Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ жил анх удаа эмэгтэйчүүдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитойгоор үнэлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор салбар бүрийн оны онцлох эмэгтэйг алдаршуулах “Алунгоо-2018” наадмыг өчигдөр зохион байгуулав.
Шалгаруулалтад Монгол Улсын өнцөг булан бүрээс 60 гаруй эмэгтэй мэдүүлгээ өгчээ. Үүнээс 13 эмэгтэйг тодруулж “Алунгоо -2018” цомыг гардуулсан юм. Тус арга хэмжээнд улстөр, нийгэм гээд бүхий л салбарын манлайлагч, үе үеийн Монголын сор болсон бүсгүйчүүд оролцсон юм. Харин энэ жилийн шилдэг эмэгтэйчүүдээр малчин бүсгүй, хот тохижилтын үйлчилгээнд 40 жил зүтгэсэн замын цэвэрлэгч, ажилчин, тариаланч, зөгийчин, ногоочин, эмч, инженер, цэцэрлэгийн заах аргач гээд ажил үүргээ нэр төртэй биелүүлж яваа эгэл жирийн бүсгүйчүүд тодорсон нь “Алунгоо-2018” наадмын онцлог байв.
“Алунгоо-2018” цомын анхны эзнээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын Улсын аварга малчин Д.Бадмааг тодруулж цом, өргөмжлөлийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ч.Бямбадорж, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, “Оюун төгс” их хатан нар гардуулж өглөө.
“ Алунгоо-2018” цомын эзнээр Монголын нийтийн аж ахуй үйлчилгээний салбараас Чингэлтэй дүүргийн Хот тохижилт үйлчилгээний төвийн зам талбайн үйлчлэгч Б.Нарантуяаг тодрууллаа. Өргөмжлийг Ардын жүжигчин А.Дашпэлжээ, эзэн Чингис хааны эх “Өлүн үжин” хатны хамтаар гардуулав.
“Алунгоо-2018” цомын уул уурхайн салбарын шилдэг эмэгтэйгээр Эрдэнэт үйлдвэрийн засвар механикийн цехийн хайлуурын хэсгийн нэвтрүүлэгч А.Болормааг нэрлэв. Цом, өргөмжлөлийг Баянгол дүүргийн засаг дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа, “ Бөртө үжин” хатны хамтаар гардууллаа.
“Алунгоо-2018” цомын Эрүүл мэндийн салбарын оны эзнээр О.Сэргэлэнг ,тодруулсан юм. Цом өргөмжлийг Монгол Улсын ардын жүжигчин Г.Мягмарнаран их хатдын хамтаар гардуулсан юм.
“Алунгоо-2018” цомын Иргэний нийгмийн салбарын оны эмэгтэйгээр “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, төр нийгмийн зүтгэлтэн Д.Мөнхөөг тодруулж цом өргөмжлөлийг Их жанжины ач охин, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч С.Сүхжаргалмаа гардуулж өгсөн юм.
“Алунгоо-2018” цомын Боловсролын салбарын оны эмэгтэйгээр Налайх дүүргийн Хүүхдийн цэцэрлэгийн СӨН-ны арга зүйчээр 42 жил ажиллаж буй Ц.Тунгалагийг нэрлэсэн юм. Өргөмжлийг “Удвал сан”-гийн тэргүүн Б.Өнөбаатар, Чингис хааны ач хүү ,Монголын Хуан улсыг үндэслэгч Хубилай цэцэн хааны гэргий ухаант Чимба их хатны хамт гардууллаа.
“Алунгоо-2018” наадмын Аж үйлдвэрийн салбарын оны эмэгтэйгээр “Монгол кашмер” компанийн хөгжил хариуцсан захирал, загвар зохион бүтээгч С.Алимаа тодорч цом өргөмжлөлөө гардав.
“Алунгоо-2018” наадмын Соел урлаг, үндэсний өв соёлын салбарын оны эмэгтэйгээр “Уран хатгамалч эгнэшгүй сан”-гийн тэргүүн, хүний их эмч Монгол Улсын уран хатгамалч З.Цэнгэлсайхан шалгарсан юм. Өргөмжлөлийг УИХ-ын гишүүн асан Б.Баянсэлэнгэ, “Самар” хатны хамт гардуулж, баяр хүргэлээ.
“Алунгоо-2018” цомын Урлаг, спортын салбарын шилдэг эмэгтэйгээр Дэлхийн бодибилдгийн дөрвөн удаагийн аварга, Азийн мистер Г.Угалзцэцэг тодорлоо. Цом өргөмжлөлийг “Монгол консратив нам”-ын дарга н.Дашдаваа, Мандухай цэцэн хатны хамт гардуулж, амжилт хүслээ.
“Алунгоо-2018” цомын Хөдөө аж ахуйн салбарын эзнээр Төв аймгийн тариаланч эмэгтэй Т.Баярхүү тодров. Шагналыг “Ану” хатан гардуулж өгсөн юм.
“Алунгоо-2018” цомын Бизнесмэн эмэгтэйгээр Дархан-Уул аймгийн зөгийчин, зөгийн аж ахуй эрхлэгч Д.Долгормаа шалгарч, шагналыг “Социнтерин” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази номхон далайн дэд ерөнхийлөгч Энхжаргал, Ханджамц хатны хамт гардуулсан юм.
“Алунгоо-2018” цомын Хэвлэл мэдээллийн салбарын оны шилдэгээр сэтгүүлч, орчуулагч “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийн хөтлөгч Э.Энэрэл тодорлоо.
“Алунгоо-2018” цомын Эрүүл мэндийн салбарын оны эмэгтэйгээр Санчирмааг тодруулж, Хүний гавьяат эмч Бүлтэн, Хайлуур дайчин гүнгийн хатан “Тод цагаан” гүнжийэ хамт өргөмжлөлийг нь гардууллаа.
Шагналыг Монголын МҮХАҮТ-ын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хатагтай н. Болормаа, их хатадын хамтаар гардуулж, амжилт хүслээ.
“Алунгоо-2018” цомын эздэд тус бүр нэг сая төгрөг, гадаадад гэр бүлийн хамтаар зорчих эрхийн бичгээр шагнасан юм. Мөн энэ үер 93 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүд сэтгүүл 20 жилийн дараа шинэчлэгдэн хэвлэгдэж буйг албан ёсоор зарлалаа.
Эх сурвалж:www.polit.mn
“Алунгоо-2018” цомын эзэд тодорлоо
2018-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин