Батхүү хоёр” тууж бол хүрээлэн буй байгаль, орчныг хайрлан хамгаалах талаар миний юу уншин суралцсан, өөрийгөө хэрхэн тордож зүтгэсний үр дүн юм.
1986 он
“Зохиол бүтсэн намтар” (1990), 15-23 дугаар тал
Эх сурвалж: polit.mn
“Дөрвөн туужийн бор” хэмээх холбоо дөрвөн туужийн тухай
2019-01-01
Нийтэлсэн: Админ
 1 мин