“Эрдэнэт үйлдвэр” компанийн хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам стандарт банкны зээлийн талаар ингэж ярив

2018-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ЭНХЖИН Сайн байна уу. Сүүлийн үед Стандарт банкнаас “Жаст групп” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр” компаниар батлан даалт гаргуулан зээл авч тус үйлдвэрийг их хэмжээний өр төлбөрт оруулсан асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон мэдээллүүд гарч байна. Энэ асуудлаар танаас хэдэн зүйл тодруулах хүсэлтэй байна  та тодорхой мэдээлэл өгнө үү? -“Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбоотойгоор Стандарт банкнаас 2013 оны долдугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрт хандан 109 сая ам.долларын зээлийн гэрээнд хамаарах 86.950.000 ам.долларыг уг зээлд баталгаа гаргасан гэж үзэн “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргуулахаар өөр хоорондоо холбоотой дөрвөн нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгүүлсэн. Үүнд, 2013 оны долдугаар сард Стандарт банк хамгийн анх Арбитрт нэхэмжлэл гаргасан. 2013-2016 онд нийт дөрвөн удаа Арбитрын шүүх хуралдаж, хамгийн сүүлд 2016 оны тавдугаар сард эцсийн шийдвэрээ гаргасан. Үндсэндээ Стандарт банкинд 50.9 сая ам.доллар төлөх шийдвэр нь 2016 оны тавдугаар сард гарсан бөгөөд шүүхийн тогтоол “Эрдэнэт үйлдвэр” компанид 2016 оны есдүгээр сарын 20-ны өдөр ирсэн байдаг. Харин бид шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан. Английн Хатан хааны дэргэдэх Худалдааны дээд шүүхэд үүсгэсэн Folio 965 тоот хэргийн хуралдаан 2014 оны хоёрдугаар сард болж, хэрэг “Эрдэнэт үйлдвэр” компанийн талд шийдвэрлэгдсэн. Харин Лондонгийн Олон Улсын Арбитрт үүссэн 132446 тоот хэрэг хэрэгсэхгүй болсон. Бусад хоёр хэрэг (132445 тоот, 132455 тоот хэргүүд)-тэй холбоотой хурал Лондонгийн Олон Улсын Арбитр дээр 2015 оны аравдугаар сар, арванхоёрдугаар сар, 2016 оны хоёрдугаар сар, тавдугаар сард нийт дөрвөн удаа болж, Стандарт банкны нэхэмжлэлээс 35.961.574.4 ам.долларын төлбөрийг хүчингүй болгож, 50,988,425.60 ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Лондоны Олон Улсын Арбитрын 132445 ба 132455 тоот хэргүүдтэй холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”-т 50,988,425.60 ам.долларын төлбөр ногдуулсан дээрх шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” эс зөвшөөрч, Английн хатан хааны дэргэдэх  Худалдааны Дээд Шүүхэд 2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан. “Эрдэнэт үйлдвэр” компанийн гомдлыг хүлээж авах эсэх тухай хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Лондон хотноо болж, “Эрдэнэт үйлдвэр” компани нь Арбитрын шүүхийн шийдвэрүүдийг давж заалдах тохиолдолд 51 мянган ам.долларыг байршуулах нөхцөлтэй шийдвэр гаргасан. 2016 оны тавдугаар сарын Арбитрын шүүхийн шийдвэрт үндэслэн Стандарт банкны зүгээс Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд үндсэн зээлд холбогдох хүү, шүүхийн ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх 2017 оны долдугаар сарын 27-ны өдөр хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” компаниас 14.438.164 ам.долларын зардал, 26.782.381 ам.долларын үндсэн зээлийн хүү, 2017 оны наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3.142.063 ам.доллар, нийт 44.362.608 ам.долларыг гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Мөн Нэхэмжлэгч “АйСиБиСи” Стандарт банк ПЛС–ийн 2016 оны тавдугаар сарын Арбитрын шийдвэрээ гүйцэтгүүлэх үүднээс 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр Английн Худалдааны Дээд шүүхэд хандан “Эрдэнэт үйлдвэр” компанийн хөрөнгийг хураах, битүүмжлүүлэх Захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Арбитрын шийдвэрээр “АйСиБиСи” Стандарт банк ПЛС–д төлөх нийт төлбөр 2017 оны наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 95.362.608 ам.доллар байсан бөгөөд энэхүү өр төлбөр сар бүр өсөн нэмэгдэж өнөөдрийн байдлаар 104 сая орчим ам.доллар болоод байна. -“Эрдэнэт үйлдвэр” компанийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү нарын батлан даалтын богино хэлбэрийн гэрээг Арбитрт гаргаж өгөөгүйгээс болоод “Эрдэнэт үйлдвэр” компани Арбитрт ялагдсан гэх мэдээллийг өгөөд байгаа энэ талаар та тайлбар өгөөч? –Богино гэрээ урт гэрээ, хуурамч гарын үсэг болон жинхэнэ гарын үсэг гэсэн асуудлаас болоод Арбитрт ялах ялахгүйн тухай ярина гэдэг дэндүү гэнэн мэргэжлийн бус ойлголт. Арбитрт ялагдсан олон шалтгааны ердөө нэг хэсэг нь юм. Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал хэвлэл мэдээллийн хэрэгслээр богино хэмжээний гэрээний талаар ярьдаг. Арбитрын маргаан хэлэлцэх үед ч энэ гэрээний талаар дурдагдаж тодорхой ажиллагаа хийгдсэн байдаг. Энэхүү хэлээд байгаа гэрээ нь 28 хуудастай бөгөөд 2013 оныг хүртэл “Эрдэнэт үйлдвэр” компанид бус  Б.Мөнхжаргалын гэрийн сейфэнд хадгалагдаж байсан бөгөөд тухайн үеийн Улсын мөрдөн байцаах газарт зөвхөн богино хэмжээний нэг бус гурван гэрээний эх хувийг акт үйлдэн хураан авсан байдаг. “Эрдэнэт үйлдвэр” компанид хууль зүйн зөвлөгөө үзүүлж буй ТейлорУэссинг /Taylor Wessing LLP/ компани 2013 онд Улсын мөрдөн байцаах газарт, “Эрдэнэт үйлдвэр” компанийн зүгээс 2017 онд Нийслэлийн прокурорын газар болон Авлигатай тэмцэх газарт тус тус удаа дараа хандан богино хэмжээний гэгдэх гэрээг гаргуулан авах хүсэлтийг гаргасан боловч эх хувиар нь авч чадаагүй. Харин Тухайн гэрээний хуулбарыг Авилгатай тэмцэх газрын тэмдгээр баталгаажуулан авч, давж заалдах ажиллагаанд ашигласан боловч үр дүнд хүрээгүй нь дараах шалтгаантай. Арбитрын шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх хуралдаанд Б.Мөнхжаргал нь өөрийн биеэр оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд энэхүү богино хэмжээний гэрээг гарын үсэг зурагдсан өдрөөр бүртгэсэн гэж мэдүүлсэн боловч Арбитрт авагдсан баримтаар 2009 оны наймдугаар сарын 20-ны өдөр Хуулийн хэлтэст бүртгэсэн нь тогтоогдож түүний өгсөн мэдүүлгээс зөрсөн. Мөн 28 хуудастай гэх гэрээний сүүлийн хуудас нь 40 гэсэн дугаартай байсан нь Б.Мөнхжаргалын мэдүүлэг хуурамч гэж үзэх үндэслэл болсон. Бид Б.Мөнхжаргалтай түүнийг зөвшөөрсний дагуу 2017 оны дөрөвдүгээр сард уулзахад 40 дэх хуудасны талаар “Миний алдаа байсан” гэж тайлбарласан. Түүнчлэн 40 хуудастай гэрээний 18 дугаар зүйлд “Эрдэнэт үйлдвэр” компани санхүүгийн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэсэн утга бүхий заалтыг оруулаад богино хэмжээний гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдүүлдэг. Монгол Улсын Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга”-д анз, дэнчин, баталгаа, барьцаа, батлан даалт зэргийг заасан байдаг. Нэгэнтээ үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ хийж байгаа бол агуулгын хувьд тухайн гэрээний зүйлээс өөр утга агуулгатай зүйлийг гэрээнд тусгах, батлан даалтын гэрээг тэрхүү зүйл заалтаар /18 дугаар зүйл/ бүхэлд нь үгүйсгэх  нь хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд Арбитрын хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгч нарт итгэл үнэмшил төрүүлээгүй. Б.Мөнхжаргал нь 2010 оны наймдугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан гэрээ болон зээлийн талаар огт мэдэхгүй гэсэн тайлбарыг мөн Арбитрт өгсөн байдаг. Гэтэл 2010 оны наймдугаар сарын 5-ны өдрийн “Барьцааны эрх үүрэг шилжүүлэх тухай” гэрээ нь Б.Мөнхжаргалын гэрт, түүний сейфэнд мөн хадгалагдаж байсан бөгөөд Хуулийн хэлтсийн гэрээний бүртгэлд бүртгэгдсэн эх хувь байсан нь мэдүүлэгтэй нь зөрсөн. Б.Мөнхжаргал нь 2010 оны наймдугаар сарын 5-ны өдрийн “Барьцааны эрх үүрэг шилжүүлэх тухай” гэрээг 2011 оны нэгдүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” компанийн холбогдох хуулийн ажилтанд үүрэг өгч, 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хамгийн сүүлийн дугаараар бүртгүүлсэн нь баримтаар тогтоогддог. Б.Мөнхжаргалын энэ мэт тайлбар мэдүүлгүүд бодит байдал “Эрдэнэт үйлдвэр” компанид хадгалагдаж байсан баримтууд зөрсөн нь Арбитрын шийдвэр “Эрдэнэт үйлдвэр” компанийн эсрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэгээхэн хэсэг болсон. Арбитрын шийдвэрээр тогтоогдсон 51 сая ам.долларын өр төлбөрийг шүүхэд байршуулаад давж заалдах боломж байсан атал “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилтнууд энэ боломжийг ашиглаагүй санаатайгаар давж заалдах боломжийг үхүүлсэн гэсэн тайлбарт та ямар хариу өгөх вэ? –Английн Арбитрын шийдвэрийг тус үйлдвэр 2016 оны есдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан бөгөөд   шийдвэрүүдийг давж заалдах гомдол гаргах зөвшөөрлийг хүсч Английн Дээд Шүүхэд 2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр хандаж тайлбараа гаргасан. Гэтэл Английн Дээд Шүүх 2017 оны тавдугаар сарын 22-ны өдөр хуралдаж 50,988,425.60 ам.долларыг Стандарт банкинд учрах зардлын хамт 2017 оны зургадугаар сарын 16-ны өдрийн дотор шүүхийн дансанд байршуулах нөхцөлт захирамжийг гаргасан. Уг захирамжийг тухайн үед биелүүлэх боломж “Эрдэнэт үйлдвэр” компанийн хувьд байгаагүй, мөн тодорхой эрсдэлүүд үүсэхээр байсан. Энэ нь дараах нөхцөл байдлуудаар тогтоогдоно. Нэгдүгээрт, “Эрдэнэт үйлдвэр” компани сар бүр 50-60 сая ам.долларыг эргэлтийн хөрөнгөнд зарцуулж, үүнээсээ ажилтнуудын цалин тавих, цахилгааны хэрэглээний төлбөр төлөх, сэлбэг хэрэгслээ худалдаж авах, төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт хийх, улс орон нутгийн татвар төлөх, зэсийн баяжмалаа ачуулах зайлшгүй шаардлагатай тул тухайн үед 50.9 сая ам.долларыг шүүхийн дансанд байршуулах боломж байгаагүй. Энэ нь тухайн үеийн санхүүгийн баримтаар нотлогдоно. Хоёрдугаарт, Арбитрын шүүхийн дансанд мөнгө байршуулаад давж заалдах шатны шүүхийн шийдвэр “Эрдэнэт үйлдвэр” компанийн эсрэг гарсан тохиолдолд шууд шүүхийн данснаас Стандарт банкны данс руу шилжих эрсдэлтэй байсан. Арбитрын шүүхэд хянагдсан нотлох баримтууд “Эрдэнэт үйлдвэр” компанийн эсрэг байсан бөгөөд найдлага тавьж байсан богино хэмжээний гэгдэх “Батлан даалтын болон үүрэг хүлээх тухай” гэрээ” Эрдэнэт үйлдвэр”-ийн эсрэг гарсан шийдвэрийг няцаах хангалттай нотлох баримт болж чадахааргүй байсан. Гуравдугаарт, Олон улсын зах зээлээс зээлийн санхүүжилт татан авахад гурваас дээш сарын хугацаа шаардлагатай болдог учраас зээлийн санхүүжилт авах боломжит хугацаа байгаагүй. Ингээд эрх бүхий этгээдүүдээс өгсөн зөвшөөрлийн дагуу бид дээрх Лондонгийн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдлыг “Шүүхээс мөнгөгүй, барьцаа байршуулах боломжгүй этгээдийн эрхээ хамгаалах боломжийг олгоогүй хязгаарласан”, “Санхүүгийн тайлагнал, тооцоолол буруу хийгдсэн байхад анхан шатны шүүх нэг талын баримтыг үнэлж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн”, “Шинжээчийн дүгнэлт байсаар байтал шинжээчийн дүгнэлтэд бодитойгоор дүгнэлт хийсэнгүй” гэсэн үндэслэлүүдээр гомдол гаргасан. Гомдлыг давж заалдах шатны шүүх тухайн үед шийдвэрлэлгүй 2017 оны наймдугаар сарын 22-ны өдөр хэргийн материалыг ил болгох,  2016 оны нэгдүгээр сараас хойшхи “Эрдэнэт үйлдвэр” компанийн 500 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бүх хэлцлийн мэдээллийг гаргуулж авъя гэсэн утга бүхий захирамжийг гаргасан. Мөн санхүүгийн мэдээлэл болон гэрээний мэдээллийг Стандарт банк ПЛС–д гаргасан тохиолдолд уг мэдээллийг тэд албадан шийдвэр гаргахад ашиглаж, тухайн эд хөрөнгө байршиж байгаа газар албадлагын ажиллагаа явуулах захирамжийг Английн шүүхээр гаргуулах эрсдэл байсан. Гэтэл Стандарт банкны зүгээс дахин шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүхээс 2017оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хөрөнгө битүүмжлэх /Англи улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа/, “Эрдэнэт үйлдвэр” компани Арбитрын шийдвэрийг үл хүндэтгэсэн гээд “Эрдэнэт үйлдвэр” компанид үүрэг ногдуулсан захирамж гаргасан. Энэ нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” гэсэнтэй утга ижил шүүхийн шийдвэр гарах хүртэл хөрөнгийг битүүмжилж тодорхой үйлдэл хийхийг хориглосон, үйл ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгасан заалттай захирамж шүүхээс гарсан. Аль ч тохиолдлоор авч үзсэн шүүхэд хэрэв 50.9 сая ам.долларыг байршуулсан бол өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” хохирох нөхцөл бүрдэх бус хохирчихсон байх байжээ гэдгийг хэргийн үйл баримтууд нотолсоор байгаа. -“Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийн эзэмшигчид нөлөөлж Арбитрт санаатайгаар ялагдсан гэх мэдээллийн тухайд? -“Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс” Корпораци 2016 оны зургадугаар сарын сүүлээр худалдан авсан байдаг. Харин Арбитрын шүүх хуралдаан 2015 оны арав, арванхоёрдугаар сар, 2016 оны хоёр, тавдугаар саруудад тус тус явагдаж, шийдвэрээ эцэслэн гаргасан. Харин бичгээр шийдвэрээ 2016 оны есдүгээр сарын 20-ны өдөр талуудад хүргүүлсэн. Иймд 49 хувийн хувьцаа эзэмшигчид шийдвэрт нөлөөлсөн байх ямар ч үндэслэлгүй юм. Арбитрын шийдвэрийг биелүүлэхгүй байх боломж байгаа юу. Хэрэв биелүүлэхгүй тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр”-т ямар эрсдэл үүсэх вэ? -1958 оны НьюЙоркийн конвенцийг 1994 онд Монгол Улсын хуулийн нэгэн адил хэрэгжүүлэхээр Монгол Улс үүрэг хүлээсэн. Гэхдээ нийтийн эрх ашиг хөндөгдсөн эсхүл Монгол Улсын дархан бүрэн эрх зөрчигдөж, хөндөгдөж байгаа гэсэн үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх боломжтой. Хууль зүйн талаас нь авч үзвэл компани хоорондын гэрээний асуудалд нийтийн эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй. Мөн Монгол Улсын нийтлэг бүрэн эрх, ашиг зөрчигдсөн асуудал байхгүй бөгөөд зөвхөн хоёр компанийн хооронд хийсэн гэрээ хэлцлийн үүргийг биелүүлэхтэй холбоотой асуудал юм. Түүнчлэн эрүүгийн журмаар тухайн асуудал шалгагдаж байгаа нь Арбитрын шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Хэрэв 2013 онд эрүүгийн хэрэг үүсээд эцэслэн шүүхээр шийдвэрлэгдсэн байсан бол энэ асуудалд Английн шүүх хүндэтгэлтэй хандах байсан гэж хувьдаа боддог. “Эрдэнэт үйлдвэр” компани өнөөдрийн байдлаар дотоодод Арбитрын шийдвэрийг биелүүлэх эсэхээс үл хамаараад дараах эрсдэлүүд бодитоор байгаа. Үүнд,
  1. Тус үйлдвэр 106 сая ам.долларын зээлийг “Коммерз” /Commerz/ банк, “Самсунг”, “Рабо” /Rabo/ банкнаас авсан байгаа. Тэдгээр зээлийн гэрээнүүдэд “Эрдэнэт үйлдвэр” компанид холбогдуулан таван сая ам.доллараас дээш дүнтэй шүүхийн шийдвэр эсхүл Арбитрын шийдвэр гарсан тохиолдолд дефольт /гэрээний үүргээ биелүүлээгүйд тооцогдоно/ гэж үзэхээр заасан. Энэ нь 106 сая ам.долларыг нэг дор төлүүлэхээр буцаан шаардах боломжтой бөгөөд үндсэн төлбөр, торгууль, алдангийг нэг дор төлөх эрсдэл үүснэ.
  2. “АйСиБиСи” Стандарт банк ПЛС–ийн 60 хувийн энгийн хувьцааг Хятадын Аж Үйлдвэр, Худалдааны Банк эзэмшиж байгаа ийм нөхцөлд Арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа Хятадад явагдах магадлалтай бөгөөд энэ тохиолдолд бүтээгдэхүүнээ 100 хувь хятад руу гаргаж байгаа манай компанийн хувьд санхүүгийн хүнд байдалд орно. Компанид орж ирэх мөнгөн урсгалыг саатуулж, шууд өр нэхэмжилж, шийдвэрээ гаргуулсан газруудад шилжүүлэх эрсдэл бий болно.
  3. “Эрдэнэт үйлдвэр” компани Зэсийн баяжмал үйлдвэрлээд Худалдааны компаниар дамжуулан худалдан борлуулдаг. Тэдгээр худалдааны компаниуд нь гэрээ хэлцэл маргаанаа Английн хуулийн дагуу Английн шүүхээр шийд­вэрлүүлэхээр тохиролцдог бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” компанитай хийсэн зэсийн баяжмалын орлого царцаагдах эрсдэл байгаа. Өмнө долоон сая ам.долларын өр төлбөрөөс болж 25 сая ам.доллар царцаагдаж байсан хатуу анхааруулга бидэнд бий.
Стандарт банктай холбоотойгоор Авилгатай тэмцэх газар болон Олон улсад хийгдэж байгаа ажиллагааны талаар мэдээлэл өгөөч? – “Эрдэнэт үйлдвэр” компани 2016 оны арваннэгдүгээр сараас 2017 оны хоёрдугаар сар хүртэл Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газарт “Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу энэ асуудал нь үйлдэл хийгдсэнээр төгсдөг материаллаг бус бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна. Иймээс эрүүгийн хэргүүдийг сэргээж өгөөч гэдэг хүсэлтүүдийг удаа дараа /дөрвөн удаа/ гаргасан. Мөн  Арбитрын шүүх шийдвэр гаргачихсан, гаргасан шийдвэр нь эцсийнх биш ч “Эрдэнэт үйлдвэр” компанид бодитой хохирол учрах нөхцөл байдал үүссэн талаар тайлбарласан. Тухайн үед Английн Арбитрын шүүхэд ялах магадлал туйлын бага байгаа гэдгийг Тейлор Уэссинг /Taylor Wessing LLP/ компанийн өгч байгаа дүгнэлт харуулж байсан. Тухайлбал, 2017 оны хоёрдугаар сарын байдлаар “Эрдэнэт үйлдвэр” компани шүүхэд ялах магадлал найман хувьтай гэж Тейлор Уэссинг /Taylor Wessing LLP/ компани танилцуулсныг Ерөнхий захирал, ТУЗ–д энэ мэдээллүүдийг өгч ажилласан. Английн давж заалдах шатны шүүхээс 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 50.9 сая ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр” компани хариуцан төлнө, үүрэг ногдуулсан Арбитрын шийдвэр хэвээр байна. Цаашид давж заалдах эрхгүй гэсэн утга агуулга бүхий шийдвэрийг гаргасан. Иймд Хувьцаа эзэмшигчдийн зүгээс хүүг зогсоож, 51 сая ам.долларыг төлөх талаар яаралтай хэлцэл хийх тухай удирдамжийг өгч, ТУЗ–өөс “Эрдэнэт үйлдвэр” компанид хохирол багатай шийдвэрлэх чиглэлийг тус тус өгсөн. Гэтэл Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” компанийг 100 хувь төрийн мэдэлд авлаа гэсэн шийдвэрийг хувьцаа эзэмшигч “Монголын зэс” корпораци Захиргааны хэргийн шүүхэд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хөрөнгө хамгаалуулах тухай захирамж гаргуулах хүсэлт гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс, мөн Давж заалдах шатны шүүхээс ТУЗ–ийн гаргасан бүх шийдвэрийг, өмнө нь гаргасан болон цаашид гаргах шийдвэрүүдийг мөн түдгэлзүүлсэн. Харин өнөөдрийн байдлаар Стандарт банктай хэлэлцээр хийх ажиллагаа зогсонги байдалд орсон тул ТУЗ–д уг асуудлаар дахин хандсан ч тодорхой шийдвэр гараагүй хэвээр байна. Бидний зүгээс АТГ–т хандаж, “Жаст Групп” компанийн эд хөрөнгийг судлан тогтоож, битүүмжлэх хүсэлт гарган, шаардлагатай баримт бичгүүдийг гарган өгч ажиллаж байна. Арбитрын маргааны тухайд 2017 оны долдугаар сарын 2-ны өдөр гарсан шийдвэрүүдийг давж заалдах шатны ажиллагаа үргэлжилж байна. Шүүх хуралдааны тов хараахан гараагүй байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа.  
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 18 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 18 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 7 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 38 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 40 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 52 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 58 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 0 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин