Нобелийн шагналт Андрей Гейм: Оросын шинжлэх ухаанд өөрчлөлт гарч байгааг мэдэрч байна

2018-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ   Сочид төрсөн, зөвлөлтийн, голландын, британийн физикч Андрей Гейм 2018 оны Нобелийн долоо хоногийн баяр ёслол “Нобелийн долоо хоногийн ярилцлагад Water Matters ("Усны асуудлууд") сэдвээр оролцжээ. 2010 онд тэрээр Оросын шинжлэх ухааны дэг сургуулийн өөр нэгэн хүмүүжигч болох Константин Новоселовын (ОХУ, Их Британи) хамт дэлхийн хамгийн бат бөх материал графеныг гаргаж авсан туршилтаар физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн билээ. ТАСС-ын сурвалжлагч Ирина Дергачеватай ярилцахдаа Гейм Нобелийн шагналтны ажил үйлс, өөрийн шинэ судалгаа, Оросын шинжлэх ухаанд гарч байгаа өөрчлөлтийн талаар өгүүлсэн байна.   -Шагнал хүртсэнээс хойшх найман жилд таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бол? -Нобелийн туршилтаас бараг шарх сорвигүй шахам гарч ирлээ хэмээн гол төлөв би хэлж ярьдаг юм. Шагнал хүртсэнийхээ дараа үнэн хэрэгтээ галзуурч солиорсон олон хүнийг би ажигласан. Тэн хагас нь Нобелийн шагнал бол тохиолдол байгаагүй гэдгийг нотлохын тулд эрүүл мэндээ үнэхээр хөсөр хаяж их ажилладаг. Нөгөө хагас нь өөрсдийгөө сод ухаантан гэж бодоцгоогоод огт юм хийхээ больдог. Миний хувьд долоо хоног бүр ойролцоогоор 10 удаа лекц унших, сэтгүүлчидтэй ярилцахаас татгалзах болсныг эс тооцвол амьдралд юу ч өөрчлөгдөөгүй. Мэдээж эхний 1-2 жил өч төчнөөн нийтийн лекц, янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгөх яриа, бусад шагнал, хүндэт цол гэх мэтээр зав зай олдохгүй. Энэ бүхэнд илүү нэмэлт цаг хугацаа хэрэгтэй. Олгосон шагнал амьдралд онцын нөлөө үзүүлдэггүй гэж яривал зарим талаар огт худлаа. Эхний хоёр жил эх захгүй л юм болно. Өөрийнхөө буланд шигдэж, шинжлэх ухаанаараа амьдаръя гэж бодовч бүтэхгүй. Гэхдээ ойлгож байна уу. Амьдралаа ямар нэг юмаар дүүргэх хэрэгтэй биз дээ. Гэртээ суугаад байхаар уйтгартай. Дэлхий даяар аялж, янз бүрийн медаль цуглуулах гэх мэтээр цагийг барж болно л доо. Эхний хоёр жилд надад янз бүрийн хүндэт цол (надад аль хэдийн хэд хэдэн цол олгочихсон) олгоно гэхэд нь би үндсэндээ татгалзсан. Энэ бүхэн надад Брежневийг санагдуулж байна. Бүх медалийг энгэртээ зүүхэд миний цээж багадна гэж хариулсан. Энэ бол ээлжит хэргэм, профессор цолноос татгалзах миний хошигнох арга л юм даа. -Танд графены институт байгуулж өгсөн байх аа? -Тийм ээ. Графены үндэсний хүрээлэнгийн захиргааны удирдлагад би ямар ч хамааралгүй. Архитектурыг нь Костя Новоселов хариуцаж удирдсан, том барилга шүү. Би бусдын нэг адил энэ хүрээлэнг жирийн нэг ашиглагч нь. Миний оюутан, аспирантууд тийшээ очно. Би ч бараг өдөр бүхэн тэнд байдаг, гэхдээ албан ёсны захиргаанд нь би ямар ч хамааралгүй хүн. Миний цорын ганц эмзэглэдэг зүйл бол Засгийн газар эсвэл түшмэдүүд шинжлэх ухаанд зориулсан бүх мөнгийг суурь судалгаанаас хавсарга судалгаа руу шилжүүлэх гэж хичээдэг явдал. Таван жилийн турш талхан дээр тос түрхэж байгаа л гэсэн үг. Заримдаа иймэрхүү асуудлаар би ч тэсэрч өгнө дөө. -Одоо та шинэ чиглэлүүд дээр ажиллаж байгаа бил үү. Тэнд тэгээд шинэ тэмүүлэл, шинэ шагнал боломжтой юу? -Би ер нь нэлээн этгээд эрдэмтэн. Би өнгөн хэсгийг нь ухдаг юм. Графен гаргаж авах ажил эхэлснээс Нобелийн шагнал хүртэл долоон жил орчим болсон. Түүнээс өмнө би огт өөр зүйл хийдэг байсан. Одоо бол графенд цаг завынхаа 20-30 хувийг зарцуулдаг. Энэ бүх цагийн хуваарь, шинэ барилга байшин бүгдийг нь би ашигладаг. Гэхдээ одоо миний судалгаа тэс өөр чиглэлүүдээр явж байгаа. Нэг жижигхэн чиглэл тэрнийг дурдахын ч хэрэггүй. Хоёр дахь чиглэл нь би усыг атомын төвшинд, хоёр хэмжээст усыг судалж байна гэж хэлж болох юм. Нэг молекулын зузааны хэмжээнд хүртэл усыг шахахад усны шинж чанар ямар байх тухай өгүүлж байна гэсэн үг. Нобелийн шагналын дараа би эрдэм шинжилгээний нэр хүндтэй сэтгүүлүүдэд 20 орчим өгүүлэл нийтлүүлсний тэн хагас нь нэг моно үенд усыг шахахад шинж чанар нь ямар болох тухай өгүүлсэн. Бидний хийж байгаа зүйл бол зарим талаараа графены антипод юм. Өмнө нь бид материалын жижиг хэлтэрхий аваад түүнээс нэг атомын хавтанг “сугалж” түүнийг судалдаг байсан. Одоо эсрэгээр, оронд нь юу үлдэж вэ гэдгийг судалж байгаа юм. Нэг атомын хавтанг нь “сугалсан” талст үлдэнэ. Талстад үлдсэн хөндийг судалж байна. Бүр тодруулбал, нэг атомын дайны онгойсон нүхийг гэсэн үг. Энэ бол сүүлийн 3-4 жил бидний хийж байгаа ажил. Энэ маш сонирхолтой тогтолцоо. Бүгдээрээ л хоёр хэмжээст материал судалцгаадаг. Харин бид хоёр хэмжээст “юу ч бишийг”, өнөөх онгорхой нүхний шинж чанарыг судалж байгаа юм. Ийм хөндий дэх усны шинж чанарыг бид судалдаг болохоор намайг Стокгольмд зохион байгуулсан усны асуудлаарх семинарт урьсан юм. Энэ яагаад чухал вэ. Сүүлийн 20-30 жил олгосон Нобелийн шагналууд амьдралд өөрийгөө хэрхэн зохион байгуулдагтай л холбоотой байсан. Энэ бүхэн усан дотор л болдог. Протеинууд өөр хоорондоо 1-2 нанометрийн зайтай туузаар зурлага зурдгийг мэдэх үү. Үнэн хэрэгтээ бид ийм зайд хүрч ирэхэд туйлшрал алга болно, ус тэс ондоо болно. Ус мөстэй юм уу, үечилсэн бүтэцтэй адилхан болно. -Оросод болж байгаа үйл явцыг та ажигладаг уу? -Баруун-Трамп, бүр тэрнээс өмнө ч гэсэн Орос руу дэндүү шударга бусаар дайрцгааж байсан л даа. Амлаж байснаа умартаад НАТО-гийн хил гадагшаа тэлсээр л байна, тийм болохоор хүн ам, Засгийн газрын ерөнхий санаа сэтгэлийг бүрэн ойлгож болно. Сүүлийн 10 жилийн тоглоом шударгаасаа “хэн хүчтэй нь зөвдөнө” гэдэг рүү шилжин өөрчлөгдөж байна. Мексик, Канад, Европын эсрэг эдийн засгийн дайн эхлүүлэхэд нь Трампыг ч, Америкийг ч мөн л шүүмжилж буруутгадаг. Гэхдээ тэд Оростой эсвэл Хятадтай эдийн засгийн дайн эхлүүлэхэд сэтгүүлчид дээрээс нь “бид бүх дэлхий даяар ардчиллыг сайжруулж төгөлдөршүүлэхийг хүсч байна” гээд нэмэрлэчихдэг. Оросын эсрэг энэ бүх хориг Хятад, Канадын эсрэг тавьж байгаа хоригоос нэг их ялгардаггүй. Гагцхүү хажуугаар нь Украины тухай хэл яриа ч юм уу, өөр бусад ямар нэг зүйлээр нэмж хачирладаг юм. Украины нөхцөл байдлыг ойлгоход мэдээж амаргүй. Крымийн хүн амын 97 хувь нь саналаа өгсөн гэхээр яагаад ч юм бэ санаанд нэг л багтдаггүй юм. Барууны улстөрчид арай ухаантайхан байсан сан бол тэд Украины талд зогсох биш, илүү оновчтой шийдэл гаргаж болох л байсан. Крым бол Оросын, Украины ч биш. Харин холбооны бие даасан тусгаар бүгд найрамдах улс байх байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Энэ бол барууны алдаа, Меркель тухайлбал, Украины Засгийн газрыг өөгшүүлэн дэвэргэж байгаа талыг баримтлахын оронд Крымийн хүн амыг ойлгож болох л байсан. Энэ бол Ирак, Иран, Ливи, Сирийн талаарх алдаанаас ч дутахааргүй том алдаа. Гариг маань өчүүхэн жижиг, түүн дээр амьдарч, аж төрж байгаа бүх хүн адилхан шахуу бодож сэтгэдэг, гэхдээ тэд урьдын адил “спортын багуудад” хуваагдчихсан. Хэн хүчтэй нь зөвдөж таарах гээд байна. Би Хятадыг хөл дээрээ илүү сайн босоосой гэж хүлээж байна. Америкийн эдгээр “хөлбөмбөгийн танхайчуудад” хариуг нь өгөх хэрэгтэй. -Оросын боловсрол, шинжлэх ухаанд болж байгаа үйл явцыг та ажигладаг байх? -Сүүлийн гурван жилд Оросын шинжлэх ухаанд зарим талаар өөрчлөлт гарч байгаа би олж харж, анзаарч мэдэрч эхэлсэн. Гэхдээ энэ бол зөвхөн мэдрэмж шүү дээ. 1990-ээд оны дундаас баруунд амьдарсан 25-30 жилийн турш би Оросын залуучуудыг хараад арга барагдсан. Тэд бизнес эрхлэх ч юм уу, өөр аль нэг тийшээ яваад өгсөн. Яагаад ч нэмэргүй болохоор би тэднийг групптээ авах гэж нэг их зүтгээ ч үгүй. Хүмүүс дөнгөж дээд сургууль дүүргээд, эрдмийн зэрэг горилсон бүтээлээ бэлтгээд л яг миний ид залуу үеийнх шиг гал дөлөөр буцалж байгаагүй л дээ. Одоо харин сүүлийн 3-4 жил Москвагаас нүдэндээ галтай, сайн боловсорсон хэдэн хүүхэд над руу ирсэн. ОХУ-аас хүүхдүүд санал болгооч, тэдэнд зориулж бид хийх ажил төрөл олж болно гэж би одоо бүгдэд нь хэлдэг юм. Бүх юм тэс ондоо болж өөрчлөгдсөн, сүүлийн 3-4 жилийн дотор хүмүүсийн төрөлжсөн хэсэг бий болсон байна. Энэ хүмүүсийн хандлага зарим талаар өөрчлөгдөж, шинжлэх ухааныг илүү сонирхдог болж. Зарим нь баруунаас буцаад Орос руу шилжиж нүүдэг болсон. Магадгүй сүүлийн таван жилд шинжлэх ухаанд мөнгөөр хөрөнгө оруулалт хийж, шинжлэх ухаанд ажиллангаа карьерээ өсгөж болох юм байна гэдгийг хүмүүс ойлгож, их сургуулийн санхүүжилт сайжирсан зэргээс болсон байх. Сүүлийн 3-4 жилийн дотор их сургуулиуд эсвэл “Сколково” маягийн төвүүдээс гарцаагүй дэлхийн хэмжээний өндөр төвшний бүтээлүүд гарсныг би хувьдаа мэднэ. Энэ бүхэн боловсрол, шинжлэх ухаанд хийсэн шинэтгэлтэй холбоотой эсэхийг би мэдэхгүй, ер нь аливаа юманд цаг хугацаа хэрэгтэй шүү дээ. Хүндийн төв академик хүрээлэнгүүдээс их сургуулиуд руу шилжиж байгаад би зарим талаар талархаж байна. Судалгаа шинжилгээний баазтай, тэнд нь залуучууд ажилладаг тийм их сургуулиудыг хэлж байна. Миний дүүргэж гарсан академик хүрээлэнгүүдээс огт өөр болсон. Шинэтгэлийн ачаар Орос улсад шинжлэх ухаанд карьерээ өсгөх боломж бүрдүүлснээр залуучуудтай тогтоох холбоо харилцаа сэргэсэн. Бизнес эрхлэх боломжгүй тийм хүмүүс тийшээ явж байна. Бүх хоригийн хажуугаар одоо энэ бүхэн өөрчлөгдөж байгаа нь сайн хэрэг. Би ямар нэг ахиц дэвшил гарч байгааг олж харж байна. -Төрсөн нутагтаа, Сочид очоогүй удсан уу? -Төрсөн нутаг Сочидоо есдүгээр сард болсон бага хуралд оролцсон. Үзсэн харсан бүхэндээ сэтгэл хөдөлсөн. 40 жилийн дараа миний мэдэх зүйл огт байхгүй болсон байна. Бүх юм өөрчлөгдсөн байна, гэхдээ зарим нь сайн тал руу биш. Барилга байшин их барьсан байна. Харин гудамжнууд мурийж тахирласан тэр чигээрээ ганц метр ч өөрчлөгдсөнгүй. Тэр гудамжуудаар бүхнийг эрж олж болно гэсэн үг. Тийшээ цанаар гулгахаар очно гэж бодож байна. Энэ жил амжихгүй, тэгэхдээ яаж ийгээд нэг очно. Намайг амьдарч байх үед Красная Поляна хүртэл автобусаар гурван цаг явдаг байсан бол одоо нисэх онгоцны буудлаас шулуун замаар хагас цаг л явж байна. -Оросын физикчдээс та хэнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх байсан бол? -Зөвлөлтийн үеэс үлдсэн чадалтай олон эрдэмтэн бий. Тэд баруунд амьдарч байгаа бөгөөд Нобелийн шагнал хүртэх бүрэн боломжтой. Гэхдээ тэд үндсэн гол нээлтүүдээ баруунд хийчихсэн. Бүх юм нурж сүйдэж, бүгд тал тал тийшээ тарж бутарч, Оросын шинжлэх ухаан 20 жил шоовдорлогдсон болохоор тэр шүү дээ, одоо нэг юм харин буцаад сэргэж эхэлж, дэлхийн төвшин рүү гарч эхэлж байна. Энэ бүхэн тийм хурдан биш шүү дээ. Надад тохиолдсон шиг 5-6 жилийн дотор Нобелийн шагнал өгнө гэдэг бол маш ховор тохиолдол. Үүнд гол төлөв 20-30 жил зарцуулдаг юм. Тэвчээртэй байх хэрэгтэй, магадгүй, 2015-2035 он хүртэл гээд тооцох хэрэгтэй байх. Шинжлэх ухааны санхүүжилт гайхалтай сайн Хятадаас Нобелийн шагналтан яагаад төрдөггүй юм бэ гэж надаас байн байн асуудаг юм. Нэгдүгээрт, хүлээх хэрэгтэй. Хоёрдугаарт, соёлын хувьд Орос, Хятадын эрдэмтдийн сэтгэл зүй өөр хоорондоо ялгаатай. Хятадуудад нэр алдар, адал явдал чухал. Барууныг бодвол Орос улсад хувь хүн, бүтээлч шинж чанар илүү, ганцхан ажил хийх нөхцөл боломж л хэрэгтэй. За тэгээд Нобелийн бүх шагнал, нээлтүүдийг хэзээ гарч ирэхийг нь хүлээх л хэрэгтэй. Гэхдээ дараа жил эсвэл таван жилийн дараа гэж мөрөөдөх нь утгагүй, бодитой биш. Нобелийн шагнал хүртэхийн тулд зөв цагт, байх газар чинь зөв байх хэрэгтэй. Үйл явдлын буцалж бургилж байгаа шуурган дунд оролцож, аль нэг салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд орчин нөхцөл сайн байх хэрэгтэй. -Оросын эрдэм шинжилгээний аль нэг төвд та ирж ажиллах нөхцөл болзол бий юү? -Байхгүй л болов уу даа, харамсалтай нь би одоо 60 хүрч байна. Дахиад 15 орчим жил би бүрэн дүүрэн идэвхтэй байна байх. Гэхдээ нөгөө талаас нэр алдартай эрдэмтдийг Орос руу буцааж авчрахын тулд энэ бүх мегагрантын амлалт, уриалгыг байнга эсэргүүцдэг хүн. Ийм үзэл бодлоо өөрчлөхийг би хүсмээргүй байна. Яагаад гэвэл 100 хувь  гэж хэлэхгүй ч, нэг хөлөөрөө баруунд, бүр тодорхой хэлбэл хоёр хөлөөрөө баруунд зогсох мөртлөө, нэг хуруугаараа Оросоос баруун руу мөнгө хураадаг хүмүүсийн 90 хувийн тохиолдлыг би мэднэ. Ийм төслүүдэд оролцоно гэдэг ихэнхийнх нь хувьд шударга бус юм. Яагаад гэвэл хэрэв үнэхээр явж байгаа л юм бол Орос орныг жинхэнэ ёсоор өөд нь татахын тулд зүрх сэтгэлээ бүрэн шингээж, хүч чадлаа бүрэн зориулахаар шилжиж нүүх хэрэгтэй. Яаж зүрх сэтгэлээ бүрэн зориулахыг би мэдэхгүй юм. Учир нь  охин, гэр бүл, орчин нөхцөл гээд олон зүйл надтай уялдаа холбоотой. Өөр улс оронд нүүж очно гэдэг ч өөрөө бөөн асуудал. Тэгэхээр ам хэлээрээ дэмий чалчаад, нааш цаашаа ирсэн очсон болно гэдэг хэнд ч хэрэггүй зүйл. Надад биш л дээ гол нь Орос оронд. Нүдэнд нь гал дөл бадарч байгаа, урам зориг нь унтраагүй гайхамшигтай залууст хөрөнгө мөнгийг зориулах хэрэгтэй гэж би байнга л хэлдэг юм. Бас сэргээж болох хүмүүст мөн адил, тэднийг алдчихгүй барьж байхын тулд. Бүх мөнгийг өвгөрч хоцорсон хуучцуулыг татаж оролцуулахад биш харин тэдэнд зориулах хэрэгтэй.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

4 цаг 25 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

6 цаг 4 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

10 цаг 23 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

10 цаг 28 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

10 цаг 37 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

10 цаг 42 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

10 цаг 54 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

10 цаг 56 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

11 цаг 17 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

11 цаг 19 мин