Б.ТУУЛ
Улсын гуравдугаар төв эмнэлэг бол улсын хэмжээний зүрх, мэдрэлийн чиглэлийн үндэсний хэмжээний лавлагаа төв эмнэлэг. Тэр утгаараа өвөл, зуны алинд ч үргэлж хөл ихтэй угтдаг. Мөн лавлагаа эмнэлгийнхээ чиг үүргийн дагуу 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны чиглэлийн үндэсний сүлжээгээр 24 цаг холбоотой ажилладаг. Орон нутгийн болон дүүргийн зүрх судасны чиглэлийн эмч нартай онлайнаар холбогдож ажиллахаас гадна зүрх судасны чиглэлээр ард иргэдийн дунд мэдээлэл сурталчилгааны ажлыг идэвхтэй өрнүүлдэг юм.
Өнгөрсөн пүрэв гаригт тус эмнэлгийн Зөвлөх полклиникээс “Үйлчлүүлэгч таны төлөө” эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан юм. Тус өдөрлөгийг зорин очиход, өмнөхөөсөө ч илүү үйлчлүүлэгч олонтой угтсав. Өдөрлөгийнхөө үеэр байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, үйлчлүүлэгчдэд тулгамдаж байгаа эрүүл мэндийн асуудлыг ээлтэйгээр шийдвэрлэх, иргэдийн санал, хүсэлтийг сонсох, цусны даралт хэмжих зэрэг олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байв.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зөвлөх полклиникийн эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Г.Бадамцэцэгээс өдөрлөгийн тухай тодруулахад “Зүрх судасны өвчин нь Монголд төдийгүй дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байна. Манай улсын хүн амын нас баралтын гурван хүний нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байгаа маш харамсалтай тоон мэдээлэл бий. Дан ганцхан манай эмнэлэг гэлтгүй бусад эмнэлгүүдэд ч гэсэн зүрх судасны тасгууд ачаалал ихтэй ажиллаж байна. Тиймээс энэхүү өдөрлөгөөр иргэдэд өгч буй гол мессеж нь хүн бүр цусны даралтаа хэмжиж сурах, даралт ихсэх шалтгаануудыг мэддэг байх, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийг өгч байна. Даралт ямар байвал хэвийн гэж үзэх вэ. Мөн ямар тохиолдолд эрсдэлтэй гэж үзэх вэ гэсэн зөвлөгөө мэдээллүүдийг өгч байна” гэсэн юм.
ӨНДӨР НАСТАЙ ГЭЛТГҮЙ, ХҮН БҮР ДАРАЛТАА ҮЗДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гарч, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбогдуулан оношлогоо, үйлчилгээнд олон шинэ технологи нэвтэрч, монгол хүний уураг тархины судасны эмгэгүүд ихээр оношлогдож байгаа аж. Үүн дотроос хамгийн их тохиолддог өвчнүүд бол цус харваж хүндэрдэг тархины судасны цүлхэн (аневризм), судасны эмгэг сүлжээрэл (мальформаци), судасны бөглөрөл (тромбоз) гээд анагаахын нэр томьёо бүхий өвчнүүд маш ихээр оношлогдож байгаа гэнэ. Энэ төрлийн өвчлөл маш их залуужиж байна гэдгийг эмч нар хэлж байв. Ялангуяа, “Зүрх судасны өвчлөл, тархинд цус харвах өвчин залуужиж байгаа нь иргэдийн хоол хүнсний хэрэглээтэй маш их холбоотой. Сүүлийн үед залуус маань удаан хадгалагддаг, өөх тос ихтэй, шарсан хуурсан хоол хүнсийг маш ихээр хэрэглэх болсон. Ийм бүтээгдэхүүнүүд судас, судасны ханыг хатууруулдаг. Мөн цусыг өтгөрүүлж, цусан доторх хаягдал муу зүйлийг ихээр бий болгоно. Ингээд бохирдолтой, хэт өтгөн болсон цус тэсэхээ болиод харвалт үүсгэх шалтгаан болдог гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Даралт ихэсдэг хүн болгон заавал аппараттай байх ёстой. Заавал өндөр настай гэлтгүй, хүн бүр даралтаа үзэж өөртөө дүгнэлт хийж байх ёстой. Өөрөө өөрийнхөө даралтыг хэд байдаг, хэрхэн хэлбэлзэж буйг мэдэж байх шаардлагатай. Мөн иргэд маань зөв амьдрах зөв хэвшлийг дадал болгох хэрэгтэй байна. Чихэр, ундаа, өөх тос, архи дарс, тамхины хэрэглээ ихтэй хүмүүс хамгийн түрүүнд л харвалтад өртдөг. Үүнээс гадна хоолойны ангин бөөр, зүрхний өвчнөө бүрэн оношлуулж, эмчлүүлээгүй бол архагшаад харвалтад хүргэнэ. Тиймээс эрт урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг өдөрлөгт оролцож буй эмч нар хэлж байв.
ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА БОЛЖЭЭ
Сүүлийн үед манай улсад оношлогдох боломжгүй олон төрлийн өвчин гарах болсон. Тиймээс Улсын гуравдугаар төв эмнэлэг эдийн засаг хүнд, хямралтай байгаа энэ цаг үед мон гол хүн эрүүл мэндийн шалтгаанаар гадны улс оронд эмчлүүлэхээс илүү эх орондоо өртөг багатай зардлаар эмчлүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаа аж. Энэ ажлын хүрээнд тус эмнэлэгт оношлогоо эмчилгээний 14 төрлийн шинэ технологийг нэвтрүүлжээ. Үүний 80-90 гаруй хувь нь зүрх, мэдрэлийн чиглэлээр ажиллаж байгаа аж.
Эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлсэн эмчилгээ, оношилгооны арга, технологиудыг сонирхвол, зүрхний агшилт дэмжигч төхөөрөмж, зүрхний хэм алдагдлын катетр аблаци эмчилгээнд 3D зураглал ашиглах технологи, хэвлийн дурангийн хэт таргалалтын эсрэг хийх мэс заслууд, хэт хөлдөлтийг цээжний дурангийн мэс заслаар эмчлэх технологи, “Титэм судасны нарийслын даралтын зөрүү хэмжилт-Fractional flow reserve”, “Өнчин тархины хавдрыг дурангаар, хамрын хөндийгөөр авах арга”, “Нүдний мэс заслын төрөлхийн зовхины эмгэгийн мэс засал, гэмтлийн шалтгаант нулимсны замын эмгэгийн үед хийгдэх, дакриоцисториностоми+Телекантопластик мэс засал, ухархайн хавдрын мэс засал, төрөлхийн птоз, блефарофимоз синдромын мэс засал”, “Гол судасны цүлхэний эмчилгээ”, “Минималь инвазив мэс заслын аргаар агшиж буй зүрхэнд болон нээлттэй зүрхэнд зүрхний төрөлхийн гажгийг төгс засах нь”, “Минималь инвазив мэс заслын аргаар зүрхний хоёр хавтаст хавхлага суулгах нь”, “ Агшиж буй зүрхэнд Y-graft ашиглан титэм судасны мэс засал хийх арга” зэрэг эмчилгээ, оношилгооны олон шинэ аргуудыг нэвтрүүлжээ. Энэ үзүүлэлтээрээ Улсын гуравдугаар төв эмнэлэг 2017 онд “Шинэ технологи нэвтрүүлэгч эрүүл мэндийн шилдэг байгууллага”-аар тодорсон байна. Мөн 2018 онд “Эрүүл мэндийн технологи, эм эмнэлгийн тоног төхөөрөмж-2018” үзэсгэлэнд дээрх 14 төрлийн шинэ технологиор оролцож, “Тархины судасны хүнд хэлбэрийн цүлхэнг урсгал өрчлөгч стент буюу имплант суулгац тавьж эмчлэх мэс заслын технологиор 2018 оны эмчилгээний шилдэг технологи нэвтрүүлсэн шилдэг байгууллагаар шалгарчээ. Энэ технологийн эмчилгээний арга барилыг мэдрэлийн тасгийн эмч нараас мөн асууж тодруулсан юм.
“Тархины артерийн судасны хана нимгэрч сунан цүлхэн үүсч улмаар язарч хагаран тархинд хүчтэй цус алдалт явагдаж хүнийг үхэлд хүргэдэг судасны аюултай эмгэг бөгөөд зөвхөн мэс заслын аргаар эмчлэгддэг. Хөдөлмөрийн идэвхтэй насны залуу хүмүүст ихэвчлэн тохиолддог. Тархины цүлхэнгийн хүнд эмгэгүүд болох аварга, ампул хэлбэрийн, олон тооны, хууларсан зэрэг цүлхэнгүүдийн мэс засал эмчилгээний асуудал маш их бэрхшээлтэй, хүндрэл гарах эрсдэл өндөр байдаг. Дээрх тохиолдолуудад шинэ төрлийн урсгал өөрчлөгч стент ашиглаж судсан дотроос нь мэс засал хийснээр гарч болох олон хүндрэлээс сэргийлж дээрх судасны эмгэгүүдийг бүрэн эмчилдэг болоод байна” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Оношлогоо, эмчилгээний 14 төрлийн шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ
2018-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин