-Өнөөдөр гадаа их хүйтэн байна. Бүжгийн заал ч сэрүүхэн байна шүү? -Гадаа хүйтний эрч чангарч байна. Манай бүжгийн заал засвартай байгаа учир ийм сэрүүхэн байгаа юм. Миний хувьд өнөөдөр УДЭТ-ын “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээнд орох гээд яг одоогоор бэлтгэлтэй байна. -Өнөөдөр 2018 оны арванхоёрдугаар сарын 06-ний өдөр. Таны энэ өдрийн өглөө хэдэн цагаас эхэлсэн бэ? -Миний өглөө бүхэн ээж хүний ажлаас эхэлдэг. Өглөө эртлэн босч, өглөөний цайгаа бэлдсэн. Өнөөдөр 10:00 цагт ажил дээрээ ирж, бэлтгэлээ хийлээ. Театрын ажлаас гадна Үндэсний урлагийн их театрын шинэ бүтээл болох гавьяат жүжигчин А.Даваахүүгийн бүтээлийн бэлтгэлд давхар орлоо. Хоёр бүтээлийн бэлтгэлд орчихоод одоо л жаахан амсхийх зав гараад сууж байна. -Та хувийн бүжгийн студи байгуулсан гэж байсан? -Энэ сарын 3-нд студийнхээ нээлтийг хийлээ. Өөрөө студи нээхсэн гэж их олон жил мөрөөдсөн. Мөрөөдлийнхөө үзүүрээс атгасандаа баяртай байна. Манай студи бүх төрлийн бүжиг заахаас гадна булчин чангалах фитнесийн хичээлүүд орно. -Та өөрөө ганцаарчилсан хичээл заах уу? -Миний хувьд монгол сонгодог бүжгийн хичээлийг заана. Би нээлтээ хийхдээ жаахан айдастай байсан. Хүмүүс ирэх болов уу, хэрхэн хүлээж авах бол гээд л. Гэтэл их олон хүн ирлээ. Надад санаж, бодож явах урмын үг олныг хэлсэн. -Энэ их ажлын төлөвлөгөөг сонсоход ойрд танд бүжиглэхээс өөр зав гарахгүй бололтой? -Бүжиглээд л явж байя /инээв/. Өмнө нь усанд сэлэх ч юмуу, ажил төрөл ярих гээд өөртөө зав гаргадаг байж. Одоо бол бүжиглэхээс өрөөр өөртөө зав гаргаж чадахгүй л байна. -Таны хувьд кино урлагт хүч сорьдог. Хамгийн сүүлд “Шуугиан таригч” кинонд тоглосон бил үү? -Хамгийн сүүлд жүжигчин Амараа ахынхаа фестивальд сойхоор бүтээсэн шинэхэн кинонд тоглолоо. Ирэх гуравдугаар сард нээлтээ хийх юм. Япон, Франц, Америк, Монгол гэсэн дөрвөн орны хамтарсан уран бүтээл. -Найруулагчид танд эерэг дүр оноогоод байх шиг ажиглагддаг. Эсрэг дүрд тоглосон туршлага бий юу? -Ихэнхдээ эерэг дүр санал болгодог. Эргээд бодоход “Миний эхнэр тагнуулч” кинонд л хорчин хүүхний дүр бүтээж байсан юм байна. Түүнээс өөр эсрэг дүр бүтээж амжаагүй байна. Би зохиолоо уншиж үзээд буруу хандлагатай дүр байвал татгалздаг. Харин он гараад хүүхдүүдэд зориулсан шинэхэн бүтээлд тоглох санал ирэхэд нь хүлээж авсан. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сайхан уран бүтээл. -Хэд хоног манай урлагийнхан “Монголын их хатад” бүжгэн жүжгээр амьсгаллаа. Энэ бүтээл таван нас хүрчихлээ гэж бодохоор цаг хугацаа үнэхээр хурдан юм аа? -Нэг л мэдэхэд таван жил өнгөрсөн байна. Анх Сорхагтан Бэхи хатны дүрд бүжиглэх болсноо дуулаад их бэлгэшээж билээ. Дүрээ судалж байхад монгол хатны агуу ухааныг бишрэх сэтгэл төрсөн. Би хүмүүст манай бүжгэн жүжгийг үзсэн хүн есөн ном уншсантай тэнцэхүйц мэдлэгтэй болно гэж хэлэх дуртай. -Сорхогтан Бэхи хатныг түүхэнд эмэгтэй Чингис гэж бичсэн байдаг. Та түүхийг нь судалж байхдаа үүнээс илүү юуг олж мэдэв? -Төрийн их хуралдайг тэргүүлсэн ганц хатан нь Сорхогтан Бэхи юм. Дөрвөн хүүгээ хаан ширээнд суулгаж чадсан агуу ухаантай бүсгүй. Би энэ бүтээлд тоглож байх хугацаандаа өдөр бүр сүү, цайныхаа дээжийг өргөдөг байлаа. “Сорхагтан Бэхи хатан минь эрч хүчээ хайрлаарай” гэж залбирдаг байсан. -Яг тайзан дээр бүжиглэж байхдаа юуг мэдэрсэн бэ? -Тэр өдөр их сонин зүйл болсон. Цонхоор хартал үүлэн дээр бортгон малгайтай хатан ятга тоглож буй дүрс тодорсон. Миний хэсэг яг ятга тоглодог юм. Хараад гайхаж бас бэлгшээж билээ. Тайзан дээр бүжиглэхэд мэдээж үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн. Сая том зааланд тоглоход ч сэтгэл үнэхээр сайхан байлаа. -Та Үндэсний урлагийн их театрт хэддэх жилдээ бүжиглэж байна. Бүтээсэн дүрүүдээ эргээд харахад сэтгэлд хамгийн ойр үлдсэн нь аль вэ? -Би 15 дахь жилдээ бүжиглэж байна. Энэ хугацаанд театрынхаа бүхий л уран бүтээлд оролцсон. Үүнээс “Нүүдэл” бүжгэн жүжгийн цагаан буганы дүр санаанд орж байна. Энэ бүтээл хүй нэгдлээс эхлээд бүхий л цаг үеийг илэрхийлдэг юм. Харин цагаан буга тухайн цаг үеийн бэлгэдэг. Эмэгтэй бүжигчдийн хувьд ур чадвар шаардсан бүжиг. Бүжиглэхэд яг л буга болчихоод дүүлэн нисч байгаа мэт сайхан мэдрэмж төрдөг. -Танд бүтээхсэн гэж боддог мөрөөдлийн дүр бий юу? -Одоогоор бодож явсан бүх уран бүтээлдээ оролцсон байна. Үндэсний урлагийн их театрын 2019 оны төлөвлөгөөнд олон шинэ уран бүтээл багтсан. Бид мюзикль тавихаар ярилцаж байгаа. Тэр бүтээлд л өөрийгөө сорихсон гэсэн хүсэл бий. Өөрөө дуулаад, бүжиглэнэ гэдэг сайхан хэрнээ уран бүтээлчээс илүү ур чадвар шаардана. -Таныг олон хүн гаднаасаа, дотроосоо ч гэрэлтсэн сайхан бүсгүй гэж үнэлдэг. Энэ хоёр гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ? -Бүсгүй хүн зөв бодолтой, өр нинжин сэтгэлтэй, ухаалаг байхад дотроосоо тодоос тод гэрэлтдэг гэж би боддог. Тэгэхээр царай муутай эмэгтэй байхгүй. Манай бүсгүйчүүд турахын тулд эрүүл мэндээрээ хохирч байгааг хараад харамсах сэтгэл төрөх юм. Хүн хөдөлгөөнтэй, зөв хооллож байж эрүүлээр турна. Түүнээс хоолоо сойгоод, хэтэрхий биедээ ачаалал өгснөөр турдаггүй. -Бүсгүй хүний мөн чанар, үнэ цэнийг та юу гэж боддог вэ? -Биеэсээ хүн төрүүлдэг болохоор бүсгүй хүнийг би дээд заяатай гэж боддог. Эмэгтэй та бурхны бүтээл юм. Харин энэ хувь заяагаа гаднаасаа, дотроосоо ч дээдэлж явах ёстой. -Та таван охинтой айлын дунд охин. Ээж тань охидууддаа юу гэж захидаг байсан бэ? -Миний ээж охиддоо бүх гоо үзэсгэлэнгээ харамгүй өгсөн гэж боддог. Манай гэрт өөрийгөө голох хүн байхгүй. Бүгд л аав, ээжийнхээ сайн сайхныг өвлөсөн. Ээж минь бидэнд зөв бодолтой яваарай гэж захидаг байсан. Ээж, аавынхаа захиасын хүчинд бид өдий зэрэгтэй яваа. -Та харин ээж болчихоод охиндоо юу гэж захиж байна? -Охин минь байнга л “Ээжээ та миний шүтээн шүү” гэж хэлдэг. Би чинь охиныхоо амьд бурхан нь шүү дээ. Үрээ харах бүрт хэмжээлэшгүй их хайр мэдрэгддэг. Би ч ялгаагүй охиндоо зөв бодолтой явж, зөв хүн болоорой, хүнд худлаа ярьж болохгүй, аливаад тууштай байж сур гэж захидаг. -Удахгүй шинэ жил болох нь . Хүүхэд насны шинэ жилээ дурсаач? -Хүүхэд насны шинэ жил хамгийн сайхан. Алим мандарины үнэр хамар цоргиод л. Тийм амттай амттанг шинэ жилийн өдөр л иддэг байлаа. Өглөөнөөс орой хүртэл гэр бүлийнхэнтэйгээ шуугилдаад л. Он гаргасны дараа халуун ам бүлээрээ суугаад баярын нэвтрүүлгээ үздэг байсан. Тэр үеийг эргээд дурсахад сайхан байна. Энэ жилийн 31-нд яг л хүүхэд насандаа очсон мэт тэр мэдрэмжийг дахин мэдрэхийг хүсч байна. -Та өвлийн өвгөнд итгэдэг байв уу? -Итгэлгүй яахав. Өвлийн өвгөнөөс бэлэг авах сайхан шүү дээ. Би одоо шинэ жилээр цасан охин болоод найз нөхөд, хамаатнуудаараа бэлэг тараадаг. Хүүхэд баярлуулна гэдэг хамгийн гэгээн, буянтай ажил. Хүн баярлуулахаар сэтгэл цэлмээд нэг л сайхан санагддаг. -Та хүүхэд насны шинэ жилийн баяр хамгийн гоё гэлээ. Охиндоо энэ өдрийг хэрхэн бэлэглэхийг хүсч байна? -Миний охин ч ялгаагүй шинэ жилийн баярт дуртай. Жил бүр хамт байж, сайхан дурсамж бүтээхийг хүсдэг. Энэ жил ч ялгаагүй охиндоо зориулсан гэнэтийн бэлэг олон бий. -Та хоёр гацуураа засч амжсан уу? -Гэрийнхээ гацуурыг хараахан засч амжаагүй байна. Харин студидээ томоос том үзэсгэлэнт гацуур сүндэрлүүлсэн. -Магадгүй өвлийн өвгөн таниас нэг хүслийг тань асуувал та юу хүсэх вэ? -Хүн бүхэн эрүүл саруул байгаасай л гэж хүснэ. Бид эрүүл байж л зорьсондоо хүрнэ шүү дээ. Тиймээс өвлийн өвгөн минь хүн төрөлхтнийг эрүүл байлгаж өгөөрэй. Эх сурвалж: polit.mn“Polit”-ийн нэг өдөр булангийн энэ удаагийн зочноор Үндэсний урлагийн их театрын бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан М.Бямбааг урилаа. Тэрээр бэлтгэлтэй байхад нь бид очсон юм.
“Polit”-ийн нэг өдөр: М.Бямбаа: Бүсгүй хүн зөв бодолтой байхад дотроосоо тодоос тод гэрэлтдэг
2018-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин